sonin.mn
БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойд     
 
 
Соёл болбоос аливаа үндэстэн, аливаа улс орны оршин тогтнохуйн амин сүнс нь юм. Эдүгээ дэлхийн бөмбөрцөг дээр 8 тэрбум хүн ам, 200 гаруй улс орон, бүс нутаг, 2500 гаруй үндэстэн, 6000 гаруй хэл түүнчлэн олон шашин суртахуун оршиж байна гэсэн тоо баримт байдаг. Өөр өөр түүх хийгээд улс орны онцлог байдал, өөр өөр үндэстэн хийгээд ёс заншил зэрэг нь өөр өөр соёл иргэншлийг бүрдүүлэх агаад соёл иргэншлүүд нь тус тусын урган төлжих хөрс суурьтай, тус тусын оршин тогтнох үнэ цэнтэй юм.
Хүн төрөлхтний соёл иргэншил улиран хувьсаж, өрнөн хөгжих өөрийн зүй тогтолтой ажээ. Соёл иргэншил олон өнгө төрхтэй байснаар, харилцан холбоотой болдог, харилцан холбоотой байснаар, харилцан хүртээлтэй болдог, харилцан хүртээлтэй байснаар, цэцэглэн хөгждөг зүй тогтолтой байна. 
“Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө өнгийн цэцгүүд бүгд дэлгэрч байж, хаврын үзэмж бүрддэг” хэмээсэн хятадын зүйр үг байдаг. “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” хэмээсэн монголын зүйр үг бий. Эдгээр онч мэргэн үгс нь олон соёл иргэншил зэрэгцэн оршихуйн учир ёсыг өгүүлжээ. 
 
Олон соёл иргэншил үнэ цэнийн хувьд эрх тэгш бөгөөд бүгд тус тусын давуу тал, бас тус тусын сул талтай хэмээнэ. Дэлхий дээр төгс төгөлдөр соёл иргэншил гэж үгүй, бас давуу тал юу ч үгүй соёл иргэншил гэж үгүй. Соёл иргэншилд дээр доор, сайн муугийн ялгал гэж үгүй.  
 
“Санаа зохирч, зэрэгцэн орших”-ын учир ёсыг Хятадын соёл өнө эртнээс нааш чухалчилж ирсэн байдаг. Эртний Хятадын их сэтгэгч Күнз “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” ,  Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор эс дагалдах, өчүүхэн хүмүүн сохроор дагалдах агаад санаа зохирч эс чадах бөлгөө”  хэмээн сургасан нь “Шүүмжлэл өгүүлэл”  хэмээх сонгодог судар бичгээр бидний үед уламжилж ирсэн байдаг. 
Байгаль дэлхий хийгээд хүн төрөлхтний нийгэм баялаг олон өнгө төрхтэй. Хүн төрөлхтний нийгэм дэхь өөр өөр үндэстэн угсаатан, өөр өөр дэглэм тогтолцоо, өөр өөр шашин суртал, өөр өөр соёл иргэншил нь олон ургалч, олон янз бөгөөд “санаа зохирон зэрэгцэн орших” учиртай ажээ. Өөрөөр хэлбэл, нэг л төрлийн тогтолцоо, нэг л янзын соёл иргэншил, нэг л зүйлийн шашин суртлаар хорвоо ертөнцийг холбон нэгтгэх боломжгүй  гэсэн үг юм. 
Хорвоо ертөнц дээр хоорондоо ав адилхан хоёр навч байдаггүй гэдэг. Түүнтэй нэгэн адилаар  ав адилхан түүх соёл, ав адилхан нийгмийн тогтолцоо, ав адилхан соёл иргэншил байх боломжгүй. Соёл иргэншил харилцан холбоотой байж, сая олон өнгө төрхтэй болдог, харилцан хүртээлтэй байж сая элбэг баян болдог хэмээнэ. Тиймийн учир соёл иргэншлийн ялгаатай, олон ургалч байдал нь дэлхийн зөрчил мөргөлдөөний эх үүсвэр болох ёсгүй, харин хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болох ёстой ажээ. 
 
Хятад орон бол өнө эртний арвин түүхтэй, үлэмж баян соёл иргэншил бүхий орон билээ. Хятадын соёл нь түүхийн их урсгал дунд улиран хувьсаж, хөгжин баяжиж ирэхдээ огт тасалдаж бөхөөгүй цорын ганц соёл гэдэг. Английн түүхч А.Ж.Тойнби судалгааны бүтээлдээ тэмдэглэхдээ, сүүлийн 6000 жилийн түүхэнд дэлхий ертөнц дээр хүн төрөлхтний соёл иргэншлийн 26 төлөв байдал бүрэлдэн тогтож байсан бөгөөд тэдгээрийн дотор Хятадын соёл иргэншил нь урт удаан хугацаанд огт тасалдалгүй үргэлжлэн хөгжсөн цорын ганц соёл иргэншил мөн гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 онд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” (Уг санаачилгыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ дэвшүүлсэн), 2022 онд “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” (Уг санаачилгыг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Боагийн Азийн форумын оны хуралдааны нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ дэвшүүлсэн)-ыг тус тус дэвшүүлсний дараа, дэлхий дахинаа хандан, “Даян дэлхийн шинжтэй” гурав дахь санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ бол 2023 онд дэвшүүлсэн “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” юм. (Уг санаачилгыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний яриа хэлэлцээ хуралд үг хэлэхдээ дэвшүүлсэн байна.) 
Даян дэлхийн шинжтэй энэхүү гурван том санаачилга нь харилцан уялдаатай, харилцан нөхцөлдсөн санаачилгууд бөгөөд аюулгүй байдал нь хөгжлийн урьдач нөхцөл, хөгжил нь аюулгүй байдлын баталгаа, аюулгүй байдал болон хөгжил нь соёл иргэншлийн илрэл гэж үздэг.  
Өнөөдөр  дэлхий дахинаа “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг “Шинэ эрин үеийн Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт хандсан бас нэгэн чухал хамтын бүтээгдэхүүн, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг урагшлуулах, хүн төрөлхтний шинэтгэлийн үйл явцыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох Хятад улсын хувилбар” хэмээн нэрлэж байна. 
 
“Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” нь хүн төрөлхтний соёл иргэншлийн харилцааны 4 гол цөм асуудлыг багтаасан бөгөөд гол агуулга нь “4 зүйлийг хамтдаа санаачлах” явдал юм. 
 
 БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээр дурдсан хурал дээр “Шинэчлэлтийн замаар гар гараасаа барилцан хамтдаа урагшлах нь” сэдвээр хэлсэн үгэндээ: 
“Улс орнуудын ирээдүйн хувь заяа харилцан нягт холбоо хамааралтай өнөөдөр өөр өөр соёл иргэншил уужуу багтаамжтай зэрэгцэн оршиж, харилцан солилцож, харилцаж хүртээлтэй байж, хүн төрөлхтний нийгмийн шинэчлэлтийн үйл явцыг урагшлуулах, дэлхийн соёл иргэншлийн цэцэгсийн их хүрээлэн цэцэглэн хөгжихөд юугаар ч орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэж байна. Тиймийн учир миний бие Даян дэлхийн соёл иргэншлийн санааачилгыг дэвшүүлж байна.  
---Дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг эрхэмлэн хүндэтгэх явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд соёл иргэншлийн эрх тэгш байдал, харилцан хүртээл, харилцан яриа, уужуу багтаамжтай байдлыг баримтлан, соёл иргэншлийн солилцоогоор соёл иргэншлийн ангал саадыг даван туулж, соёл иргэншлийн харилцан хүртээлтэй байдлаар соёл иргэншлийн мөргөлдөөнийг, соёл иргэншлийн уужуу багтаамжтай байдлаар соёл иргэншлийн илүү давуу байдлыг гэтлэн давах ёстой. 
---Нийт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг бадруулах явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд энх тайван, хөгжил, тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол улс түмний хамтын хүсэл тэмүүлэл мөн тул өөр өөр соёл иргэншлүүд үнэт зүйлийн утга агуулгыг ухаж мэдэх явдлыг уужуу талбиу сэтгэлээр ойлгож, өөрийн үнэт зүйлийн үзэл болон загварыг өрөөл бусдад тулгахгүй байх, үзэл суртлын сөргөлдөөн хийхгүй байх ёстой.  
---Соёл иргэншлийн уламжлал болон инновацыг чухалчлах явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд улс орнуудын түүх, соёлын эрин үеийн үнэ цэнийг бүрэн дүүрэн нээн илрүүлж, улс орнуудын шилдэг уламжлалт соёл нь шинэчлэлтийн үйл явцын дунд бүтээлчээр өөрчлөгдөж, бүтээлчээр  хөгжих явдлыг урагшлуулах ёстой. 
---Олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд даян дэлхийн соёл иргэншлийн харилцан яриа хамтын ажиллагааны сүлжээг цогцлоон буй болгох явдлыг эрж сүвэгчлэн, солилцооны агуулгыг баяжуулан, хамтын ажиллагааны арга замыг өргөжүүлэн, улс түмний харилцан ойлголцол, харилцан ойр дотно байдалд тус дөхөм үзүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил, дэвшлийг хамтдаа урагшлуулах ёстой. 
Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, дэлхийн хүмүүнлэгийн солилцоо, соёлын харилцаа, хүн ардын сэтгэл зүрхний хэлхээ холбооны шинэ байдлыг үүтгэн буй болгож, дэлхийн соёл иргэншлийн цэцэгсийн их хүрээлэн зүйл зүйлийн цэцэгсээр өнгө  алаглан, элбэг дүүрэн бялхан байхыг хүсэж байна” хэмээн онцолсон байна. 
Күнзийн сургаалтны алдарт “Дөрвөн бичиг”-ийн нэг “Хэв дундын ёсон”  номд “Түмэн бодис нэгэн дор цугаар төлжин үржих агаад харилцан харшилдахуй нь үгүй, жам ёсон нэгэн дор цугаар орших агаад харилцан тэрсэлдэхүй нь үгүй бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг. 
 
Соёл иргэншлийн олон ургалч, уужуу хүртээмжтэй байдлыг чухалчлан, өөр өөр соёл иргэншлийн солилцоо, харилцан яриа, энх тайвнаар зэрэгцэн оршиж, эе зохиролтой зэрэгцэн хөгжиж, өөрийн биеийг өндөр их гэхгүй, өөр бусад соёл иргэншил, үндэстэн угсаатныг дорд үзэхгүй, эрх тэгш хандаж, сайнаас нь суралцан, саарыг нь нөхөж, алив бүхнийг авч шингээн, хүн төрөлхтний соёл иргэншлийн аварга том зургийг бүтээх учиртай ажээ. 
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дээр хэлсэн үгэндээ, “Бид санаа нийлэн орших агаад сохроор эс дагах, алив зүйлийг авч шингээж чадах соёл иргэншлийн харилцаанд тус дөхөм үзүүлэх ёстой. Хүн төрөлхтний соёл иргэншил олон янз байх нь энэ дэлхий ертөнцөд зүйл зүйлийн цэцэгс зүс алаглан жигдрэх өнгө гэрэл нэмж, олон ургалч байдал нь харилцаа солилцоо дагуулж, харилцаа солилцоо нь харилцан нэвчил агуулж, харилцан нэвчил нь дэвшлийг буй болгодог. Соёл иргэншил зэрэгцэн оршиход санаа нийлэн орших агаад сохроор эс дагах үзэл санаа байх ёстой. Гагцхүү олон ургалч байдлын дунд харилцан хүндэтгэж, харилцан хүртээж, эе зохиролтой зэрэгцэн оршиж байж, энэ дэлхий ертөнц сая олон өнгө төрхтэй байж, урагш цэцэглэн мандана. Өөр өөр соёл иргэншил нь өөр өөр үндэстний оюун ухаан, хувь нэмрийг тээж агуулж байдаг бөгөөд дээд, доодын ялгал гэж үгүй, сайн, муугийн хувь хэмжээ гэж бүр ч үгүй. Соёл иргэншлүүдийн хооронд яриа хэлэлцээ байх ёстой, шахах зайлуулах явдал байх ёсгүй, харилцаа солилцоо байх ёстой, орлох төлөөлөх явдал байх ёсгүй. Хүн төрөлхтний түүх болбоос өөр өөр соёл иргэншлүүдийн харилцан солилцож, харилцан хүртэж, харилцан нэвчсэн аварга том зураг юм. Бид өөр өөр соёл иргэншлийг хүндэтгэн, эрх тэгш хандаж, харилцан бие биедээ хүртээж, алив зүйлийг авч шингээж, хүн төрөлхтний соёл иргэншлийг урагшлуулан, бүтээлч хөгжлийг хэрэгжүүлэх ёстой” хэмээн онцолсон байдаг. 
 
Хүн төрөлхтний соёл иргэншлийн нийтлэг зорилго, эрхэм дээд хүсэл тэмүүллийг Хятадын уламжлалт соёлын “Эн тэргүүнд хувь өөрийн үзэсгэлэнт сайхныг бахдах, дараа нь өрөөл бусдын үзэсгэлэнт сайхныг бахдах, улмаар хамаг олон үзэсгэлэнт сайхан бүхнийг хамтад нь бахдах, эцэст сүүлд нь тэнгэрийн дор их эв найрт хүрэх” гэсэн “16 ханз үсгээс бүтсэн сургаал үг”-ээр илэрхийлсэн нь буй. 
 
Анх түрүүнд өөрийн үндэсний соёлыг эрхэмлэх ёстой бөгөөд учир нь соёл иргэншлийн олон ургалч байдлыг эрхэмлэн чухалчлах нь өөрийн үндэсний соёлыг хөгжүүлэх дотоод шаардлагаас урган гардаг байна. Аливаа үндэсний соёл бүхэн өөр өөрийн охь дээжийг агуулж байх бөгөөд тухайн үндэстний оршин тогтнож, мандан бадрах оюун санааны тулгуур нь болдог жамтай ажээ. 
Улмаар бусад үндэстний соёлыг эрхэмлэн, дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг хүлээн зөвшөөрч, улс түмний соёлын эрх тэгш байдлыг чанд баримтлан, даян дэлхийн соёл иргэншлийн хөгжил цэцэглэлд хамтдаа тус дөхөм үзүүлэх ёстой гэсэн үг юм. 
Соёл иргэншил нь тухайн үндэстэн төдийгүй даян дэлхийд хамааралтай. Учир нь аливаа үндэстний соёл нь өөр өөрийн үндэсний өвөрмөц онцлогоороо дэлхийн соёлыг тэтгэн баяжуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтийг хамтын хүчээр урагшлуулдаг байна. Дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг хадгалж байж, сая дэлхий ертөнц элбэг баян олон өнгө төрхтэй, амьдрах дүүрэн эрч хүчтэй байдаг жамтай ажээ. Тийнхүү эцэст нь тэнгэрийн дор их эв найрт хүрснээр, “дэлхийн соёл иргэншлийн цэцэгсийн их хүрээлэн зүйл зүйлийн цэцэгсээр зүс алаглан, элбэг дүүрэн, эрч хүчтэй” орших учиртай ажээ. 
 
Олон өнгө төрхтэй өнөөгийн ертөнц болбоос чухамдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн харилцан солилцоо, харилцан хүртээлийн дунд бүрэлдэн тогтсон хэмээн хэлж болно. Өөр өөр соёл иргэншил нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой, өөр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй бөгөөд оюун санааны гоо сайхан, аж төрөхүйн гоо сайхан, урлан бүтээхүйн гоо сайхан бүхнийг илтгэн харуулж байдаг, хүн төрөлхтний оюун санааны хосгүй үнэт өв эрдэнэ юм.  
Дээр дурдсан “Даян дэлхийн шинжтэй гурван том санаачилга” нь хөгжил дэвшлийн, аюулгүй байдлын, соёл иргэншлийн гэсэн гурван талаас нь, хүн төрөлхтний нийгмийн урагшлах чиг хандлагыг тодотгон заасан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг буй болгоход чиглэсэн Хятад улсын оюун ухаан, Хятад улсын хувилбар мөн хэмээн судлаач шинжээчид дүгнэж байна.    
 
 
   
 
                                              
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ph.D профессор, хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ