sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ тэнгэрийг бүхэлд нь урьд хожид байгаагүй өнгөөр зураглан буулган зориулалттай хамгийн сүүлийн үеийн сансрын дуран авай болох SPHEREx-ийг мягмар гарагт Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас “Falcon 9” пуужингаар хөөргөжээ.

Тус төвийн мэдээлснээр, энэхүү дуран авайг хөөргөсөн нь олон тэрбум жилийн хугацаанд галактикууд хэрхэн үүсэж, хувьсан өөрчлөгдөж, орчлон ертөнц эхэн үедээ хэрхэн хурдтайгаар тэлснийг тайлбарлахад тус дөхөм болох ажээ. SPHEREx төхөөрөмж нь орчлон ертөнцийн гарал үүслийг, Их тэсрэлтийн дараа юу болсныг танин мэдэхэд тусална гэж Калифорнийн Технологийн хүрээлэнгийн судлаач Фил Корнгут хэллээ.




Нийт 488 сая ам.долларын өртгөөр бүтсэн SPHEREx дуран нь Дэлхийн эргэн тойронд бүх чиглэлд зураг авч, одод, галактикуудын гэрлийг долгионы уртад нь хувааж, тэдгээрийн бүтэц, зайг тодорхойлох ажээ. НАСА-гийн эрдэмтэн Жэйми Бок хэлэхдээ, тэнгэрийг бүхэлд нь маш олон өнгөөр ​​харах боломж анх удаа нээгдэж буйг дурдаад, одон орончид тэнгэрийг шинэ байдлаар харах тоолондоо нээлт хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.




Энэхүү аппарат нь хэт улаан туяаны дурангаар тэнгэрийг бүхэлд нь судлахад зургаан сарын хугацаа шаардагдана. Төслийн хүрээнд 450 сая гаруй галактикийн талаарх мэдээллийг цуглуулж, 102 өнгөөр ​​сансар огторгуйн гурван хэмжээст зургийг бүтээх юм. Мөн Нарны титэм хэрхэн Нарны салхи болон хувирч буйг судлахын тулд PUNCH аппаратыг SPHEREx-тэй хамт хөөргөжээ. PUNCH нь тус бүр нь чемоданы хэмжээтэй дөрвөн жижиг хиймэл дагуулаас бүрдэх бөгөөд Нар болон түүний эргэн тойрныг судлах ажээ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг