sonin.mn

ЛЮКСЕМБУРГ, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /BTA/. Болгарын Гадаад хэргийн сайд Надежда Нейнски мягмар гарагт Люксембург хотноо болсон Европын Холбооны (ЕХ) Гадаад хэргийн зөвлөлийн хуралд оролцсон тухай тус улсын ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ.


Тус хурлаар ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины дайн, Ойрх Дорнод, Өмнөд Кавказ болон Суданы нөхцөл байдал зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.


Украины асуудлыг хэлэлцэх үеэр ЕХ болон түүний холбоотнуудын эв нэгдэл, тууштай дэмжлэг чухал болохыг Н.Нейнски онцолжээ. Н.Нейнски хэлэхдээ, Иран болон Украины дайн хоорондоо холбоотой бөгөөд Европ, Ойрх Дорнодыг дамнасан тогтворгүй байдлыг үүсгэж байна. Эдгээр зэрэгцээ мөргөлдөөн нь нөөц бололцоог шавхахын зэрэгцээ олон улсын дэг журмын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх эрсдэлтэй гэж тэрбээр дурдаад иймд ЕХ болон НАТО-гийн хүрээнд нэгдмэл байр сууриа хадгалах нь чухал бөгөөд учир нь аливаа хагарал хуваагдал бидний хамтын хариу арга хэмжээг сулруулна” хэмээн онцолжээ. Сайд нар мөн Өмнөд Кавказын бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ. Болгар улс Армени, Азербайжаны хоорондын энхийн үйл явцыг дэмжиж байгаагаа дахин нотолж, олон жил үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд гарсан ахиц дэвшил нь бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг