sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан: “Манай улсад хөлөөрөө толгой хийсэн мэт байдал үүсээд байна. Хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж байгаа хүн алга. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хүртэл УИХ-д орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж авсныхаа дараа УИХ-ын гишүүдэд ёс зүй заах нь ээ. Өнгөрсөн намар ҮХЦ оролцож, ЗГ, УИХ бужигнаантай байхад МАН-ын дотоод хэрүүл, тэмцэл үүссэн” гэсэн юм.


Хариуд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал : “Б.Жаргалан гишүүн надад хандаж үг хэлсэн учир хариулт өгье. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар нарийн бичгийн даргын хүлээх үүрэг нь гишүүдийнхээ бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн намайг энэ хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр оруулсан.


Миний бие Б.Жаргалан гишүүнд Үндсэн хуулийн процессын эрх зүй хичээл зааж байсан. Би ёс зүйн алдаа гаргаснаа ойлгож байна. Хичээлдээ суугаагүй, хүнээр дүнгээ гуйлгаж тавиулсан юм байна.


Миний хичээлийг ойлгоогүй, суусангүй учир Үндсэн хуулийнхаа ойлголт, агуулгыг мэдэхгүй байж ийм зүйл ярьж байна” гэсэн нь зарим талаар шүүмжлэлтэй тулгарч байна. 


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал сэтгүүлчдэд тайлбар хийхдээ: "Монгол Улсын төрийн байгуулал нь дөрвөн үндсэн субъектээс бүрддэг: нэгдүгээрт Улсын Их Хурал, хоёрдугаарт Ерөнхийлөгч, гуравдугаарт Засгийн газар, дөрөвдүгээрт шүүх.


Ажлын хэсгийн хувьд гишүүд маань өөрсдийн үүрэг, оролцоондоо хариуцлагатай хандаж, ажлын хэсэгтээ хүндэтгэлтэй байх шаардлагатай. Би бол ажлаа хийж яваа хүн. Өөрийн хувьд би өөртөө ёс зүйн дүгнэлт хийж, энэ талаар өмнө нь ярьсан.


Та бүхэн миний үгийг анхаарч сонсоно уу. Би хэн нэгэнд хандаагүй, мөн хэн нэгнийг буруутгаагүй. Энэ бол миний өөрийн байр суурь бөгөөд хэрэв алдаа байвал түүнийг би өөрөө хүлээн зөвшөөрнө. Би хэнийг ч буруутгаагүй гэдгээ дахин онцолъё." гэв.


Б.Баясгалан