sonin.mn

Их Британий Лондоны их сургуулийн хүндэт профессор, академич, цэргийн түүх, стратеги судлаач, нэрт эрдэмтэн Лоуренс Фридман саяхан Орос- Украины дайны тухай маш сонирхолтой, логиктой, оновчтой  гүнзгий дүн шинжилгээ хийсэн өгүүлэл бичсэнийг хөрвүүлснээ уншигч Та бүхэндээ толилуулъя.  


Лоуренс Фридман бол цэргийн онолыг судалдаг дэлхийн хамгийн хүндтэй эрдэмтэн бөгөөд түүний номыг НАТО-гийн штабт нарийвчлан судалдаг ажээ.   


Лоуренс Фридман бичихдээ: Тулалдааны талбар дээр ялагддаг дайн гэж байдаг, мөн тухайн орны дотоодын төр засагт нь ан цав гарч ялагдаж эхэлдэг дайн гэж байдаг.


Путин Орос орныг сулруулаад зогсохгүй, дотроос нь устгах алдаа гаргалаа.  Асуудлын гол нь бол эдийн засгийн хориг ч биш, Өрнөдийнхөн ч биш, цэргийнхэн ч биш юм. Асуудлын гол нь бол Оросын системийг өөрийгөө устгах механизм болгон хувиргасан Украины эсрэг дайны логик юм.   


Путин анх Украины дайнд орохдоо бүрэн итгэлтэй байсан. Тэр бээр оросын арми цэргийн тусгай ажиллагаа явуулж Украиныг хэдхэн өдрийн дотор бут цохино, дэлхий дахин энэ байдалтай эвлэрэх болно хэмээн тооцоолсон. Энэ дээр тэр эхний том алдаагаа хийсэн. Тэр бээр энэ дайныг эсэргүүцэх ард түмний хүсэл зоригийг огт үнэлж цэгнээгүй.  


Фридман “Орчин үеийн тулалдаанд хэн олон танктай нь ялдаг юм биш, хэн хүчтэй стратегийн бодлоготой, хэн итгэлтэй нь ялдаг юм” хэмээн үздэг. Орос орон Украин руу зөвхөн цэргийн хүчээр түрэмгийлэн орсон бөгөөд тэдэнд ямар ч тодорхой бодит зорилго, төлөвлөгөө байгаагүй. Цаасан дээрхи тэдний төлөвлөгөө ямар ч үнэ цэнэгүй байлаа.  Путин оросын цахилгаан дайн маш түргэн ялалтаар дуусч, Киев хурдан буун өгч, төр засгийг нь солино хэмээн үзэж байв. 40 сая хүн амтай Украиныг оросын 190 000 цэрэг эзэлнэ хэмээн оросын арми довтолсон. Гэвч энэ бол түрэмгийлэн эзлэгч арми биш, энэ бол өөрийгөө хөнөөх арми байлаа.  


Фридман тэдний алдааны гол шалтгааныг тэдний улс төрийн хий хоосон их зан, өөрсдийгөө ялагдашгүй хэмээн хуурамч домогт итгэсэн байдал нь Кремлийн стратегийн бодлогыг эвдсэн юм.  Путины дайны логик нь дайны ялалт бол өөрийнх нь дэглэмийг бэхжүүлнэ хэмээн төөрөгдөл дээр суурилсан байлаа. Үнэн хэрэгтээ энэ дайн оросын засгийг хүчирхийлэл, цэргийн дайчилгаа, залхаан цээрлүүлэх ажиллагаанаас  хараат болгож байв. Тодорхой хөгжлийн зорилгогүй орныг зөвхөн дайнаар амьдардаг улс болгож байлаа. Энэ бол ямарч гарцгүй бодлого байлаа. Ийм бодлого эцэстээ ямар ч төгсгөлгүй дотоодын уналт болон хувирч байлаа. Ямар ч ялалт байхгүй, ямар ч энх тайван байгүй, ямар ч хэлэлцээр байхгүй. Зөвхөн мөнхийн дайн л үлдэж энэ дайн өөрийн эзнээ мэрж байлаа.       


Дайн эхлэх үед оросын суртал ухуулга асуудлыг хурдан шийднэ, шинэ газар зүйн бодлого явуулж Украиныг шуурхай чөлөөлнө гэдэг байв. Өнөөдөр энэ ухуулга инээдэмтэй шог яриа болсон. Кремлийн төлөвлөгөө фронт дээр унаагүй, харин энэ дайныг бодож олсон хүмүүсийн толгойд энэ дайн сүйрэн унасан.  

Энэ дайн оросын дэглэмийг бэхжүүлээгүй, харин өөрсдийгөө барьцаанд оруулсан. Оросын систем эдүгээ айдас түгшүүрт автсан. Бодлогын уналтын айдас, зогсох айдас, сулрах айдас, өөрийн ард түмэн нь ямар нэг юмны төлөө эцэс төгсгөлгүй биеэ золиослохын айдас л үлджээ. Юуны төлөө гэдэгт хариулт алга. Юуны төлөө гэдэг нь байхгүй тул засаг төр нь хариулт өгч чадахгүй аж.   


Ямар ч дайн болсон ч гурван нөөц хэрэгтэй болдог. Энэ нь хүний нөөц, эдийн засгийн нөөц, утга агуулга юм. Орос орон энэ гурваа алдаж байна. Цэргийн дайчилгаа нийгмийн чанарыг алдагдуулж байна. Боловсролтой иргэд гадаад руу дүрвэж байна. Ядуу иргэдийг фронтод хөөж явуулж байна. Тухайн орны эдийн засаг нь дайны зориулалттай болвол эдийн засаг нь амжилттай болж чадахгүй. Бодлогогүй дайн бол өөрийгөө устгадаг. Путин довтолж болно, хүмүүсээ тулаанд хөөж оруулж болно, дайнд хичнээн ч тэрмыг зарцуулж болно, энх тайванд заналхийлж болно, гэвч тэр улс орныхоо хүчин чадлыг барж тогтворгүй болгож эцсийн эцэст хожигдох болно.  Орос орон фронтоос ухарснаараа ч биш, давшсанаараа ч биш, эцсийн эцэст ирээдүйгээ сүйрүүлж байгаа юм. Дайн Орос орны нөөцийг барж байна, хөгжлийн явцыг зогсоож, тусгаарлагдсан цэргийн бүс болгож байна.  Өнөөдөр Орос орон ялалтын төлөө байлдаагүй, тэд ялагдахгүйн төлөө байлдаж байна. Дайнд орсон улс өөрчлөгддөг юм. Яаж? 


Дайнд орсон орны ардчилал харгис болдог юм, зорилгынхоо төлөө цуглардаг юм, нэгдэлтэй болдог юм. Харин дарангуйллын оронд ард түмнээ хөнөөн устгах ажиллагаа дайны хажуугаар дажин гэгчээр идэвхждэг, төр засаг нь үнэнийг хэлэхээс айж худал хуурмагт автдаг, бид дайнд ялж байна гэсэн худал мэдээллээр нийгмийг төөрөгдүүлдэг. 


Одоо оросууд Украины дайнд ялахгүйгээ мэдсэн тул ухуулгын тактикаа өөрчилж Оросын арми НАТО-гийн орнуудтай байлдаж байна гэх болсон, Украины дайнд бүтэлгүй болсноо НАТО-гийн орнуудаас боллоо гэх болсон. 

Дарангуйлагч орнуудын удирдагчид нөөц нь барагдсан ч гэсэн дайныг үргэлжлүүлдэг, хичнээн ч цэргээ алдсан хамаагүй, тэд өөрсдийн алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, харин эрх мэдлээ улам бэхжүүлэхийг боддог. Өнөөдрийн Орос орон яг л ийм байдалтай байна.      

    

Путины дэглэм дайны үед цэргийн дайчилгааг өргөн хүрээтэй явуулах болсон. Хүн ам нь үүнд ихэд дургүйцсэн. Гэвч засаг төр нь ард түмнийхээ дургүйцлыг хүчээр дарсан. Ард түмэн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүү хэл, өөрийн бодлоо ч ярих эрхгүй болсон. Юу ч хэлсэн, төр засгийн ямар нэг бодлогыг шүүмжилсэн л бол шууд урвагч болдог. Орос оронд эсэргүүцлээ илэрхийлж болохгүй болсон, бүр эргэлзэж ч болохгүй болсон. Асуулт тавьж болохгүй болсон, дайнд үрэгдсэн цэргийн тоог үнэнээр нь хэлж болохгүй болсон, армийн авилгалыг ярьж болохгүй болсон, яагаад оросын үй олон цэргүүд энэ утгагүй дайнд амь үрэгдсэн тухай ч ярьж болохгүй болсон.  


Бүх нийтийн дайчилгаа дэглэмд цохилт өгч байна. Дайн хаа нэгтэй хол болж байна. Гэтэл дайчилгааны дараа дайн иргэдийн гэрт нь орж ирдэг болсон. Засаг иргэнээ хамгаалагч байхаа больсон. Засаг ард түмнийхээ аюул заналхийлэл болсон. Шинэ дайчилгаа бүр эдийн засгийг бууруулж, иргэдийн халааснаас авах татварыг өсгөдөг. Татвар жил бүр өсөж, инфляц жил бүр нэмэгдэж, ажиллах хүч дутагдаж, дэд бүтэж сүйрч, батлан хамгаалах салбарт авилгал нэмэгдэж байна.  


Путин хэрэв Оросын дайсан Украин эсхүл НАТО хэмээн бодож байгаа бол энэ бол том алдаа. Путины системийн хамгийн том дайсан бол Путины өөрийнх нь систем юм. Хэрэв засаг төр нь гадаадын дайсныг ялж чадахгүй бол дотоодын шинэ хүч засийн төлөө тэмцэлддэг юм. Кремль “Дайн Орос орныг нэгтгэж байгаа” хэмээн бодож байгаа бол том эндүүрэл. Оросын элит Путинд таагүй хандаж байгаа. Өөр олон хүчнүүд ч байгаа. Тэд буюу арми, тагнуулын газрынхан, хотын дарга нар, компаний захиралууд Кремльд хандаж “Бид байхгүй бол та нар дайнд ялахгүй ш дээ” хэмээн ярих цаг ирэх болно. Путин системийг бүрэн хянаж чадахгүй.     


2022 онд Украин руу довтолсон дайралт бүтэлгүй болсны дараа оросын армийн генералууд бие бие рүүгээ чи алдаа гаргасан хэмээн дайрч эхэлсэн. 2023 оны 6-р сард Пригожины Москва руу явсан асуудал юү боллоо. Пригожин Москва хот хамгаалалтгүй байгаа шүү, элитүүд яаж ч чадахгүй, армийн нэр хүнд унасан, төр засаг хэврэг гэдгийг дэлхий нийтэд харуулсан. 

Кремль улс орондоо хянал тавихыг хичээж байгаа. Хажууд нь засгийг хувааж авах гэсэн хүчнүүд байгаа.  Хамгийн дор нь ядарч залхсан нийгэм байгаа. Өөрөөр хэлвэл ямар ч аргаар хамаагүй амьд тэсэж үлдэх гэсэн хүмүүс байгаа. Энэ бол тун аюултай тогтворгүй байдал юм. Дайн дэглэмийг бэхжүүдэггүй юм. Дайн дэглэмийг өөрчлөхийг хүсдэг юм.

Орост төрийн тэргүүн өөрчлөгдсөн ч гэсэн дайнд сүйрсэн эдийн засаг, авилгал, хүч нь барагдсан арми, Москватай холбоотой бүхнийг үзэн ядсан олон түмэнтэй нүүр тулах л болно. 


Профессор Фридман цааш нь бичихдээ “Хамгийн аймшигтай хохирол бол ирээдүйгээ алдах явдал юм” гэжээ. Төр ялагдалаас болж сөнөдөггүй юм. Төр утга агуулгаа барснаас болж сөнөдөг юм. Өнөөдрийн Орос орон яг л ийм байдалтай байна.

  

Украин дахь дайн бол зөвхөн Кремлийн алдаа биш юм. Энэ бол Орос орны түүхэн сүйрэл юм. Оросын арми жишээлвэл фронт дээр амжилт гаргалаа ч гэсэн, шинэ газар нутгийг түрэмгийллээ ч гэсэн, түр гал зогсоох хэлэлцээр хийлээ ч гэсэн, бүх зүйлийг буцаан эргүүлж чадахгүйгээс хойш дайн оросын төрийн гурван баганыг устгаж байгаа юм. Энэ бол эдийн засаг, цаг хугацаа, утга агуулга гурав юм. 

   

Нэгд, Эдийн засаг шаталт


Оросын ухуулга Орос улсад дотоодын нийт бүтээгдэхүүн урьд хожид байгаагүй ихээр өслөө хэмээн хөөрөгдөн ярьж байна. Энэ бол үнэн чанартаа Орос улс дайнд зориулж буу сум, пуужин танк, зэвсэг үйлдвэрлэхэд шатаасан олон тэрбум долларын үзүүлэлтийг л хэлээд байгаа юм. Оросын үйлдвэрлэсэн энэ үй түмэн зэвсэг маргааш гэхэд дайны талбар дээр төмрийн хог болон хэвтэх болно. Оросын цэргийн зардал нийт төсвийн 40.0 хувийг эзэлж байгаа нь дэлхийд рекорд болж байна. Оросын эдийн засаг улс орноо хөгжүүлэхэд бус, дайныг үргэлжлүүлэхэд зарцуулагдаж байна. Орост буу сум үйлдвэрлэхээс маш бага төсөв эрүүл мэндийн салбар дээр тавигдаж байна. Дайнд үрэгдсэн цэрэг болон ар гэрт нь олгох мөнгө боловсролын салбарт тавьсан төсвөөс маш олон дахин өндөр байна. Орос орон бүтээн байгуулалт хийхээ больж зөвхөн өөрийгөө хэмлэж байна. Дайн бол хөрөнгө мөнгө , технологи, боловсон хүчнийг нэмэгдүүлдэггүй юм. Улс орон ийм үзүүлэлтгүйгээр ямар ч ирээдүй байхгүй байдаг.   


Хоёрт, Цаг хугацаа алдалт


Маргааш дайн дууссан ч гэсэн маш их цаг хугацаа алдсан байдаг. Украин харин энэхүү дайны хоёр жилд Оросын 20 жилд хийгээгүй өөрчлөлтийг хийлээ. Европ эрчим хүчний шинэчлэлт хийж Оросын Газпромоос хараат бус болж, НАТО-д Финлянд, Швед улс шинээр элслээ.


Дэлхий хурдан хөгжиж байна. Харин Орос орон хуучнаараа хоцрогдож үлдлээ. Хөгжлийг сонгохын оронд дайныг сонгосон орон түүхийн ангалд унадаг. Дэлхий өөрчлөгдөж байхад тийм сонголт хийсэн улсууд хуучнаараа хоцорч үлддэг.  Путин Оросын алдар, нэр хүндийг буцаан авчирна хэмээн амалсан боловч үнэн хэрэгтээ Оросын хөгжлийг гацааж олон арван жилээр хоцроод байна. Дайнд нэг долоо хоног ороход тухайн улс бүтэн нэг жил хөгжлөөс хоцорно гэсэн үг.  


Гуравт, Утга агуулгыг алдсан нь 


Ямар ч дайн толорхой зорилгогүй бол удаан үргэлжлэх боломжгүй. АНУ Вьетнамд дайнд оролцохдоо коммунизмыг зогсоох зорилготой байсан. Украинд өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнол байна. Харин Орост ямар зорилго байна вэ? Нацизмыг булшилна, цэрэггүй бүс болгоно, Украиныг чөлөөлнө гэсэн хоосон уриаг одоо хэн ч сонсохоо больжээ. Одоо дайныг дэмжиж байгаа хүмүүс ямар зорилгооор дайн хийж байгаагаа ч бүр ойлгохоо больжээ.


Одоо Орос орны засаг төр дайнгүйгээр оршин тогтнохоо больжээ. Энэ байдал эцэстээ ялагдалд хүргэх юм. Дайнд Орос орон ялагдах нь гарцаагүй юм. Учир нь энэ дайн Орос орныг илүү хурдан сөнөөх юм. Украин амьдралын төлөө байлдаж байна. Орос хий хоосон зэрэглээний төлөө байлдаж байна. Украин олон найз нөхөдтэй болж байна. Орос дайснуудынхаа тоог нэмж байна. Украин нэгдмэл нэг үндэстэн боллоо. Харин Орос цөмийн зэвсэгтэй армийн лагерь боллоо.   


Дайн хурдан дуусахгүй. Иймд Орос үеийн үед зовох болно. Кремль хичнээн газар булааж авах вэ, эсхүл алдах вэ гэдэг нь чухал биш. Юү чухал асуудал вэ гэвэл эх орон нь дотоодын сэтгэгчид, инженерүүд, эрх чөлөө, эдийн засаг, орчин үеийн хөгжилийг алдах болно.

Энэ дайн бол Оросын хувьд ялалтын дайн биш, дайны төлбөр төлөх явдал болно. Орос амьд үлдэж болно, гэхдээ ялалт байгуулахгүй.  

 

Дайн удаан үргэлжлэх тутам Путины дэглэм хурдан унах болно. Яагаад вэ гэвэл Путины эцсийн дайсан бол Украин ч биш, Өрнөд ч биш, дотоодын сөрөг хүчин ч биш. Путины эцсийн дайсан бол Цаг хугацаа юм.        

   

                  Хөрвүүлсэн: Доржийн СҮХБААТАР