ШИНЭ ДЕЛИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /Reuters/. Энэтхэг, БНСУ-ын эрх баригчид 2030 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 50 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд эрчим хүч, чухал ашигт малтмал, хөлөг онгоц үйлдвэрлэл, хагас дамжуулагч болон гангийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн хоёр улсын хооронд 2010 онд байгуулсан худалдааны хэлэлцээрт шинэ ахиц дэвшил гаргах үүднээс хэлэлцээг сэргээж, эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Энэтхэг улс худалдааны тэнцвэрт байдлыг хангахыг эрмэлзэж байгаа бол БНСУ дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй тус улсын зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Энэтхэг улсад гурван өдрийн төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь төрийн тэргүүний түвшинд сүүлийн найман жилийн хугацаан дахь анхны айлчлал болж байна.
“Бид хамтдаа хөгжиж дэвжих шинэ хөдөлгүүрийг бий болгохын тулд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны бүтцийг шинэчлэхээр шийдвэрлэлээ” гэж Ли Жэ Мён Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. Хариуд нь Н.Моди хэлэхдээ, энэхүү айлчлал нь туйлын ач холбогдолтой болохыг тэмдэглээд, одоогийн байдлаар 27 тэрбум ам.доллартай тэнцэж буй хоёр талын худалдааны эргэлтийг 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларт хүргэх чухал шийдвэрүүдийг гаргаснаа дурдав. “Өнөөдөр бид ирэх арван жилийн амжилтын эх суурийг тавьж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 21,
2026
Сэтгэгдэл0