sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /DW/. Ираны эсрэг байлдааны ажиллагааг зогсоож, Конгрессоос цаашид хүч хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөх хүртэл мөргөлдөөний бүсээс Америкийн цэргүүдийг гаргахыг Д.Трампын засаг захиргаанд үүрэг болгосон тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим дэмжсэнгүй.


Ардчилсан намын төлөөлөгчдийн санаачилсан уг баримт бичгийг 47 сенатч дэмжсэн бол 52 нь эсрэг санал өгчээ. Одоогоор Конгрессын дээд танхимын олонхыг Бүгд Найрамдах намынхан бүрдүүлж байгаа нь санал хураалтын дүнг ийнхүү тодорхойлсон байна.


Тогтоолыг санаачлагч Ардчилсан намын гишүүд Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг хууль бус бөгөөд хангалттай үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсээр байна. Түүнчлэн тэд мөргөлдөөн бүрэн дуусах хүртэл энэ мэт санаачилгуудыг Сенатад дахин оруулж, санал хураалт явуулахын төлөө тууштай ажиллахаа мэдэгджээ. 2026 он гарснаас хойш Сенатын танхим цэргийн шийдвэр гаргахтай холбоотой Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ идэвхтэй хэрэгжүүлэхээс татгалзаж, ерөнхийлөгчийн талд санал өгч буй дөрөв дэх тохиолдол энэ болж байна.


1973 оны Дайны эрх мэдлийн тухай хуульд зааснаар байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 60 хоногийн дотор Конгресс дайн зарлах эсвэл хүч хэрэглэх албан ёсны зөвшөөрөл олгох ёстой байна. Энэхүү хугацаа дөрөвдүгээр сарын сүүлчээр дуусах хэдий ч хууль тогтоомжид түүнийг дахин 30 хоногоор сунгахыг зөвшөөрдөг байна.


Хууль тогтоогчдын хэлж буйгаар, Конгресс Дональд Трампын засаг захиргааг мөргөлдөөнийг зохицуулах болон хурцадмал байдлыг намжаах боломжит алхмуудын талаарх илүү нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна гэж хүлээж байгаа аж. Үүний зэрэгцээ зэвсэгт хүчнийг ашиглах шийдвэр гаргахад Конгрессын гүйцэтгэх үүргийн талаарх маргаан мэтгэлцээн нь Америкийн дотоодын улс төрийн халуун сэдвүүдийн нэг хэвээр байгааг тус улсын хэвлэлүүдэд бичжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг