sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 1 /Kazinform/. АНУ, Канад, Мексик улсуудад зургаа, долоодугаар сард болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Иран улсыг оролцуулахыг "эсэргүүцэхгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


"Хэрэв Жанни (Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) тэргүүн Жанни Инфантино) тэгж хэлсэн бол би эсэргүүцэхгүй" гэж Трамп пүрэв гарагт Зууван танхимд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 


"Тэд тоглож л байг. Жанни бол гайхалтай хүн, тэр миний найз. Тэр энэ талаар ярихад нь би "Өөрийнхөөрөө шийд" гэж хэлсэн" хэмээн Америкийн удирдагч үргэлжлүүлэн хэлжээ. Үүнээс өмнө Ж.Инфантино Ванкуверт болсон ФИФА-гийн Конгресст үг хэлэхдээ Ираны шигшээ баг анх төлөвлөсний дагуу ДАШТ-ий тоглолтуудаа АНУ-д хийнэ гэдгийг онцлон мэдэгдсэнээр эхлүүлсэн байна. "Юуны өмнө Иран улс 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцоно гэдгийг батлан хэлмээр байна. Мэдээж Ираны баг Америкийн Нэгдсэн Улсад тоглох болно" гэж ФИФА-гийн тэргүүн мэдэгджээ.


Ираны хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчдөд Канад руу нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзсаны улмаас тэд 211 гишүүн орны төлөөлөл оролцсон тус Конгресст ирж чадаагүй байна.


Өмнө нь Д.Трамп аюулгүй байдлын үүднээс Ираны багийг оролцуулах нь "тохиромжгүй" хэмээн мэдэгдэж байсан юм. Хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. Хэсгийн шатанд Ираны шигшээ баг Лос-Анжелес хотод хоёр тоглолт, Сиэтл хотод нэг тоглолт хийх юм. Иран улс Шинэ Зеланд (зургаадугаар сарын 15), Бельги (зургаадугаар 21), Египет (зургаадугаар сарын 26) улсуудын багуудтай нэг хэсэгт багтжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг