Туарег омгийн босогчид “Аль-Каида” бүлэглэлтэй холбоо бүхий жихадистуудын хамтаар Мали улсын зүүн хойд нутаг дахь гол хот болох Кидалийг эзлэн авсан тухай AFP агентлаг мэдээллээ.
Хотын оршин суугчдын ярьснаар, Малигийн арми болон түүнийг дэмжигч Оросын цэргийн “Африкийн корпус” тус хотоос гарч явсан байна. Тус корпусын Телеграм суваг дахь хуудсанд бичсэнээр “эхний ээлжинд шархадсан цэргүүд ба хүнд техникийг хотоос гаргалаа. Мали дахь нөхцөл байдал хүнд хэвээр байна”.
Хэдэн хоногийн өмнө Малигийн Батлан хамгаалахын сайд Садио Камара босогчдын дайралтад өртөн амиа алджээ. 25-ны өдөр эхэлсэн арми ба босогчдын хоорондын зэвсэгт мөргөлдөөн Гао, Севарэ, Кидаль хотуудад үргэлжилсээр байна. Телеграм сувгаар мэдээлснээр, босогчид “Африкийн корпус”-ын нисдэг тэргийг харваж унагажээ. Жихадистууд болон туарег омгийнхны “Азавадыг чөлөөлөх фронт” бүлэглэлийн дайралтыг НҮБ болон Европын Холбоо буруушаасан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Мали дахь хүчирхийллийг буруушаагаад “Сахель дахь хэт даврах үзэл, терроризмыг сөрөн зогсохын тулд уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа явуулах”-ыг улс орнуудад уриаллаа.
Мали улсад 2021 онд цэргийн эргэлт гарсны дараа тус улсыг түр ерөнхийлөгч Ассими Гоита тэргүүтэй цэргийн хунт удирдаж байгаа юм. Хунтынхан Оросын цэргийн “Вагнер” бүлэгтэй нягт холбоо тогтоосон бөгөөд вагнерчууд 2025 оны 6 дугаар сард Малигаас гарч явжээ. Тэдний оронд ОХУ-ын БХЯ-ны “Африкийн корпус” тус улсад ирж, Малигийн армид дэмжлэг үзүүлж байгаа юм.
Б.Адъяахүү
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл0