sonin.mn
Ардчилсан Намын "4-11" хэвлэлийн бага хурал боллоо.
 
Уг хуралд АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Д.Ганбаяр нар оролцож, Үндсэн хууль ба Намын асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Ч.Өнөрбаяр: " Ардчилсан Үндсэн хууль бидэнд маш олон ололт, амжилтыг өгсөн.  Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болсноор дэлхийн 190 гаруй оронтой дипломат харилцаатай болсон. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр Үндсэн хуулийг дээдлэх гэдэг ойлголтыг дарга нар, намууд буруугаар ойлгож ирсэн. Үндсэн хуулийг дээдлэх гэдэг бол үйл ажиллагаандаа алхам тутамдаа сахих явдал юм. Харамсалтай нь сүүлийн үед Үндсэн хуулийг дээдлэх явдал алдагдсан. УИХ-д суудалтай намуудын хүчний бодитой тэнцвэр дээр л Үндсэн хуулийн үзэл санаа амилах, ажиллах бололцоотой. Нэг нам дангаараа ноёрхсон үед бол хэцүү юм байна. Иймээс бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр 1500 хүнтэй сум руу баахан зардал гаргаад зам тавьдаг, УИХ-ын гишүүд нь тойрогтоо гээд мөнгө хуваарилдаг явдал бол сонгуулийн тогтолцоотой л холбоотой. Энэ жалга довын улс төрөөс гарахгүй бол Монгол Улс урагшлахгүй. Мөн Монгол Улс давжаа парламенттай. 1992 онд Үндсэн хуулийг баталж байх үед Монгол Улсын нийт хүн амын тоо 2 сая орчим байсан. Өнөөдөр Монгол Улс 3 сая гаруй иргэнтэй. Нийт сонгогчдын тоо 2.3 сая гараад явчихсан. 1992 онд Үндсэн хууль тогтоож байх үеийн аргачлалаар бодвол 120 орчим УИХ-ын гишүүнтэй байх ёстой.
 
 
 
Дэлхий нийтийн жишгээр авч үзвэл 130-140 орчим байх ёстой. Монгол улс үнэхээр энэ хоёр хөршийн дунд бие даасан байдалтай л байя гэвэл парламент давжаа биш чадамжтай байх ёстой. Энэ тухай ярихаар 76 идээчин, угаачинг нэмэх гэж байна гэдэг. Энэ буруу ойлголт. УИХ-ын гишүүн бол дарга биш, ард түмний элч, төлөөлөгч. Төрийг цомхотгоё гэвэл яам, агентлаг, улсын үйлдвэрүүдээ л цомхотгох хэрэгтэй.
 
 
 
Яамдууд бүгд нэг байшинд орох ёстой. Мөн Үндсэн хуулинд иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Иргэний нийгмийн суурь нь төрийн бус байгууллагууд. Гэтэл өнөөдөр холбооны тухай хууль гэгчээр иргэний нийгмийг бүр амьгүй болгох гэж байна. Жил бүр Засгийн Газарт тайлан тавьдаг болох нь. Ийм байж болохгүй. Харин УИХ-ын гишүүд нь өөрсдөө ТББ удирддаг явдлаа болих хэрэгтэй. Нэг бол УИХ-ын гишүүнээ хий, нэг бол боксын холбоогоо удирдаад яв л даа  " гэв.
 
 
М.Гал