4-р сарын 15-ны өглөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай уулзав.
Уулзалтын үеэр Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж өгөхийг Сергей Лавроваас хүсжээ.
Тэрээр онцлохдоо, энэ жил Хятад–Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, мөн “Хятад–Оросын хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэлээ. Хоёр улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа өндөр түвшинд тогтвортой хөгжиж, бүх салбарын хамтын ажиллагаа арвин үр дүнд хүрч байгааг онцолсон байна.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй байгаа энэ үед Хятад–Оросын харилцааны тогтвортой байдал, тодорхой байдал онцгой үнэ цэнтэй болж, дээрх гэрээний хүчтэй амьдрах чадвар, үлгэр жишээ ач холбогдол улам тодорч байгааг тэмдэглэлээ.
Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг бүрэн хэрэгжүүлж, стратегийн харилцаа холбоо, дипломат уялдаа холбоог улам нягтруулан, Хятад–Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд, илүү тогтвортой, илүү холын ирээдүй рүү урагшлуулах ёстой гэж онцлов.
Ши Жиньпин мөн зуун жилд тохиогоогүй их өөрчлөлтийн үед Хятад, Орос хоёр улс стратегийн хамтын ажиллагаагаа улам нягтруулж, хоёр улсын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах ёстойг тэмдэглэлээ. Мөн “Дэлхийн өмнөд” орнуудын эв нэгдлийг хамгаалж, том гүрэн, түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Тэрээр цааш нь хоёр тал стратегийн тууштай байдлаа хадгалж, харилцан итгэлцэл, харилцан дэмжлэг, хамтын хөгжлийг бэхжүүлэн, өөрсдийн хөгжлийн ажлыг сайтар хийх ёстойг илэрхийллээ. Мөн газарзүйн хөрш байдал болон харилцан нөхөх давуу талаа бүрэн ашиглаж, бүх чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжлийн уян хатан чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Түүнчлэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт үзлийг тууштай хамгаалан хэрэгжүүлэх, НҮБ-ын нэр хүнд, идэвхийг хамтран сэргээх ёстойг онцоллоо. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Ази–Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт хүрээнд нягт уялдаа, хамтын ажиллагаагаа хадгалж, олон улсын дэг журмыг илүү шударга, зохистой чиглэлд хөгжүүлэхийг дэмжих ёстой гэжээ.
Сергей Лавров Владимир Путины чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Ши Жиньпинд уламжилсан байна.
Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Орос–Хятадын харилцаа ээдрээтэй гадаад орчинд ч өндөр тэсвэр, уян хатан чанараа харуулж байгааг онцоллоо. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хүмүүнлэгийн солилцоо улам нягтарч, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Ази–Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт тавцанд нягт уялдаатай ажиллаж байгааг тэмдэглэв.
Лавров мөн Оросын тал Хятадын талтай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг бодитоор хэрэгжүүлж, дээд түвшний харилцааг хадгалан, бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалан, хоёр улсын харилцааг цаашид улам хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тэрээр мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа онцолсон байна.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл0