sonin.mn

МЕХИКО, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /Kazinform/. Мехико хотоос холгүй орших жуулчдын очих дуртай түүхэн дурсгалт газар болох Теотиуаканы пирамидуудын орчимд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас Канадын нэг иргэн амиа алдаж, 13 хүн шархадсан тухай "Al Jazeera" суваг мэдээлжээ.


Уг хэрэг Сарны пирамидын орой дээр олон арван жуулчин байх үед гарсан байна. Хохирогчдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний дунд Колумб, Орос, Канад, Бразил, АНУ-ын жуулчид байгаа юм.


"Шархадсан хүмүүст улсын Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудыг байлцуулан эмнэлгийн тусламж үзүүлж байна" гэж Мехико мужийн захирагч Дельфина Гомес Альварес X нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, гал нээсэн этгээд хэргийн дараа амиа хорлосон байна. Прокурорууд түүнийг Мексикийн иргэн Хулио Сезар Жассо Рамирез гэгч болохыг тогтоожээ. Халдлага үйлдсэн сэдэл нь одоогоор тодорхойгүй байна.


Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдэхдээ, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Канадын Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж байна гэжээ. 


Өмнө нь тус археологийн объектын ажилтнууд жуулчдыг шалгадаг байсан боловч сүүлийн жилүүдэд энэхүү хяналтыг зогсоосон байна. Мексикт аюулгүй байдлын асуудал өнгөрсөн хоёрдугаар сард "Халиско шинэ үе" хар тамхины бүлэглэлийн удирдагч амиа алдсаны дараа үүссэн үймээн самуунаас үүдэн ноцтой хэмжээнд хүрсэн юм. Энэ хэрэг Мексик, АНУ, Канад улсууд хамтран зохион байгуулах хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хоёр хүрэхгүй сарын өмнө гарлаа.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг