ДАМАСК, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /DW/. Сирид байрлаж байсан АНУ-ын цэргүүдийг бүрэн гаргасан байна. “Өмнө нь америк цэргүүд байрлаж байсан Сирийн цэргийн объектуудыг Сирийн засгийн газарт шилжүүлэн өгч дууссаныг” сайшааж байна хэмээн тус улсын Гадаад хэрэг, гадаадад суугаа иргэдийн хэрэг эрхлэх яам пүрэв гарагт X нийгмийн сүлжээнийн хуудсандаа бичжээ.
Сири дэх цэргийн ажиллагаагаа дуусгавар болгох АНУ-ын шийдвэрийг уг ажиллагааг явуулах шаардлагыг бий болж байсан анхны нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой гэж Сирийн эрх баригчид үзэж байгаа ажээ.
"Өнөөдөр Сири улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран терроризмтой тэмцэх ажиллагааг улс дотроосоо удирдан явуулах бүрэн чадвартай болсон" гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. Тус яам мөн цэргийн объектуудыг шилжүүлэх ажиллагааг маш мэргэжлийн өндөр түвшинд, хоёр улсын засгийн газруудын нягт хамтын ажиллагааны хүрээнд явуулсан гэдгийг онцолжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын /CENTCOM/ төлөөлөгч Тим Хокинс энэ мэдээллийг баталсан байна. "Америкийн цэргүүд Сири дэх манай бүх гол баазыг үүссэн нөхцөл байдлыг харгалзан явуулж буй төлөвлөгөөт шилжилтийн үйл явцын хүрээнд хүлээлгэн өгч дуусгасан" гэж тэрбээр мэдэгджээ.
Америкийн цэргүүд цаашид "түншүүдийн удирдлага дор явагдах терроризмын эсрэг ажиллагааг дэмжсээр байх бөгөөд энэхүү ажиллагаа нь "Лалын улс"-ыг үндсээр устгаж, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж тэрбээр нэмж дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 17,
2026
Сэтгэгдэл0