sonin.mn

ДАМАСК, 2025 оны гуравдугаар сарын 12 /AFP/. Сирийн хойд болон зүүн нутаг дахь Курдийн өөртөө засах засаг захиргааны цэргийн болон иргэний бүх бүтцийг Сирийн төрийн мэдэлд авч, нэгтгэх асуудлаар гэрээ байгуулсан тухай тус улсын шинэ эрх баригчид мэдэгджээ.  Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараа, курдүүдийн Сирийн Ардчилсан хүчний (SDF) командлагч Мазлум Абди нар Дамаск хотод уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээг 2025 оны эцэс гэхэд хэрэгжүүлсэн байх ёстой.




Ерөнхийлөгчийн засаг захиргааны мэдэгдэлд дурдсанаар, хилийн хянан шалгах цэгүүд, нисэх онгоцны буудал, байгалийн хий ба газрын тосны ордууд зэрэг курдүүдийн мэдэлд байсан иргэний болон цэргийн бүх байгууламжийг Сирийн засаг захиргааны мэдэлд авах ажээ. 




Үүний сацуу курдүүдийн нийгэмлэгийг "Сирийн улсын чухал бүрэлдэхүүн хэсэг" хэмээн хүлээн зөвшөөрч, "иргэншил авах эрх, Үндсэн хуульд заасан бүх эрхийг баталгаажуулна" гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гэрээнд зааснаар, курдүүд засгийн газрын цэргүүдэд “Асадын дэглэмийн үлдэгдэл”-тэй тэмцэхэд нь туслах үүрэг хүлээсэн байна. 

Гэхдээ уг баримт бичигт SDF-ийг татан буулгах талаар тусгаагүй байна. Зэвсэгт хүчнээ авч үлдэх нь курдүүдийн гол шаардлагуудын нэг байжээ.




SDF-ийн тэргүүн Мазлум Абди энэхүү гэрээг “энх тайвнаар зэрэгцэн оршихыг баталгаажуулсан, шинэ Сири улсыг байгуулах боломж" гэж нэрлэсэн байна. 

2011 оны иргэний дайн эхлэх үед байгуулагдсан Курдийн өөртөө засах засаг захиргаа нь байгалийн нөөц, улаан буудайгаар баялаг Сирийн хойд болон зүүн бүс нутгийн томоохон хэсгийг хянадаг. Цэргийн жигүүр болох SDF нь 2010-аад онд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг дайнд гол үүрэг гүйцэтгэжээ.

Асадын дэглэмийн үед курдүүд олон арван жилийн турш гадуурхагдаж, өөрсдийн хэлээр ярих, үндэсний баяр ёслолоо тэмдэглэх эрхгүй байжээ. Курдүүдийн ихэнх нь Сирийн иргэншил авах боломжгүй байв.

Шоронд хоригдож буй Курдийн Ажилчны намын дарга Абдулла Ожалан зэвсгээ хураалгаж, байгууллагаа татан буулгахыг уриалсны дараахан Сирийн шинэ эрх баригчидтай дээрх гэрээг байгуулжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг