sonin.mn

4-р сарын 15-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад Улс нь Вьетнамыг хөршүүдийн дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн бөгөөд Вьетнамтай эв санаагаа нэгтгэн, хамтран ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад илүү их хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Намын удирдлага бол социализмын хамгийн чухал шинж чанар, хамгийн том давуу тал юм. Хоёр тал тус тусын замнал, тогтолцоондоо итгэлтэй байж, чиглэлээсээ хазайхгүйгээр шинэчлэл хийх, үндсэн мөн чанараа өөрчлөхгүйгээр өөрчлөлт хийх зарчмыг баримтлах ёстой.Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, орчин үеийн замналаар хамтран урагшилж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа болон хамт хожихыг баримтлах ёстой. Хятад улс бүс нутгийн орнуудтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт цогц нэгдлийг байгуулахыг дэмжин ажиллахад бэлэн байна" гэжээ.




То Лам хэлэхдээ, Вьетнам, Хятадын харилцаа одоогоор хөгжлийн эерэг хандлагаа хадгалж байгаа, Вьетнам улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахын төлөө Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэв. 


Хэлэлцээний дараа хоёр тал нам хоорондын солилцоо, олон нийтийн аюулгүй байдал, хуулийн байгууллага, эдийн засаг, аж үйлдвэр, хангамжийн сүлжээний хамтын ажиллагаа, гааль, шинжлэх ухаан, технологи, ард түмний амьжиргаа, хүний ​​нөөцийн хөгжил, хэвлэл мэдээлэл, орон нутгийн түвшний солилцоо зэрэг салбаруудыг хамарсан олон талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтран оролцов.



Хэлэлцээний өмнө Ши Жиньпин, гэргий Пэн Ли-юанийн хамт Ардын Их Хурлын Танхимын зүүн хаалганы гадна талбайд То Лам болон түүний гэргий Нго Тхи Тань Тамыг угтан авах ёслол хийв.



Мөн өдрийн үд дунд Ши Жиньпин, Пэн Ли-юань нар Ардын Их Хурлын Ордны Алтан танхимд То Лам болон түүний гэргийд зориулсан хүлээн авалт зохион байгуулсан байна.


Г.Бямба