sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талтай гал зогсоох хугацааг сунгаж буйгаа мягмар гарагт мэдэгджээ. Гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусахаас хэдхэн цагийн өмнө уг шийдвэрийг гаргаснаар хоёр улс олон мянган хүний аминд хүрч, дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгоод байсан дайныг зогсоох энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой болж байна. Цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн сүрдүүлж байсан Д.Трамп Пакистан улсын хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэлдээ дурджээ.


Долоон долоо хоног үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистан улс Ираны удирдлагууд, төлөөлөгчдийг нэгдсэн санал боловсруулах хүртэл цэргийн довтолгоогоо зогсоохыг АНУ-аас хүссэн байна.



Д.Трампын энэхүү мэдэгдэл нэг талын шийдвэр бөгөөд хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийг Иран болон АНУ-ын холбоотон Израил улс үргэлжлүүлэхийг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ираны дээд удирдлагууд одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байгаа бол тус улсын "Тасним" агентлаг мэдээлэхдээ, Ираны тал гал зогсоох хугацааг сунгах хүсэлт тавиагүй, АНУ-ын тогтоосон бүслэлтийг хүч хэрэглэн сэтлэх болно гэж дахин анхааруулжээ.


Д.Трамп хэлэхдээ, Ираны тал саналаа ирүүлж, хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх хүртэл гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр үргэлжилнэ гэсэн байна. 


Харин Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ Д.Трампт талархал илэрхийлжээ. "Дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх боломж олгож, гал зогсоох хугацааг сунгах бидний хүсэлтийг найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлье" гэж тэрбээр бичсэн байна. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг