sonin.mn

Сүүлийн хоёр хоногийн турш 2026 оны Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн болж, дэлхийн автомашины салбарын анхаарлыг татлаа. 


Энэхүү үзэсгэлэн нь онцлох үйл явдлууд болон үзвэрүүдээр дүүрэн байлаа. Үзэсгэлэнгийн нийт талбай нь 380 мянган квадрат метр бөгөөд цар хүрээгээр дэлхийн хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Үзэсгэлэнд тавигдсан 1400 гаруй автомашины дунд 181 автомашиныг дэлхийн хэмжээнд анх танилцуулж, 71 концепт автомашин тавигдасан нь олон улсын болон мэргэжлийн стандартын хувьд дахин шинэ дээд түвшинд хүрчээ. 


Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн нь Хятад улсын автомашины дэлхийн зах зээлд гарч буй шинэ төлөв байдлыг ажиглах чухал цонх юм. 2023 оноос эхлэн Хятадын автомашины экспортын хэмжээ гурван жил дараалан дэлхийд тэргүүлж, зөвхөн энэ оны эхний улирал гэхэд 2 сая 226 мянган автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 56.7%-иар өссөн үзүүлэлт юм. Бэлэн болсон автомашиныг бөөнөөр экспортлохоос гадна Хятадын автомашины үйлдвэрлэл технологийг гадагш гаргах, тухайн нутагт нь зохицуулах гээд Хятад улсын автомашины салбарын олон улс дахь хөгжил нь үйлдвэрлэлийн бүрэн гинжин хэлхээ, системчилсэн оролцоогоор тодорхойлогддог цоо шинэ үе шатанд оржээ.