sonin.mn

Өөртөө хэрэг болох зүйлсийг хүмүүс цуглуулах, ашиглах чадвар эрт дээр үеэс л улам бүр өргөжсөөр байжээ. Аажимдаа амьтдыг ч өөртөө туслуулахаар сургах, гэршүүлэх болжээ.


Чоныг гэршүүлж нохой, мануулыг гэршүүлж муур, аргаль, янгирыг гэршүүлж хонь, ямаатай болов. Одоо энэчлэн бүр микро амьтад, өөрийнхөө эд, эсийг (дархлааны эсийг) сургаж хорт хавдрын эсрэг ашигламаар байна.


Хорт хавдрын эсийг таньдаг, шууд устгадаг “сургалтанд” уг өвчтөний дархлааны эсийг сургаад өөрт нь, мөн цусны бүлэг нь таарах, тохирох бусад өвчтөнд ч ашиглаж болох юм. Суралцаж чадварлаг болсон дархлааны эсүүдийг цусны шингэнд хийж хадгалах, тээвэрлэх ч боломжтой. Өвчин үүсгэгч бактери, вирус, хорт хавдрын эсийг танигч, устгагч эсүүдийг олшруулж, их хэмжээгээр өвчтөнд тарьж богино хугацаанд өндөр үр дүнд хүрч болно шүү дээ. Бактери, вирус, хорт хавдрын эсийг таних, тэр дор нь залгих, устгах чадвартай цусны цогцсуудыг буй болгох туршилтуудыг өргөнөөр хийх юмсан! Гудамж, талбайгаас хог зайлуулдаг шиг л хүний биенээс, цуснаас хортой бүхнийг, өвчин үүсгэгч бүхнийг зайлуулах боломжийг олох нь хүнд, хэцүү ажил биш шүү дээ.


Вакцины тусламжтайгаар буй болгодог чадавхыг бодож олж чадсан юм чинь хорт хавдрын эсийг таньж, устгадаг өндөр үр дүнтэй чадавхыг дархлааны эсүүдэд (базофил, нейтрофил, моноцит, эозинофил, лимфоцит) олгох нь бүр ч хялбар баймаар санагддаг юм.


Дүрсэлж хэлэх аваас муураар оготно, хар галуугаар загас бариулдаг шиг л анчин эсүүдтэй болно гэсэн үг. Цусны бүлэг нэг бүрээс анчин эсүүдтэй болж чадвал хорт хавдрын эсийг богинохон хугацаанд устгаад, дахин үүсэх бүрд нь л зүйл дуусгаад байх боломжтой. Ингэх аваас хорт хавдар үхлийн шалтгаан болох нь бүрэн үгүйсгэгдэнэ. Их ч хөрөнгө, мөнгө хэмнэгдэнэ. Хүний цусны өөрийн нь эсүүдэд л өмнө дурдсан чадавхыг олгох нь хамгийн зөв арга. Энд мэдээжээр микро робот ажиллуулах боломж бараг л үгүй талдаа. Нохойг ан бариулж сургадаг шиг л дархлааны эсүүдээ тусгайлан сургаж болно. Байгаль ээж урт хувьслын замдаа бидэнд дархлааны эсүүдийг үүсгэж, сургаж, бэлтгээд өгсөн юм чинь бид өөрсдөө энэ талын ажлыг нь чадах хэрээрээ үргэлжлүүлж, бүр боловсронгуй болгож чадах л ёстой. Энэ бол үл биелэх зорилт ер биш. Даан ч хүн төрөлхтөн өөрийн дайснуудтайгаа тэмцэхийн оронд өөр хоорондоо дайсагналцаж, бүр халуун цөмийн зэвсэг ч бэлдэх боллоо.


Бүгдийн нь дайсан – хорт хавдар хүмүүсийг басамжилж, албан тушаал, эд хөрөнгө, шашин шүтлэг харгалзахгүйгээр сая саяар нь хөнөөсөөр л байна шүү дээ. Энэ бол жинхэнэ дайсан мөн.


Өнөөдөр гэхэд дэлхийн хэмжээнд хамгийн олон хүний амь хохироож буй хүчин зүйл бол олон төрлийн хорт хавдар. Хамгийн том үхэл таригч гэсэн үг. Ракийн эсүүдийг авлагч, залгигч анчин эсүүдийг яаралтай буй болгох хэрэгтэй. Хүний биеэс хэрэггүй, хортой эсүүдийг зайлуулах арга, хэрэгслийг олох оюун ухааны чадавх байгалийн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухааны зааг дээрээс олдох л ёстой. Хорвоод эсрэг биет үгүй, дайсан үгүй зүйл нэг ч байхгүй. Амьтны эсийн түвшинд, микро биетүүдийн түвшинд ч эсрэгцэл, дайсагнал мөн л байдаг. Ингэхлээр ракийн эсийг устгадаг, түүнээр хооллодог эсийг хүний судсанд оруулж өвчтөнг эмчилж болно. Ийм эс, ийм микро биетийг буй болгох нь л чухал. “Хорыг хороор” гэдэг анагаах ухааны лоозон ч нэгийг хэлээд байгаа юм. Ракаар ер өвчилдөггүй амьтан байх аваас түүний нууцыг бас мэдэх хэрэгтэй. Ракийн эсүүд үүсч эхэлдэг нөхцөлийг тодруулах, арилгах хэрэгтэй. Өвчнийг өөр өвчнөөр ч эмчилж болох талтай. Арга, гарц олдох л учиртай.




Судлаач, профессор Д.Чулуунжав