sonin.mn

Гадаад харилцааны сайд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Батцэцэг энэ сарын 19-нд Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, манай улсын спортын хөгжил, баг тамирчдын талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, залуучуудын спортын боловсролын талаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Азийн наадам болон Залуучуудын зуны Олимпыг Монгол Улсад зохион байгуулах хүсэл, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч Томас Бах саналыг нааштайгаар хүлээн авч, судлан үзэхээ мэдэгдэв.


Мөн энэ үеэр Олон улсын Олимпын хорооны гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны дэд Ерөнхийлөгч хатагтай Патама Лисвадтракултай уулзаж, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаарх мэдээлэл өгч, уг арга хэмжээнд урихын зэрэгцээ спортын хөгжил болон хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар санал солилцлоо.


“Канвон 2024” Залуучуудын олимпын наадам энэ сарын 19-нөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд манай баг энэ удаагийн өвлийн наадамд түүхэндээ хамгийн олон буюу 12 тамирчинтайгаар оролцож байна.