sonin.mn

БРЮССЕЛЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /BТА/. Европын Холбооны төсвөөс олгох санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Болгар улсын хүсэлтийн талаар Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэл өгчээ. Тэрбээр хэлэхдээ, тус улс "Сэргээн босголт, тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө"-ний зорилтуудыг хэрэгжүүлэхэд “бодит алхмууд” хийсэн гэдгийг онцолсон байна. 


Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Болгарын Засгийн газар Төрийн албан тушаалтнуудын авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг баталсан юм. Энэхүү алхам нь тус улсын Сэргээн босголтын төлөвлөгөөний хүрээнд санхүүжилт олгох үйл явцыг түдгэлзүүлээд байсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл болно гэж тэрбээр мэдэгджээ.


Болгар улс Европын Холбоотой зөвшилцсөний үндсэн дээр Сэргээн босголтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах хүсэлтийг дөрөвдүгээр сарын эхээр гаргасан байна. Уг нэмэлт өөрчлөлтөд хоёр зорилтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах тухай тусгажээ. Тодруулбал, улс төрөөс хараат бус Авлигатай тэмцэх байгууллага байгуулах, тус байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэх гэсэн хоёр зорилт бөгөөд авлигатай тэмцэх байгууллагыг байнгын ажиллагаанд шилжүүлэх хугацааг санхүүжилтийн гурав дахь хүсэлтээс тав дахь хүсэлт рүү шилжүүлэн хойшлуулахаар төлөвлөсөн байна. Европын Комисс тус улсын тавьсан хүсэлтийг хянан үзэж, Европын Зөвлөлд холбогдох шийдвэрийн төслийг өргөн барихаар ажиллаж байгааг тэрбээр дурджээ. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг