sonin.mn

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан ээлжит эрэн сурвалжилгаараа шахмал түлшний стандарт түүний орц найрлагад ямар асуудал байгааг хөндсөн билээ. Ингэхэд шахмал түлшний барьцалдуулагч нь стандартгүйн дээр стандартын шаардлага хангаж буй эсэхийг шинжилдэг “Тавантолгой түлш” ХК-ийн лаборатори нь итгэмжлэлгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш нь олон улсын стандартын шаардлага хангаагүйгээс гадна ямар ч хөндлөнгийн хяналт шалгалтгүй иргэдийн гар дээр очиж байгаа юм. Тэгвэл нөгөө талдаа сайжруулсан шахмал түлш түлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл иргэд угаартаж амь насаа алдсаар байна. Шахмал түлш шинэ сэдэв биш ч жил ирэх тусам түүнийг дагасан бизнесүүд цэцэглэж, орц найрлага нь өөрчлөгдөж үүнээс үүдэж иргэд амь насаа алдсаар байгаа юм.


"СОНСГОЛ" ХУРАЛДААД ҮР ДҮН НЬ ХААНА БАЙНА ВЭ?


Өнгөрсөн сард 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй "Утааны сонсгол"-ыг зохион байгуулсан боловч өнөөг хүртэл үр дүн гараагүй байна. Монгол төр сайжруулсан шахмал түлшээр долоо дахь жилдээ иргэдэд туршилт хийж байна. Үр дүнд нь Улаанбаатарын утааны хор хуй дийлдэхээ больж, үүнээс үүдсэн өвчин зовлон, үхэл хагацал тасрахгүй байгааг утааны сонсголын үеэр улс даяараа сонслоо. Харлаа. Үзлээ. Утаа бол Улаанбаатарынхан хамгийн эмзэг асуудал. Харамсалтай нь үүнийг нэг мөр шийдэх гарцыг улстөрчид, эрх баригчид маань олж чадахгүй л байна. Олохгүйдээ биш, хүсэхгүй байгаа бололтой.


Энэ жилээс Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатарын утааг бууруулах олон санал санаачилга гаргаж, ажлын хэсэг зэргийг байгуулан ажиллаж байна. Түүний нэг нь 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй буюу инженер, судлаач, ТББ, иргэдийн төлөөлөл оролцсон утааны сонсголыг өнгөрсөн сард зохион байгуулсан.


Сонсголын үеэр сайжруулсан шахмал түлшний талаар судлаачид ийнхүү хэлсэн юм. Стандартыг яаралтай шинэчлэх, түүхий эд, бүтээгдэхүүний стандартыг сайжруулах замаар түлшний чанарыг дээшлүүлэх, яндангийн тоо, түлшний хэрэглээг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. “Тавантолгой түлш” ХХК-ийн баримталж байгаа барьцалдуулагчийн стандарт нь хэтэрхий ерөнхий, ялангуяа эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой зааж өгөөгүй байгаа тул ямар нэгэн шинжилгээний үр дүнгээр бид нар энэ барьцалдуулагч сайн байна, муу байна гэж хэлэх ямар ч боломжгүй. Сайжруулсан шахмал түлшний чанарын стандартыг түүний үндсэн түүхий эд болох мидлингийн стандартад тааруулж, хүхэр дэгдэмхий бодис болон үнсний агуулгыг харьцангуй өндрөөр тогтоосон байдаг. Ийм учраас нүүрсний түлшний шинжилгээгээр эдгээр үр дүнгүүд стандартын шаардлага хангасан, энэ стандартад нийцэж байгааг харуулаад байгаа юм. Тэгэхлээр энэ стандартыг хэзээ өөрчлөх вэ гэвэл үндсэн түүхий эдээ л өөрчлөх, эсвэл өөр олон төрлийн түүхий эд ашиглах тохиолдолд энэ стандартаа өөрчлөх боломжтой гэж инженер болон судлаачид хэлж байсан юм.


Мөн бямба гараг бүр Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын хуралдаан гэх урт нэртэй байгууллагын бүхий л дарга нартай хамт хийдэг болсон. Гэвч Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай хуралдаанаар утаа болон шахмал түлшний асуудлыг дурдахгүй байгаа. Учир нь хавар болж утааг мартах цаг ойртож буйтай холбоотой байх. Энэ мэтчилэн үр дүнгүй олон хурал цуглааныг хийсэн боловч үр дүнд хүрч чадсангүй. Гэхдээ удахгүй дахиад л өвөл болно. Тэр үед дахиад л сонголтгүйгээр сайжруулсан шахмал түлшээ “шахах”-аар төлөвлөж төр ч үүндээ бэлдээд эхэлжээ.


"САЙЖРУУЛСАН ТҮЛШ"-ЭЭ САЙЖРУУЛЖ, АВАХ АШГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ" ГЭВ ҮҮ?

“Тавантолгой түлш” ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг энэ сарын 7-ны өдөр байгуулсан юм. Ингэхдээ “Шахмал түлшний түүхий эдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр солих, шинэ түүхий эдэд тохирсон барьцалдуулагчийг бий болгох, түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлох, байгууллагын стандартыг шинэчлэн сайжруулж, батлуулахад чиглэх юм гэсэн байв. Тэгвэл санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, “Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллана.


Шахмал түлшний үйлдвэрлэлд үндэсний шинэ технологийг бий болгох, олон улсын стандарт туршлагад нийцсэн шинэ түүхий эд болон барьцалдуулагчид шаардлагатай судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ.


Мөн шахмал түлшний чиглэлээрх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага судлахын сацуу ШУА-аас зохион байгуулж буй сургалт, төсөл хөтөлбөрүүдэд Тавантолгой түлш компанийн ажилтнуудыг хамруулан судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллана” гэв. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, “Засгийн газраас шахмал түлшийг сайжруулах чиглэл өгсний дагуу хамгийн сайн түүхий эдээ өгч байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжуулсан нүүрс. Энэ нүүрсээр бид шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийг сольж шахмал түлшний чанарыг сайжруулах, судалгааны ажлуудыг Шинжлэх ухааны академитай хамтран хийх хүсэлтээ илэрхийлж, ийнхүү санамж бичиг байгуулж байна.


Шахмал түлшний түүхий эдийг сайжруулах чиглэлийн судалгааны ажлыг хийснээр ирэх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас шинэ түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэж, шинэ түлшийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна” гэв.


Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Б.Өлзийбат энэ талаар “Монголынхоо шинжлэх ухааны байгууллагууд тэр дундаа хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран шахмал түлшний түүхий эдийг өөрчлөх гэж байна. Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичгээ өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Одоогоор баяжуулсан нүүрсээ урд хөршөөс татан авах ажиллагаа явагдаж байна. Энэ долоо хоногоос судалгааны ажил эхэлнэ. Өмнө хийж байсан судалгааны үр дүн дээр үндэслэн шахмал түлшний түүхий эдэд судалгаа хийж, өмнө хэрэглэж байсан мидлингээс ямар давуу тал бий болж байгаа зэрэг асуудлын үндэслэн судална. Мөн үүнтэй холбоотойгоор барьцалдуулагч дээр ч шинжлэх ухааны байгууллагууд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллаж шинжилгээ, судалгааны үр дүн дээр дүгнэлт гаргуулна. Шахмал түлшний түүхий эдийг ганцхан химийн хүрээлэнгийн лабораториор бус монголд итгэмжлэгдсэн бүх л лабораториудаар шинжлэн судлуулна. Үүний дараа шинжилгээгээр гарсан үр дүнгүүдийг мэргэжилтнүүдээр дүгнүүлнэ.


Судалгаагаар шахмал түлшний түүхий эд боломжийн сайн гэсэн үр дүн гарвал үүнийхээ дагуу шахмал түлшээ үйлдвэрлэж, стандартаа шинэчилнэ. Эрчим хүчний яамны сайдын тушаалаар шахмал түлшний стандартыг шинэчлэн сайжруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг маань түүхий эдийн судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн стандартаа шинэчилнэ” гэв.


Энэ үгээрээ тэд өнгөрсөн хугацаанд баталсан стандарт, барьцалдуулагчаа чанарын шаардлага хангахгүй байсан гэдгийг батлан хэлж байгаа юм. Шуудхан хэлэхэд өнгөрсөн долоон жилийн хугацаанд уурхайн нүүрсний хог бүхий талбайг цэвэрлэж ард иргэдэд шахжээ. Нүүрсний хог нь дууссан учир дараагийн шинэ санааг сэдэж баяжуулсан нүүрс урд хөршөөс татан авч эхлээд буй нь энэ билээ.


"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ"-НИЙ МОНОПОЛЫГ ХАЛЖ, ОЛОН ТҮЛШНЭЭС СОНГОЖ ТҮЛДЭГ БОЛЪЁ

Манай улсад шахмал түлшийг шинжилдэг олон улсын стандартад нийцсэн лаборатори байхгүй. Хамгийн хоржоонтой нь “Тавантолгой түлш” ХК өөрийн үйлдвэрлэсэн түлшээ өөрийн лабораториор шинжилдэг. Ингэхдээ өрийн таазад нь тултал стандартаа өндөр баталчихсан. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэр нь стандартаа өөрөө баталж, өөрөө өөрийгөө шалгадаг тогтолцоо дэлхий дээр манайхаас өөр аль ч улсад байхгүй. Тэгээд болоогүй лаборатори нь олон улсын шаардлагад ч нийцээгүй хэр нь төр нь түүнийг нь дэмжсээр байгаа.


Магадгүй энэ нь сайжруулсан шахмал түлшийг дагасан бизнесүүдтэй холбоотой ч байж мэдэх юм. Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр “Тавантолгой түлш” ХК-д ажиллах үеэрээ “Танай компанийг түшиглэсэн хэд хэдэн төрлийн бизнес явж байна шүү.


Миний чихний хажуугаар дэлсэж байна. Мидлинг буюу барьцалдуулагч нийлүүлье гэдэг бизнес явдаг юм байна. Шуудай нийлүүлье гэдэг бизнес явдаг юм байна. Тээвэрт нь оруулаад өгөөч гэдэг бизнес явдаг юм байна. Хэдүүлээ цаашид ийм зүйлээ өдөр, өдрөөр багасгая” гэж байсан юм. Одоо тэгвэл энэхүү сонголтгүй шахмал түлшний “Шахаа”-гаа Монголын төр зогсоох цаг болжээ. Харин үүний оронд олон улсын шаардлага хангасан найдвартай лабораторитой болж стандартад нийцсэн түлш үйлдвэрлэх эрхийг нь нээлттэй үлдээчих. Тэгвэл хувийн хэвшлүүд үүнд нь таарсан түлшээ үйлдвэрлэж, хариуцлагаа хүлээгээд явах бүрэн боломжтой. Энэ нь иргэдэд ч ээлтэй шийдэл байж мэдэх юм. Учир нь тэдэнд хамгийн сайн шаталттай, аюул багатайг нь сонгоод хэрэглэчих ухаан бий. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл нь хөгжиж, Улаанбаатар минь утаанаасаа салах боломжтой.


Б.БАЯРЖАВХЛАН, Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин