Эхлэл
Харь оронд яваар одоод, хэдэн жилээр улиран суугаад ирэхүй сайхан Монгол орон минь юутай их өөрчлөгдсөнийг гайхаад барамгүй. Эргэн тойрны юмс бүхэн өнгө зүсээ солин танигдамгүй болсныг тоочин өгүүлэхийг түр азнан, эзгүй байсан энэ хэдэн жил хэн нь намайг дурсан санаж, хэн нь намайг огоорон мартаа вэ гэсэн нэгэн омгорхол бодол сэтгэлийг минь дэврээн эзэмдэнэ.
Юуны түрүүнд номын их өргөө болсон МЗЭ-ийн хуучин байр болон МСХ-гоор орж, хэдэн сонины газраар чих тавин сонин хачин бүхнийг дуулж мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөв. Онгодын цагаан хүлгээ асаасан үзгэн винтовтой утга зохиолын дайчин нөхдийн маань зарим нь цаг бусаар харван одсон байх гунигтай мэдээг сонсоод өөрийн эрхгүй цочин харамслаа.
Долоо хоногтоо байг гэхэд сардаа багтаж Зохиолчдын хороогоор эргэлдэн уулзаж шинэ сонин бүтээлээ хэлэлцэн сэтгэл юугаан дэлгэдэг асан дэрвүүн залуу насны хагацашгүй андууд Ц.Балдорж, З.Түмэнжаргал, П.Баярсайхан, Ц.Чимэддорж, С.Жаргалсайхан, Я.Энхээ, … Төрийн шагналт яруу найрагч, зохиолч П.Пүрэвсүрэн ах … цааш жагсаан бичьюү гэтэл зүрх өвдөж, гар чичрэх юм.
Зураг дээр баруун гараас Ц.Балдорж, В.Распутин, П.Баярсайхан
Цэрэндоржийн Балдорж
...Ажил тарж, орой болжээ. Геологийн төв лабораторид ажилладаг “хотын хөдөө”-ний хүн би тэр үеийн мөлхөө ногоон хэмээх “Лиаз” автобусаар явсаар төвд ирж “Үнэн” сонины газрыг зорилоо. Зөгийн үүр мэт бужигнан, ажил нь оволзож байдаг эл хамт олон маргаашийн дугаараа явуулах гээд бас л завгүй.
Хоёр давхарт гарч хэзээний танил өрөөний хаалгыг татав. Яг л бодсоноор Балдорж өөрөөсөө өндөр шахам овоолсон бичиг цаасан дунд ширээний чийдэн, үзэг хоёртойгоо нөхөрлөн сууж байлаа. Намайг харснаа өнөөх л сайхан инээмсэглэлээрээ угтан мэндэлж, үзгээ тавилаа. Аагтай халуун байхуу цайгаар дайлж, ойр зуурыг ярилцав. Би ч зорьж ирсэн учраа хэлж өгүүллэг уншиж өгч зөвлөгөө авъя гэвэл тэрбээр нүдний шилээ засангаа,
-За, чи болиорой, адилхан зохиолч байж хэмээн чимээгүйхэн инээвхийлэхэд нь цэвэрхэн шаргал царайд нь ичингүйрлийн туяа татав. Гэвч татгалзсангүй. Өгүүллэгийг минь авч шурдхийтэл уншаад хэд хэдэн санаа хэлж өглөө.
Балдоржтой би нэг их сүйд болж тусгайлан уулзаж учирсангүй, нэг л мэдэхэд дотно танилцсан байв. Биднийг уран бүтээл л ойртон нөхөрлүүлсэн дээ. Нэгэн удаа би түүний хүссэн ёсоор Геологийн төв лабораторийнхоо Баяжуулах тасгийн дарга, “Миний үзсэн Эрдэнэт” зэрэг ном бичсэн, хүүхдийн зохиолч Д.Сэсрэнтэй танилцуулж бид гурав “Туул” ресторанд ваартай цэцгийн хажууд зуун граммын нэмэгдэлтэй пиво хэмээх ундаагаар баясан, хөөрөлд өн сууж нэгэн үдшийг өнгөрүүлсэнсэн.
Зохиолчид цугларсан болохоор үг хэл тун найрамдуу байж, олныг дэлгэн ярилцсан билээ. Ялангуяа Балдоржийн сонирхсон дэлхийн дайдын уул ус, газар шороо, ургамал ногоо, түүнд байх фосфор, магниас авахуулаад түмэн бодисын учир жанцанг хөндсөн шилээ дарсан асуултууд, түүнд өгсөн ясны баяжуулагч Сэсрэн гуайн ойлгомжтой хариултууд ёстой нэг буцалж байсан даа.
Хожим мэдэхнээ Балдорж маань тэр үед байгаль хамгаалах талаар асуудал дэвшүүлсэн лут лут өгүүллүүдээ сэдэн бичиж байсан бөгөөд түүнийгээ амьдралын үнэнд хүргэх гэж өөрийгөө “геологиор” цэнэглэж байсан юм билээ. Мэдлэгтэй байж мэдэж бич гэдэг бол түүний зарчим байв.
Тэгээд ч жир нэгнээс авахуулаад олон арван эрдэмтэн мэргэдтэй ном хаялцан, санал солилцон байж, бас өөрийнх нь хэлснээр дээрээс зэмлүүлж дэргэдээсээ дэмжүүлж “Далай ээж цаазын тавцанд”, “Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй”, “Хоёр сая иргэндээ хөл алджээ” зэрэг олныг цочоосон, даацтай өгүүллүүдээ бичиж нийтлүүлсэн дээ.
Ялангуяа Хөвсгөл нуурыг өмөөрөн бичсэн “Далай ээж цаазын тавцанд” өгүүлэл нь радио, телевизээр нэвтэрсэн төдийгүй онол практикийн хурлаар хэлэлцэгдэж, зөвхөн Монгол Улсаар тогтохгүй бүр ЮНЕСКО-гийн хэмжээнд хүртэл яригдсан нь дэлхий ээжээ хайрласан түүний сэтгэлийн өчил, хүсэл байв.
Энэ нь тухайн үед Хөвсгөл нуурын хөвөөнд Бүрэнхааны фосфоритын арвин их нөөцтэй орд илрүүлж түүнийг ашиглахын тулд одоогийн “Эрдэнэт”-ээс том үйлдвэр байгуулах гэсэн яриа ид өрнөж байсантай холбоотой юм.
Фосфоритын эл үйлдвэрээс тун их ашиг олж Монгол Улсын хөгжлийг алхам урагшлуулах эдийн засгийн асар их ашиг, нөөц бололцоо харагдавч цаана нь Монголдоо ганцхан Хөвсгөл нуур маань фосфороор дүүрч, сүйрэн мөхөх аюул нүүрлэхийг тэрбээр урьдчилан олж харсан хэрэг.
“Үнэн” сонины энэ нөхөр чинь юу ярьж бичээд байна гэх хүн байвч үзэг нэгт радиогийн сурвалжлагч П.Баярсайхан зэрэг олон нөхөд нь түүнийг дэмжиж дуу хоолойгоо нэгтгэж байв.
Чухамхүү Балдоржийн идэвх санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах хөдөлгөөн байгуулагдаж олон улсын эрдэм шинжилгээний чуулга уулзалт Хөвсгөл нуурын эрэгт зохиогдож байлаа. Би түүнтэй Хөвсгөлөөс ирээд удаагүй байхад нь нэг тааралдав. Өнөө л дадсанаараа нүдний шилээ засаж,
-Ах лам нь их сонинтой гээд олз омогтой явсан аяныхаа богцоо задалж байна.
-Чуулга уулзалтад маань Японы Н.Накамото, Америкийн К.Тэйлор, Оросын З.Балаян, Г.Галази зэрэг олон эрдэмтэн ирж оролцсон. Хамгийн сонирхолтой нь өнөө аварга В.Распутин ирсэн шүү. Баярсайхан бид хоёр фосфороор дүүрсэн Хөвсгөл нуур маань цаашаа урсаж Байгаль нуурт цутгана шүү гэж ирээд л аваргыг “авч” өгсөн.
Сибирийн хөх сувд Байгальдаа их хайртай юм билээ. Их ч цочиж, их ч юм бодож байна лээ. Цаадах чинь Ангарын хавьд ойн хамаалагч хийдэг юм байна. Хааяа Эрхүү орж өнөө шилтэй цэнхрийг “Москвич”-дээ дааж ядтал ачиж аваад нам гүмхэн ойдоо очиж бичиж гардаг гэсэн шүү.
Нэг удаа ямар нэг шатны депутатад нэр нь дэвшиж, гэтэл ажил хийдэггүй, архичин энэ хүнийг … болж байгаа юм уу гэж нэг сонгогч шүүмжлэхэд нь мань аварга ой хамгаалагч ажил биш юм уу гэж зандарсан гэнэ гээд бахдалтайяа инээж билээ. Асуудал дэвшүүлсэн өгүүллүүдээ лут бичжээ гэж сэтгүүлчийн зүгээс магтвал тэрбээр чимээгүйхэн инээмсэглэж толгой сэгсрээд,
-Тэр яах вэ. Харин манай Тү (Л.Түдэв гуайг сэтгүүлчид ингэж авгайлдаг) ёстой ланжгар юм аа. Үгүйдээ л манай Ш.Цэен-Ойдов гуай байна. “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халджээ” гэж бичсэн, энэ хүмүүсээс сурах юм их байна гэсэнсэн.
Би бүр анх 1979 онд Балдоржийн бичсэн “Зулцэцэг” туужийг Жаргалантын сангийн аж ахуйд оюутан нөхөдтэйгээ гар дамжуулан уншиж ихэд биширч сууснаа тод санаж байна. Түүнээс хойш туурвисан “Зэрэглээ”, “Өв залгамжлагчид”, “Хэрээ”, “Хачин хүн” зэрэг тайз дэлгэцийн бүтээлүүдийг нь үзэж, “Хурал үргэлжилж байна” туужийн номонд “Эрт сэрж ихийг бүтээж яваарай” гэсэн ерөөлийн үгтэй гарын үсэг зуруулан авч уншиж байсан минь ердөө саяхан мэт санагдана.
1993 онд би УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанд ирж “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн нарийн бичгийн даргын хүндхэн үүрэг хүлээж хоолойд тулсан ажилтай сандарч явтал Балдоржтой болзсон юм шиг таарч орхив.
Тэр үед “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин Төрийн ордонд байрлаж байлаа. Тэрбээр намайг харуут нөхдийнхөө дундаас Сан.Жагаа хэмээн өөриймсөгөөр дуудан хөтөлж явсаар ордны гуанзанд орж үдийн хоолоор дайлав.
Ер нь Балдоржид тоогдоно гэдэг бол сэтгүүлч бидэнд нэр төрийн хэрэг байлаа. Шинэ албыг маань хэзээний мэдчихсэн баяр хүргэж, Монгол Улсын төлөө зүтгээд бай хэмээн ахын ёсоор захиж билээ. Хооллох зуур,
-Ах лам нь нэг ярвигтай кино зохиол бичиж байгаа. Орос цэрэг Монголд хэрхэн “эзлэн түрэмгийлж” байгаа тухай юм. Дээрээс зэмлүүлэх нь үү, дэргэдээс дэмжих нь үү, ёстой бүү мэд гэсэнсэн. Дараа нь “Бой” нэртэй тэр киног үзэж байхдаа хэлж байсан дээрх үгийг нь санаж суусан даа. Бид хоёр гэр орноороо орж гарч явсангүй.
Зөвхөн сонин хэвлэл, уран бүтээлийн өргөөнөө уулзаж явсан боловч хэн хэндээ тохиолдсон амьдралын алив бүхнийг сайн мэддэг байлаа. Тухайлбал, түүнийг сайн танилдаа хэдэн доллар зээлдүүлсний төлөө шүүх цагдаа болж, цаашлаад “Эрдэнэт”-ийн захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нартай гурвалжин холбоо үүсгэн хэл амаа билүүдэгсэд одоо ч явж л байх юм.
Тэрбээр авьяасыг таньж мэддэг, авьяастныг дэмжин хөхүүлдэг нэгэн. Нийтийн дууны нэрт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргал агсаныг гэр орон, гэргий, хүүхдүүдээсээ холдож уймарч туймарч явахад нь нөхрийн халуун сэтгэлээр хандаж редакцдаа авч,
-За Түмээ минь, чи энэ олон залууст сайны жишээ үзүүлж ажиллаарай хэмээн итгэл найдвар хүлээлгэж байсныг нь би сайн мэдэх юм. Монголын зохиолчдын хороо хоёр хуваагдаж, зохиолчид үймж байх үед их Нацагдоржийнхоо үүсгэн байгуулалцсан гал голомтондоо үлдсэнд минь талархагсдын дунд Д.Гармаа, С.Пүрэв, Ц.Балдорж, П.Баярсайхан нар байж гарыг минь халуунаар атгаж байсан даа.
Монгол зон олон далай хэмээн шүтэн хайрласаар ирсэн Хөвсгөл их усан өнөөдөр ариун дагшин хэвээрээ байна. Энэ л их уснаас алгаараа хутган авч мөнхийн рашаан мэт хүртэгсдийн дунд гагцхүү Балдорж, Баярсайхан хоёр маань л алга…
Хааяахан “Өнөөдөр” сонины хаалгыг татан орохуй үүдний цэлгэр танхимын хойморт залрах хэзээний танил, даруухан дөлгөөн дүр бүхий Балдоржийн маань цээж баримал, гэрэлт хөшөө халуун дотноор мэндэлсээр байх юм даа.
Пүрэвжавын Баярсайхан
Сүүн тасгийн хүүхнүүдийн наран болсон эр
Сүнжидмаа чамайг зорин зорин ирсээр атал
Тас ширвэж өөдөөс чинь, зовхи ч нээж үл чадах
Намайг л чи хайрлаж
Ган болж омголтсон сэтгэлд минь
Хур борооны дуслыг амтлаах юм даа
Эл шүлгийг Баярсайхан анд минь оюутан ахуйдаа бичиж Их сургуулийн утга зохиолын дугуйлангийн нэгэн удаагийн хичээл дээр эрдүүхэн зоримог хоолойгоор түгдрэлгүй уншиж зогссон нь сэтгэлд минь хоногшин үлджээ.
Тухайн үед ажиллаж байсан утга зохиолын дугуйлангуудаас хамгийн нэр нөлөө бүхий том нь Их сургуулийнх байсан бөгөөд яруу найрагч С.Дулам, З.Түмэнжаргал нар багшилж байлаа. Чухам эндээс л хожмоо олон сайхан бүтээлээрээ олонд танигдсан яруу найрагчид, зохиолчид төрөн гарсан билээ.
Оюутан болсон 1976 оны намар сангийн аж ахуйн нөр их ажил дуусаж хичээлийн шинэ жил эхэлсэн нэгэн налгар өдөр. Их сургуулийн утга зохиолын дугуйлан хичээлийн хоёрдугаар байрны нэг бага шиг танхимд багтаж ядсан дүүрэн хүнтэй, их л нүргээнтэйгээр нээлтээ хийсэн юм.
Чухам энд л би гидроинженерийн ангийн оюутан, өндөр нуруутай, буржгардуухан хар үстэй, нүд хөмсөг болсон царайгаа урган харлаж яваа сахлаар гоёсон үе тэнгийн нэгэн хүүтэй танилцсан нь хожмоо байгаль хамгаалах олон улсын шагналт зохиолч, радиогийн нэрт сэтгүүлч болсон Баярсайхан байсан юм.
Ингэж л бидний уран бүтээлийн хийгээд насны сайхан үерхэл эхэлсэн. Зохиолчдын эвлэлийн нэгэн удаагийн их хуралд суудал зэрэгцэн тухалж тэмдэглэлийн дэвтэрт минь
Их сургуулиас үерхсэн найз минь
Их амьдралын замд сэтгэл нэг явъя гэж бичсэний нь хариуд би
Чи Баяртай
Би Жаргалтай
Хоёулаа сайхан
Хоёулаа зохиолч мөн биз, хэмээн бичиж өгтөл цаадтай нь суусан Цэндийн Чимэддорж дэвтэрт минь
Сан минь хоёулаа
Санхүүч хамт явъя
Сархад биш
Шүлэг тавьж хөөрөлдье хэмээн нэмж бид жигтэй дотноор инээлдэж байсансан. Дурсамж дундарч дуусдаггүй гэдэг үнэн аж. Баярсайхан оюутан цагийн ангийн орос царайт бүсгүй Д.Энхтайвантай гэрлэж, манай арын байранд амьдрах болсон тул бид сургуульдаа явсан ч, ирсэн ч цуг байлаа.
Биенийдээ орж гарч бичсэнээ уншиж, номын ертөнцөд хамтдаа аялан олон цагаар хөөрөлдөн суудаг байв. Ээжийн хайрсан өөхөн сүүлтэй боовонд Баяраа их дуртай.
Дундаа данхтай цай тавьж байгаад -Хөөе, чи дуулсан уу, уншсан уу гэж ирээд В.Шукшин, В.Распутин, С.Цвейг, С.Воронин нарын өгүүллэгүүдийг ярьж, Алексей Константинович хэмээх жүжгийн, “Дайн ба энх”, “Анна Каренина”-г бичсэн Лев, “Зовлон туулсан нь”, “Инженер Гарины сүйрэл” зэргийг бичсэн Алексей гэсэн гурван Толстой байдгийг сонин болгон ярина.
1980 онд Баяраагийн анхны өгүүллэг “Аав өвөл ирнэ” “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэгдэж бид хамтдаа бөөн баярт умбаж билээ. Ер нь тэрбээр залуусын нэгэн адил шүлгээр эхэлж өгүүллэг, тууж бичиж, дээр нь радиогийн Хөдөө аж ахуйн редакцын “Малчин” цувралын өч төчнөөн чанартай сайн нэвтрүүлгийг малын бэлчээр, малчны хот айлаас жилжингээ сурвалжилж орон даяар нэвтрүүлж байлаа.
Тэр радиогийн ясны сурвалжлагч хүн. Эх болсон дэлхий, байгаль орчны асуудлаар олныг шуугиулсан цуврал нэвтрүүлэг бичин орон даяар цацаж байсны зэрэгцээ “Байгалийн хөдөлгөөн”-ийг үүсгэн санаачлагчдын нэг байж Хөвсгөл далайд нүүрлэсэн аюулыг хөөн зайлуулах их үйлсийн дуу хоолой нь болсон.
Тиймдээ ч Байгаль хамгаалах олон улсын шагнал хүртсэн дээ. Үнэхээр байгаль дэлхийдээ хайртай нэгэн байлаа. Бичсэн өгүүллэг, хийсэн нэвтрүүлэг бүхэнд нь хүмүүний эгэл борхон амьдрал хийгээд сэтгэлийн торгон аяс өнгийг амьдран буй ахуй, байгаль орчинтой нь ямагт холбон дүрсэлдэг нь түүний нэгэн онцлог байсан гэлтэй.
“Хөх өвсний нуур хөлгүй” кино нь ч мөн л байгаль орчны асуудлыг тод томруун өгүүлсэн байдаг даа. Баяраагийн анхны ном “Хөх туурийн тал”-ыг манай дугуйлангийнхан бүгд л өөрийн ном шиг өлгийдөн хүлээж авч “мундаг” баярлацгааж байсан маань саяхан мэт.
-Чи уул ус, ургамал ногоо гэж дөвчигнөж дээр дооргүй хүн амьтны дургүйг хүргэж байхаар зүгээр л өгүүллэгээ нухаж байгаач гэхэд,
-Энэ бид хоёр дуугарахгүй байж болохгүй байна шүү дээ гээд хаана л бол үүрч явдаг репродуктороо заан инээж суудагсан. Алив юмыг хийхдээ урьдаар сайтар тунгаан бодож хийхдээ гав шав хийн хурдан шуурхай амжуулж байх нь мөн бахтайсан.
Нэгэн үеийнхэн болох Ц.Чимэддорж, Д.Чинзориг, Дан.Нямаа, Ж.Сарантуяа, Ч.Энхээ, Б.Эрдэнэбаатар, О.Содномпил бидэнтэй хааяахан нийлэн дарвиж, зуу татаж өнөөх хэрсүү зангаа орхин хүүхэд шиг бүр чин сэтгэлээсээ хөгжин хөөрнө дөө. Бүр даварна гээч. Тэрнийхээ пянг ч даана.
Маргааш өглөө нь цэрэг хүн шиг эртлэн ирчихсэн бичгийн машинаа нүдэж сурвалжилсан хальсаа эмхэлж суух. Хожим нь “Хилэн хар морьт” зэрэг ном бичсэн зохиолч Ч.Алгаа гуайн охин, шүлэг, өгүүллэг бичдэг герман хэлтэй Энхтуултай ханилан сууж, цэцэг шиг хөөрхөн хүүхдүүдтэй өнөр өтгөн айл болсон доо. Тэднийгээ юм л бол өхөөрдөн үнсэж,
-Харав уу, та нар. Байгаль эхийн надад хүртээсэн хишиг гэнэ. Тэднийх бидний цугладаг уран бүтээлийн нэгэн өргөө байлаа.
1990 онд би “Спортын мэдээ” сониноос “туугдаж” Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакцид очиход Баяраа маань сэтгэлээсээ дэмжин тусалж наана цаана гүйж эгнээндээ элсүүлэн авсаныг яахин мартнам. Түүний ах, УИХ-ын гишүүн асан, эдийн засгийн ухааны доктор С.Нямзагд өөрөө уран зохиолд тун их элэгтэй хүний хувьд Итгэлт баяны баяжих ухааны талаар бичсэн өгүүллээ ярьж,
-Нутгийн ханагар зохиолчид зөвлөгөө өгөөч хэмээн биднийг шахан ичээж их юм бичихийг нэг ёсондоо шаарддаг байв. Тэр ч ёсоор Баяраа маань бүр томорч “Хот” роман бичиж олны хүртээл болгосон доо.
Хайр сэтгэлийг мөнхийн сэдэв хэмээн уран бүтээлчид уухайлан шүтдэгтэй адил эх болсон ногоон байгаль ч мөнхийн сэдэв мөн билээ.
Хэзээний хэрсүү бодол, ухаантай Баярсайхан маань уран бүтээлийнхээ зэрэгцээ нийгмийн идэвх сайтай байсан төдийгүй МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн болон төрөлх радиогийнхаа ерөнхий захирлын алба хашиж байв. Юм л бол радио хэмээн санаа тавьж, бас радиогоороо ярьж явдаг асан түүний дуу хоолой цагийн салхинд гэнэт тасарна чинээ зүүдэлсэнгүй. Гэвч Монголын радиогийн хүчирхэг дуу хоолой хэзээ ч тасрахгүй ээ.
Төгсгөл
Нэгэн үзүүрт сэтгэлээр
Чулуун хэрмийг ч цоолно
Нэгэнт өнгөрсөн андаа санахад
Хүрэл зүрх ч хайлна
Аргамжаад ч зогсоохгүй амьдралын хүрд эргэлдсээр байнам. Зөвхөн Балдорж, Баярсайхан хоёр андаараа жишээлэн бодоход Монголын орчин үеийн утга зохиолын хүнд ачааг радио, телевиз, сонин, сэтгүүлүүдэд ажиллаж буй хэдэн муу сайн зохиолч, сэтгүүлчид л үүрсээр ирсэн бөгөөд үүрэх ч болно.
Алслан одсон андуудаа үгүйлэн дурсаж сэтгэл будангуйран уймарч, бачимдан түгжирч явахад, уулзан учрах бүртээ бурам мэт урамтай сайхан үгсээр харамгүй шагнаж байдаг Б.Бааст, Ш.Сүрэнжав, Д.Гармаа, Д.Нямаа, Д.Цоодол, С.Оюун, Т.Баасансүрэн, Б.Хүрэлбаатар, Б.Догмид, Г.Жамьян зэрэг уран үгсийн хан уулс гэгээн тунгалаг буй янзаараа байгаад нь баярланам.
Бас Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Дан. Нямаа, О.Содномпил, Ж.Сарантуяа, Б.Батхүү, Бя.Энхтуяа, У.Булган, С.Хишигсүрэн нар онгод түрэн туурвин бичиж, Ц.Бавуудорж, А.ЭрдэнэОчир, Б.Ичинхорлоо, Б.Галсансүх нар дүрэлзэн асаж байгаад сэтгэл минь уужран гийж хүрэх алсын алсад гялалзах хүслийн гэрэлт одны зүг тэмүүлж явна даа.
Зохиолч, сэтгүүүлч Сан.ЖАРГАЛСАЙХАН
Сэтгэгдэл0
Mash saihan dursamj bichjee. Uneheer mundag humuus baisan shuu. Odoo ch amid um shig sanagddag um, zarimdaa!
Баярсайхан ахтай радиод ажиллаж байхад нь танилцаж билээ. утга зохиол, яруу найраг яриад ирэхээрээ жинхэнэ уран бүтээлч хүн, сэтгэл нь хөдөлж цайлгандуу хүүхэд шиг гэмээр зан нь ил гарч ирдэгсэн. олон сонирхолтой зүйл ярьж өгч билээ. их сайхан сэтгэлтэй, гэгээлэг хүн байсан!
Iim zohiolch bas bna San gene uu
MANAI ZOHIOLCHID HAACHSAN YUM HUURHII BODWOL ARHI UUJ BAIGAAD BUGD TALIIGAACH BOLTSGOOSON BOLOLTOI.UM MANI BADMI HUM HUM HUM
Zohiolch l bol arhi uusan arhi uuj baih estoi um shig bichdeg zaluu yeiig uruu tatdag aa bolimoor bain shuu Eer dursah um baimaar l um daa