БУЭНОС-АЙРЕС, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /TASS/. Домогт хөлбөмбөгчин Диего Марадона (1960–2020) нас барсантай холбогдох хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд Сан-Исидро хотын шүүхэд үргэлжилж эхэллээ. Шүүх хурал эхлэхийн өмнө Марадонагийн эмч байсан Леопольдо Лукегийн өмгөөлөгч хурлыг зурагтаар шууд дамжуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн үүнийг хүлээж аваагүй байна.
Прокурор Патрисио Феррари мэдэгдэхдээ, шүүх ажиллагааны явцад 100 гаруй гэрч мэдүүлэг өгөх бөгөөд Марадонаг гэрийн нөхцөлд эмчлэхдээ зохих асаргаа сувилгаа үзүүлээгүй, "олон тооны аюултай дохио"-г үл тоомсорлосноос болж тэрбээр нас барсан гэдгийг нотлохыг зорьж байна гэжээ.
"Яллагдагчид Марадонаг хувь заяанд нь даатгаж орхисон нь түүнийг үхэл рүү түлхсэн. Гэрийн эмчилгээ нь урьд хожид байгаагүй хүнлэг бус, муу, наад захын шаардлага хангаагүй байсан" гэж тэрбээр хэлсэн байна. 2022 оны зургаадугаар сард Ерөнхий прокурорын газраас эмч Леопольдо Луке нарын найман эмчид "хүндрүүлэх нөхцөлтэйгөөр санаатай бусаар хүний амь үрэгдэхэд хүргэсэн" хэргээр яллах дүгнэлт үйлджээ. Тэдэнд 8-25 жилийн хорих ял оноож болзошгүй байна.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн боловч өмнөх шүүгч Хульета Макинтач баримтат киноны багийнханд зөвшөөрөлгүйгээр шүүх хуралд суухыг зөвшөөрсөн дуулианы улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас түүнийг хассаны дараа шүүх хурлыг зогсоож, шинэ шүүх бүрэлдэхүүн өмнөх хурлуудын хэлэлцүүлгийг өнгөрсөн оны тавдугаар сард хүчингүй болгосноор хэргийг эхнээс нь хэлэлцэж байгаа юм. Д.Марадона тархины мэс засал хийлгэснийхээ дараа 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш гэртээ эмчлүүлж байгаад мөн сарын 25-ны өдөр 61 насандаа зүрхний цочмог дутагдал болон уушгинд үүссэн хавангийн улмаас нас барсан юм. Хүнд мэс засал хийлгэсэн түүний асаргаа сувилгаа нь стандарт шаардлагад нийцэхгүй байсан тухай гэрт нь очиж байсан хүмүүс прокурорт мэдүүлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл0