АНУ ба Азербайжаны хоорондын Стратегийн түншлэлийн Хартид АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев нар өчигдөр Баку хотноо гарын үсэг зурлаа.
Уг баримт бичигт, аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийн дотор эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр орны хамтын ажиллагаа, мөн терроризмын эсрэг хамтран ажиллах асуудлыг тусгасан байна.
“Өдгөө Азербайжан улс өөрийн хийн нөөцөөр 16 улсын, тэдгээрийн дотор НАТО-гийн гишүүн 11 улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна” гэдгийг И.Алиев онцлон тэмдэглэв. “Азербайжаны хувьд АНУ-ын стратегийн түнш байна гэдэг бол нэр төрийн хэрэг” гэж тэрбээр хэллээ. Хариуд нь Д.Вэнс хэлэхдээ, хоёр талын түншлэл, найрамдалт харилцаа удаан хугацааны туршид дутуу үнэлэгдсээр ирснийг дурдаад, одоо энэхүү түншлэл нь бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчирна гэдгийг онцлон дурдав.
Баку, Вашингтоны хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг бол TRIPP төсөл гэдгийг Азербайжаны Ерөнхийлөгч онцоллоо. TRIPP гэдэг нь Trump Route for International Peace and Prosperity гэсэн үгийн товчлол бөгөөд Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут гэж орчуулдаг.
Төслийн хүрээнд Азербайжаныг Арменийн нутгийн 32 км өргөн зурвасаар тусгаарлагдсан Азербайжанд харьяалагдах Нахичеван хоттой тээврийн коридороор холбох юм. Ингэснээр нефть-хийн томоохон олборлогч Азербайжан улс уг коридороор Турк болон Европтой шууд холбогдоно. Барилгын ажлыг эхлүүлэхээр 2025 оны наймдугаар сард тохиролцсон бөгөөд энэхүү маршрутыг ашиглах онцгой эрхийг АНУ 99 жилийн турш эзэмших юм. Дээрх Хартид мөн цэрэг-техникийн салбар дахь АНУ-Азербайжаны хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай асуудлыг тусгажээ.
Б.Адъяахүү
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
Путлерийн зохицуулж чадаагүйг хийжээ
Хоёрдугаар дайнд Азербайжан Азийн дайсан, Еврей Арменчуудын боол Оросын шатахуун түлшний 70%-г дангаараа хангаж байсан ч Армени Грузин Украйн Балтийн улсуудаас нэг хүнд ноогдох зардлаар 10 дахин бага санхүүжигддаг байсан. Урал Кавказ Төв Ази Сибирийн Ази Ислам Түрэг үндэстний ядуу хязгаарууд шиг.