Монгол оронд анх Барон жанжин 1921 оны 2-р сард нийслэл Хүрээг хятад цэргээс чөлөөлж анхны цахилгаан станц, телеграф хоёрыг байгуулсан гэдэг. Монгол орон бол нүүрс, ус, нар, салхи, уран зэрэг эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог бөгөөд эдгээр эрчим хүчээ ашиглаж чадвал зөвхөн өөрийгөө хангаад зогсохгүй хөрш улсуудыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой юм. Гэвч монголчууд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгчээр бусдыг эрчим хүчээр хангах бүү хэл, өөрийгөө хангаж чадахгүй эрчим хүчний дутагдалд ороод 100 жил болжээ. Аливаа улс орны стратегийн хамгийн чухал тэргүүн асуудал бол эрчим хүчний асуудал юм. Гэвч энэхүү чухал асуудалд монголын төр засаг хариуцлагагүй ханджээ.
Монгол Улсын хэмжээнд эдүгээ цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ жилд дунджаар 11 тэрбум кВт.ц байсан. Үүний 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг импортоор худалдаж авдаг.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1584 МВт байдаг.. 1100 МВт-ыг нүүрсний цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Үүнээс 81.0 хувь нь дулааны цахилгаан станц, 19.0 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Монгол улс жилд дунджаар ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц буюу нийтдээ 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг худалдан авдаг. Манай улс импортын цахилгааны төлбөрт жилд 197.0 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөг төлдөг эрчим хүчний хараат орон юм. Монгол улсын цахилгааны нийт хэрэглээ 1,5 ГВт орчим байдаг. Тэгэхээр Багануур, Таван толгойн нүүрсний ордын түшиглэж тус бүр 600 МВт хүчин чадалтай 2 том цахилгаан станц барихад одоогийн ба өсөн нэмэгдэх хэрэглээг бүрэн хангах боломжтой юм. Нийт 2,4 ГВт эрчим хүч гэдэг бол бусад гадаад улсуудын хувьд тун бага тоо. Жишээлвэл, Украин улсын Запорожье мужийн ганц Атомын Цахилгаан Станц гэхэд л 5700 МВт цахилгаан үйлдвэрлэдэг хүчин чадалтай ажээ. Монгол улсын 2024 оны эрчим хүчний хэрэглээ 1640 МВт байлаа.
Манай “ДЦС-4” нь 600-700 МВт , “ДЦС-3” нь 150 МВт үйлдвэрлэдэг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200 МВт-аар нэмэгддэг бөгөөд 2030 он гэхэд 3300 МВт цахилгаан шаардлагатай болох ажээ. Манай улс өмнөх жилүүдэд 200 МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давж байлаа.
Нийслэл Улаанбаатар хот 50.0 хувийн дулааны дутагдалтай байна.Дулаан бол цахилгаанаас өөр. Маш их усыг гүнээс насосоор татах шаардлагатай болдог. Өнөөдөр монголын эрчим хүчний салбар маш хүнд байдалтай байна. Дулааны Цахилгаан Станцуудын зуухнуудын их засварт мөнгө байхгүй гэсээр өдий хүрчээ. Нэг зууханд их засвар хийхэд 6,0 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ажээ. Жилдээ ядаж нэг зууханд их засвар хийгээд байсан бол эрчим хүчний салбар өнөөдрийнх шиг доголдохгүй, өнгөрсөн жилд гарсан шиг “ДЦС-3” дээр зуух дэлбэрч нэгэн сайн инжeнeр залуу алтан амиа алдахгүй байх байжээ. Одоо манай цахилгаан станцууд бүр тартагтаа тулчихсан, ямар ч нөөцгүй болчихсон байна. Улс 300 мвт-ын нөөцтэй явах ёстой аж. Гэтэл нөөц байтугай зуухны их засварын мөнгө ч байдаггүй.
Монголчууд 5-р цахилаан станц барих талаар 40 жил ярьсан боловч хоосон хоцорсон. Дулааны цахилгаан станцыг шинээр яаралтай барихгүй бол нийслэл хот өвөл хөлдөх магадлалтай байсаар байна.
Өнөөдөр Монголд сэргээгдэх эрчим хүчний компаниуд нийт эрчим хүчний дөнгөж 6,0 хувийг үйлдвэрлэж байна. Цаашид эрчим хүчний эх үүсвэрийг олон болгох хэрэгтэй байна. Монгол улс зах зээлд ороод 35 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд эрчим хүчний мега төслөө хэрэгжүүлсэн бол эрчим хүчний дутагдлаас гарч хараат бус болох байлаа. Эрчим хүчний мега төслийг унагасан хүмүүс бол монголчууд өөрсдөө, тэр дотроо эрчим хүч хариуцсан сайд дарга нар, бүр цаашлаад Ерөнхий сайд нь хүртэл байлаа. Эрчим хүчний төслөө нураасан түүхийг товч өгүүлье.
Нэг. Урагшилдаггүй усан цахилгаан станцууд
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц.
Социализмын үед 1964 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих мега төсөл гаргасан боловч эдүгээ хүртэл 60 гаруй жил гацжээ. Энэ үзүүлэлтийг харах юм бол Монгол улс Мега төслийн гацаагаараа дэлхийн Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Аль 1968 онд ашиглалтад орсон нийслэлийн 3-р цахилгаан станц, 1983 онд ашиглалтад орсон 4-р цахилгаан станц эдүгээ хагас зуун жилийн дараа тартагтаа тулаад байна. Засаг төр шинээр дулааны цахилгаан станц барина хэмээн амласан боловч эдүгээ 35 жил өнгөрчээ.
Усан цахилгаан станцын хувьд олон боломж байсан боловч Монгол улсын Засгийн газар усан цахилгаан станц барих төслийг зогсоож байв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ТЭЗҮ-г анх 1964 онд Зөвлөлт Холбоот улсын “Электросеть” хүрээлэн боловсруулж байжээ.
90 МВт-ын хүчин чадалтай босох энэхүү усан цахилгаан станцын төсөл 60 жил гацжээ. 2008 онд "MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design" компаниуд УЦС-ын анхны ТЭЗҮ-г боловсруулсан байна. Харин 2015 онд төслийн нэгжийг байгуулж, 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газар 28 мянга га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байв. Мөн оны 11-р сард төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн баталж, 2021 оны 9-р сард Төслийн ерөнхий гүйцэтгэгчэээр Хятадын "Пауэр Чайна-Пауэр Чайна Чэнгду" түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулжээ. 2022 оны 7-р сард хайгуул, судалгааны ажлыг хийсэн. Харин 2024 оны 11-р сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар уулзалт хийх үеэр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн ажээ.
Эгийн голын усан цахилгаан станц
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг анх 1991 онд Азийн хөгжлийн банкны шинжээчид судалж, 1994 онд 5.2 сая долларын зардал гаргаж, ТЭЗҮ-г боловсруулжээ. 1995 онд тендер зарлаад Малайзийн төрийн өмчит компани шалгарчээ.1997 онд Малайзийн Ерөнхий сайд Махатир Мохаммад Монголд айлчилж энэхүү гэрээнд гарын үсэг зурах гэтэл тэр үеийн Монгол улсын Ерөнхий сайд М.Энхсайхан гэнэт татгалзаж төслийг зогсоожээ. Дараа нь удалгүй М.Энхсайхан энэхүү усан цахилгаан станц барих гэрээнд Чех улсын хэн ч мэдэхгүй “Техно- Арт” хэмээх барилгын нэг жижигхэн компанитай гэрээ байгуулжээ.
Чехийн тэрхүү цаасан дээрхи хулхи компани ямар ч ажил хийгээгүй алга болсон гэдэг. 2007 онд Эгийн усан цахилгаан станцыг барих талаар Хятадын компанитай гэрээ байгуулж ажлаа яг эхлэх гэтэл Монгол улсын Засгийн газар энэхүү төслийг зогсоож гацаажээ.
Улмаар 2013 онд уг станцыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү станцын барилга угсралтын ажил эхэлсэн боловч Орос улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар энэхүү төсөл дахиад л саатжээ Хэвлэлд мэдээлснээр Ч.Хүрэлбаатар 2007-2008 онд С.Баярын Засгийн газарт Түлш, эрчим хүчний сайдаар ганцхан жил ажиллаж байхдаа Эгийн голын усан цахилгаан станцыг гацааж байжээ. 2006 оны арван хоёрдугаар сард Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцыг төслийг БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар 2007 оны дөрөвдүгээр сард Эгийн голын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулах анхны тендер зарлагдаж “Синамаче-Камке консерциум” шалгарч байв. Ийнхүү олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитоор амь орж, ажил хэрэг болоход бэлэн болоод байв. Гэвч 2008 оны хоёрдугаар сард Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар Эгийн голын усан цахилгаан станцыг барих шаарлагагүй гэсэн шийдвэрийг Засгийн газраар гаргуулжээ.
Засгийн газраас энэхүү шийдвэрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, зөвшилцөхийг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.
Ингээд 2008 оны дөрөвдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслөөс татгалзсан Засгийн газрын шийдвэрийг хэлэлцэж, дэмжжээ. Эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг хориглож чадлаа. Үүнд маш их баяртай байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь ямар ч ашиггүй. Ашигтай гэж бодож байгаа хувийн компаниуд хүсвэл бариг л дээ. Тэрний оронд төвийн бүсдээ дулаан, цахилгааны станц барих ёстой. Тэгээд ч нэгдүгээрт, Эгийн гол маш үзэсгэлэнтэй газар. Хоёрдугаарт, усан цахилгаан станцын далан барьчихвал эрэг дагуух 14 мянган га ой мод усанд автаж устана. Гуравдугаарт, усан цахилгаан станц барьчихвал загасны нүүдэл тасарч, улмаар мөхөх аюулд орно. Тиймээс усан цахилгаан станц барьж болохгүй” гэсэн мэдэгдэл хийжээ.Төр өөрөө амин чухал төслөө ийнхүү нураажээ.
Шүрэнгийн усан цахилгаан станц.
Анх 2013 оноос эхлэн Шүрэнгийн усан цахилгаан станц барих асуудал яригдаж эхэлсэн Шүрэнгийн усан цахилгаан станц баригдаж эхэлбэл байгаль орчинд асар их хор нөлөө үзүүлэх талаар Оросын тал “ЮНЕСКО”-д хандаж байжээ. Уг асуудлаар аль 1970-аад онд хийгдсэн урьдчилсан судалгаагаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт энэхүү усан цахилгаан станцын байгуулбал зохистой бөгөөд хүчин чадал нь 244 мВт байхаар тооцоолж байжээ. Төслийнхний гаргасан тооцооллоор, хэрвээ ашиглалтад орсон бол төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй ОХУ-аас импортолдог хэмжээг ч нөхөх боломжтой байв. Гэвч Монголын тал ОХУ-ын мэдэгдэлд цочирдож энэ төслөө зогсоожээ
Орхоны усан цахилгаан станц
Орхон голын УЦС-ын ТЭЗҮ-ийг Японы “Chubu Electric Power” компани хийж, тайлангаа 2001 оны 3-р сард тухайн үеийн Дэд бүтцийн яам, ЭХУГ-т ирүүлсэн ажээ. Энэ УЦС нь Улаанбаатарын ДЦС-уудаас гарах нүүрсхүчлийн хийн (СО) бохирдлыг жилд 210.000 тн-оор багасгаж, агаарын бохирдлыг бууруулах үр ашигтай учраас Японы Байгаль хамгаалах сангаас санхүүжигдэх боломжтой, байгаль орчны онцын сөрөг нөлөөгүй, тус станцыг барихад ямар нэг сум суурин газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн аж.Энэ үндсэн дээр 2001 онд УИХ-аар баталсан ‘‘Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем’’ хөтөлбөрт "Орхон гол дээр УЦС барьж, 2020 он гэхэд ашиглалтад оруулсан байхаар" тусгасан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй өнгөрчээ..
Хоёр. Дуусдаггүй дулааны цахилгаан станцууд
Дулааны цахилгаан станц- 5
Хамгийн сүүлд 1983 онд ДЦС-4 ашиглалтад орсноос хойш дараагийн цахилгаан станц хэзээ баригдах талаар яригдаж эхэлсэн түүхтэй. Тэгвэл анх 2011 онд “ДЦС-5”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч сүүлийн найман жилд огт урагшлаагүй байсан. Харин одоо ДЦС-4 ашиглалт орсноос хойш 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөж байна.
ДЦС-5 нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд нийслэл хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр ДЦС-2-ийн үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарчээ. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгожээ. ”ДЦС-5” төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.
Багануурын ДЦС
Анх 2010-аад онд нийслэлд ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хуваалцах үүднээс Багануурын ДЦС-ыг байгуулах асуудал яригджээ. Гэвч энэ төсөл гацаанд орсон. Учир нь ажил эхлээд явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар энэхүү төслийг зогсоосон. 2020 онд бүх гэрээг дахин хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Улмаар концесс эзэмшигч нь санхүүжилтээ босгохоор явсан байдаг. Харин энэ хооронд нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоож байв. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэхээр төсөлд оруулж “Танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэж мэдэгдэж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл урагшилсан зүйлгүй үлджээ.
Тавантолгой ДЦС
Монгол Улсын Засгийн газар Тавантолгой ДЦС-ыг барина гэснээс хойш 10 жил хэдийнэ өнгөрчээ. 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто”-гийн төлбөрийн баталгаа, Оюутолгойн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос гацаанд оржээ. Уг ажлыг эрчимжүүлэхээр "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан . Гэвч тус компани байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа ч төсөл "гацсан" хэвээр байгаа юм. Хэрэв хугацаандаа ашиглалтад орсон бол 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх байжээ. Цаашдаа Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөлд мөн санхүүгийн баталгааны 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” үлдсэн 70 хувийг Засгийн газраас хариуцах байдлаар үндсэндээ 2 үе шаттайгаар нийт 847 сая ам.долларын санхүүжилтээр 150 мВт-ын станцыг 2024-2027 он хүртэл бүтээн байгуулахаар төлөвлөөд байна.
Шивээ-Овоогийн цахилгаан станц
2000-аад оноос хойш даруй 25 жил гацаад буй “Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 270 мВт-ын цахилгаан станц барих” төслийг эхлүүлэхээр 2018 оны зургаадугаар сард БНСУ, АНУ, БНХАУ-ын хамтарсан мэргэжлийн компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байв. Тухайн үед төр засаг өргөн цар хүрээтэй бодлогоор дэмжвэл цахилгаан станц босгоход ямар ч саад байхгүйг хөрөнгө оруулагчид хэлж байжээ. Үүгээр зогсохгүй Налайх зэрэг дагуул хотуудыг бий болгох боломжтойг дурдаж байсан ч үүнээс хойш 8 дахь жилийнхээ нүүрийг “үзэж” байна. Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн онд албан ёсны твиттер хуудсандаа “Английн “М Повер” компани Шивээ овоогийн уурхайг түшиглэн 2017-2020 онд 750 МВт-ын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгөө босгож, гэрээнд гарын үсэг зурах гэж байх үед Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болж, энэ төслийг гацаачихсан. Яагаад гацаав? хэмээн таван жил асуугаад хариулт авч чадаагүй байна” хэмээн мэдэгджээ. Хэрэв Шивээ- Овоогийн цахилгаан станцыг Британи улсын төслөөр байгуулчихсан бол манай улс 6000 МВт үйлдвэрлэдэг болох байжээ.
Багануурын цахилгаан станц.
2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, БНХАУ-ын “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ нар “Багануурын цахилгаан станц” төслийг концессоор хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд “Багануурын цахилгаан станц”-ыг “Багануур пауэр” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болжээ.
Энэхүү концессын гэрээний хүрээнд Хятадын тал Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын цахилгаан станцыг 1.2 тэрбум ам.доллараар барьж, 25 жилийн дараа монголын талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх ёстой байв. Уг төсөл нь 3.5 жилийн хугацаанд баригдаж, төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох байлаа.
Гэвч хэвлэлд мэдээлснээр 2017 онд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон цагаасаа эхэлж Багануурын цахилгаан станцын төслийг зогсоох болсон гэжээ. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сард Ц.Даваасүрэн “Би л байсан бол Багануурын цахилгаан станцын төслийн оронд Тавдугаар цахилгаан станцыг төслийг зүтгүүлэх байсан.“Энэ компани манай системд тохирохгүй өндөр хүчин чадалтай турбин генератор тавих гээд байгаа юм. Манайд 240 МВт-аас илүү турбин генератор тавьж болохгүй. Энийг тооцохгүйгээр энэ гэрээг байгуулсан байсан. Тиймээс хөрөнгө оруулагчдад манайд тохирсон 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц барь гэдэг шаардлага тавьсан” гэж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай 700 МВт-ын цахилгаан станц барих концессын гэрээ байгуулаад, нэгэнт ажлаа эхлүүлчихсэн хөрөнгө оруулагчдын өөдөөс Ц.Даваасүрэн “Та нар манайд маш өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих гээд байна.
Бага хүчин чадалтай станц баривал барь, үгүй бол бариулахгүй” гэсэн ажээ. 2018 оны гуравдугаар сараас “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Ч.Мөнхбаяр гэнэт гарч ирээд “Хятад компани Багануурт цахилгаан станц бариад эхэлбэл 5000 хятад оруулж , бүхэл бүтэн хятад тосгон байгуулна.
Бас Багануурын цахилгаан станц хэтэрхий өндөр хүчин чадалтай учраас манай улсын цахилгааны хэрэглээний 70 хувийг дангаараа хангана. Тэгвэл ТЭЦ-3, ТЭЦ-4 станцууд ажиллах шаардлагагүй болж, хаалгаа барина. Ингэхээр 3000 хүн шууд ажилгүй болно. Багануурын цахилгаан станц бол цахилгаанаар дамжуулж эзлэх гэсэн хятадын бодлого. Тиймээс зогсоох ёстой” хэмээн хэвлэлийн хурал хийж, жагсаал цуглааныг Багануурт хүртэл зохион байгуулжээ.Ингээд 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Багануурын цахилгаан станцын төслийн хүчин чадлыг багасгах, хөрөнгө оруулагч талтай шинээр гэрээ хийхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгаж Баганурын цахилгаан станцын төслийг нураах ажил “амжилттай” болжээ.
Арван аймгийн Дулааны цахилгаан станц
2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 10 аймгийн ДЦС барих шийдвэр гарсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй "гацжээ". Учир нь гүйцэтгэгч гэх БНСУ-ын "Бьюксан Инженеринг" компани нь 2025 онд дампуурлаа зарлажээ. Нийт 110.7 сая ам.долларын төсөвт өртөгтэй уг зээлийг Монгол Улс 40 жилийн хугацаатай авчээ. Төсөл БНСУ-ын компаниас болж гацсан ч Монгол Улс зээлийнхээ хүүг тогтмол төлсөөр байгаа аж. БНСУ-ын “Экзим” банкнаас 110 сая ам.долларын зээлээр 10 аймгийн дулааны станц барих төслийг 2019 онд эхлүүлсэн ч төсөл хэрэгжиж чадаагүй ийнхүү гацсан ажээ.
Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэхээр төлөвлөжээ.
Мөн саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн хамтаар дээрх төслийн хэрэгт холбогдон, цагдан хоригдож эхэлсэн. Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн илт давуу байдал буй болгосон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа” хэмээн мэдээлээд байна.
Авилгатай Тэмцэх Газраас -аас “Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн зөвлөх П.Товуудоржийн “Грийн энержи интернэйшнл” ХХК-ийн 10 аймагт дулааны станц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг сунгасан, Н.Тавинбэхийн зөвлөх П.Товуудоржийн “Грийн энержи интернэйшнл” ХХК болон БНСУ-ын “Кореан дистрикт хийтинг инженеринг” ХХК-ийн хамтарсан түншлэлийн 10 аймагт дулааны станц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр нь 9,010,103 ам.доллар байсан. Гэтэл Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо “Грийн энержи интернэйшнл” ХХК болон БНСУ-ын “Кореан дистрикт хийтинг инженеринг” ХХК-ийн хамтарсан түншлэлийн зөвлөх үйлчилгээний 9,010,103 ам.долларын төлбөрийг 2.6 сая ам.доллараар нэмж, 11.7 сая ам.доллар болгосон” хэмээн мэдээлжээ.
Ураны төсөл
Францын “Орано Майнинг” компани ураны төслийг хэрэгжүүлэхээр Монголд хөрөнгө оруулах гэтэл монголын хүнд суртал болон авилгалын сүлжээ саад болж 28 жил төслийг гацаажээ. Гацаанд байсан энэхүү ураны төсөл 2025 оноос хөдөлж эхэлжээ. Монгол улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх ёслол 2025 оны эхээр болжээ . Энэхүү гэрээ нь гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт болж байлаа.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэрхүү гэрээний ёслол дээр "Хамтарсан Засгийн газар өнөөдөр ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд 5.0 тэрбум ам.долларын ашиг орлого авчирна. Энэ төсөл олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, эрчим хүчний тухай хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болж чадна гэдэгт итгэж байна" гэж билээ.
Одоо энэ төсөл яасан бэ. Баахан хүмүүс энэ төслийг эсэргүүцээд нэгэн эмэгтэй Францын хөрөнгө оруулагчийг “гэртээ харь” хэмээн хөөж заамдаж танхайрч байсан. 2025 онд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Францын “Арева” компаниас 1.2 сая евроны авилгалыг АН-ын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулган, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар авч,Монгол дахь ураны тусгай зөвшөөрлийг сунгаж өгчээ гэсэн мэдээлэл гарч байлаа. Казахстан улс аль ерээд онд ураны төслөө Францтай хамтран эхлүүлж одоо дэлхийн хэмжээнд уран олборлотоор тэргүүлж ашиг нь өссөөр байна.Уран боловсруулах үйлдвэр нь газар дор байдаг бөгөөд ямар ч хор хохирол байгальд болон мал сүрэгт нөлөөлдөггүй гэдэг нь нотлогдсон ажээ.
Казахстан улс 30 жилийн өмнө Франц улсын хөрөнгө оруулалтыг татаж уран боловсруулах үйлдвэр байгуулж эдүгээ уран олборлолтоор нэг жилд ойролцоогоор 21 мянган тонн уран олборлож дэлхийн нийт зах зээлийн 43.0 хувийг эзэлж байна.
Дэлхийд 1 кг баяжуулсан ураны үнэ 21 000 ам доллар байна. Өнөөдөр дэлхийд баригдаж буй цөмийн реактор гэхэд 63 байгаа бол барихаар төлөвлөсөн нь 100 хүрч байна. 2024 онд дэлхийн улс орнуудын ураны эрэлт 93 мянган тонн байсан боловч 50 шахам мянган тонн уран олборлож нийлүүлжээ. 2050 он гэхэд дэлхийд 197 мянган тонн уран хэрэгтэй болно гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдээлжээ. Тэхлээр ураны зах зээл ирээдүйтэй бас эрэлттэй байна гэсэн үг. Иймд Монгол улс ураны төслөө шуурхай хэрэгжүүлээд нэн даруй атомын цахилгаан станц барих хэрэгтэй.
Цаашид яах вэ?
Эдүгээ Монгол улс “ТЭЦ-4” 700 МВТ, “ТЭЦ-3” 133 МВт эрчим хүч гаргаж байна. Нийтдээ 1000 гаруйхан МВт үйлдвэрлэж байна. Улсын хэрэгцээ бол 3000 МВт юм. Эрчим хүчний салбарт жилд 300 тэрбум төгрөг төсөвлөдөг нь Соёлын яамнаас нэг дахин бага байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний салбарт хүрэлцэхгүй байгаа ажээ. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар өсдөг. Гэтэл эрчим хүчний хэрэглээний өсөлтийг огт хангаж чадахгүй байна. Цахилгааны үнэ тарифаа 3 дахин нэмж 560 тэрбум төгрөг олсон. Үүний үр дүн гарсан, эсэх нь мэдэгдэхгүй байна.
Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд алдагдалтай, эх үүсвэрийн дутагдалтай, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсээд олон жил болж байна.
Иймд эрчим хүчний салбарт шинэчлэл хийж хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, бодлогын өөрчлөлт хийх нь чухал байна. Үнэ тариф, компанийн засаглал, эрчим хүчний эх үүсвэр, хөрөнгө оруулалт, зах зээлийн загвар, эрчим хүчний ухаалаг цахим үйлчилгээ, хүний нөөц, эрчим хүчний экспорт, хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Эдгээр шинэчлэлийн ажлуудыг хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хийх нь зүйтэй. Цахилгаан станц барих төслөө хэрэгжүүлж одоо байгаа зуухнуудын их засвар хийх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж их засвар хийж хөл дээрээ босох хэрэгтэй. Эрчим хүчний салбарт нүүрлэсэн авилгал, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг эцэс болгох хэрэгтэй.
Цаашид эрчим хүчний олон эх үүсвэртэй болох хэрэгтэй. Эрчим хүчний эх үүсвэр гэж түлшний эрчим хүч, усны эрчим хүч, нарны эрчим хүч, салхины эрчим хүч, атомын эх үүсвэрийг хэлээд байгаа юм. Монгол орон бол нүүрсээр дэлхийн хамгийн баян орны нэг тул түлшний эрчим хүч хангалттай гэсэн үг.
Манай улс бол нар, салхины орон. Учир иймд нар салхины эрчим хүч хангалттай гэсэн үг.Монгол оронд сэргээгдэх эрчим хүч нь их ирээдүйтэй юм. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг. Дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18.0 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна.
Монгол улс хөрш орнуудынхаа эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдэж чадсан туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний баруун хөрш Казахстан улсын нийт 233 цахилгаан станц жилд 21 000 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Казахстаны эрчим хүчний эх үүсвэрийг авч үзвэл 70.0 хувь нь нүүрснээс, 14.6 хувь нь усны нөөцөөс, 10.6 хувь нь байгалийн хийнээс, 4.6 хувь нь нефтнээс авч байна.
Бидний өмнөд хөрш Хятад улсад жилд 10086.9 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Хятадад сэргээгдэх эрчим хүч нь 1784,60 ГВт, үүнээс усан цахилгаан станц 377.2 ГВт, салхины эрчим хүчний станц 520.6 ГВт, нарны эрчим хүчний станц 886.6 ГВт байна.
Хятадад эдүгээ 18 атомын цахилгаан станц ажиллаж, 60,8 ГВт цахилгаан эрчим хүч гаргаж байна. Цаашид Хятадад 30 атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Бидний хойд хөрш Орос улсад жилд 1080.6 тэрбум кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж байна, 11 атомын цахилгаан станц ажиллаж 28.6 ГВт цахилгаан эрчим хүч гаргаж байна.Ер нь Зөвлөлт Холбоот Улс гэж байхад үлэмж уудам том нутагт олон цахилгаан станц, усан цахилгаан станцуудыг өнгөрсөн зуунд барьж, эрчим хүчний асуудлаа шийдчихсэн улс байсан. Монгол улсын эрчим хүчний мега төслүүдийг хэрхэн нураасныг өгүүлэхэд ийм байна.
Аливаа улс орны амин чухал асуудал бол эрчим хүчний асуудал байдаг. Амин чухал асуудлаа шийдэж, авилгалд идэгдсэн салбараа аварч чадах уу, сүйрч унасан эдийн засгаа сэргээж чадах уу гэдэг нь Монгол улсын Засгийн газрын нэн чухал асуудал болоод байна.
Монголын төр засаг улсын амин чухал төслийг зогсоож улсад үлэмж их хохирол учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцож, нэгэнт батлагдсан чухал төслүүдийг заавал хэрэгжүүлдэг болох хэрэгтэй байна. Монголчууд бид өнгөрсөн 35 жилийн хугацаанд авилгал, хулгай, дээрэм, хэрүүл тэмцлээс болж хөгжлийн өндөрлөгт гарах боломжоо алдсан нь юутай их эмгэнэл вэ.
Доржийн СҮХБААТАР 2026.02.10
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
Энэ бол МАН ын бүдүүн данжаадууд Оросын нууц агент болж худалдагдсаны тод жишээ. Бат-Эрдэнэ аварга Хүрэлсүх нар Хэрлэн Ононы усыг говийнхноос харамлаж байсантай агаар нэг асуудал. Бодит байдал нь одоо говийн ард түмэн усаар гачигдаж бөөс хуурсаа арилгах усгүй зовж байхад оросууд Хэрлэн Ононы цэвэр усаар бөгс хошного хулмас баас ялгдасаа угааж бидний тэнэгийг гайхаж тавлан даапаалцгааж байна.