ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /Kazinform/. Ливан, Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгасан тухай Дональд Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ.
Уг шийдвэрийг Цагаан ордны Зууван танхимд хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа гаргасан байна "Ливан улсыг "Хезболла"-гаас хамгаалахад нь туслахын тулд АНУ тус улстай хамтран ажиллах болно" гэж Цагаан ордны тэргүүн бичжээ.
Тэрбээр мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун нар ойрын үед Вашингтонд айлчлах төлөвтэй байгааг онцолсон байна. Өмнө нь Д.Трамп Израил, Ливаны хооронд 10 хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсоныг зарласан билээ. Үүнээс өмнө хоёр улсын төлөөлөгчид сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаа Цагаан ордонд шууд хэлэлцээ хийсэн юм. Израилын арми гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Иранд цохилт өгөхөө зогсоосон гэж мэдэгдсэн хэдий ч Ливанд ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.
Израилын талын өгсөн хүчтэй цохилтын үеэр Бейрут болон бусад хотод 250 гаруй хүний амиа алдсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 9-нд Ливанд үндэсний гашуудал зарласан байна.
Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын Вашингтонд хийх айлчлал талууд энхийн гэрээ байгуулахад чухал алхам болно гэж ажиглагчид үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 24,
2026
Сэтгэгдэл0