sonin.mn

МЕЛЬБУРН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /NHK/. Япон, Австралийн Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалахын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ нотоллоо. Талууд Австралийн зэвсэглэлд нийлүүлэх шинэ харуулын хөлөг онгоцуудыг хамтран бүтээх гэрээнд гарын үсэг зурсан байна.

Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми, Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлз нар бямба гарагт Мельбурн хотноо нэг цаг орчим уулзжээ.




Австрали улсад зориулан харуулын хөлөг онгоцуудыг хамтран бүтээх гэрээ байгуулсныг Коизүми сайшаажээ. Эдгээр хөлөг онгоцыг Японы Өөрийгөө хамгаалах хүчний шинэчлэн сайжруулсан "Могами" ангиллын хөлөг онгоцонд суурилан бүтээх ажээ.




Уулзалтын үеэр сайд нар саяхан танилцуулсан Австралийн үндэсний батлан хамгаалах салбарын стратеги, бүс нутгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар санал солилцсон байна.

Хэлэлцээний дараа Коизүми, Марлз нар Австралийн усан онгоц үйлдвэрлэх хүчин чадлыг хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түвшинд хийх хоёр улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.




Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Коизүми хэлэхдээ, Австрали улс Японы баазад тулгуурлан хөлөг онгоц бүтээж байгаа нь батлан хамгаалахын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшнийг ахиулахад маш чухал алхам боллоо хэмээн мэдэгдсэн байна. 




Тэрээр мөн мэдэгдэхдээ, Япон улс тогтоон барих хүчээ бэхжүүлж, Австрали, АНУ болон ижил үзэл баримтлалтай бусад орны хамтын ажиллагааны төв суурь болохын хувьд тэдгээр улстай харилцаа холбоогоо улам бэхжүүлэх замаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах болно гэлээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг