sonin.mn

Манай Монгол шиг жижиг, нээлттэй эдийн засагт боломжоос илүү хор хохирол учруулахуйц байдлаар дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид, олон арван жил Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл буюу СЭВ, ЗХУ-д бүрэн найдаж, тэднийгээ мөнхийн мэт ойлгон хамаг хөрөнгө нөөцөө даатган явсаар социалист систем задран нурахад ёстой “нусаа хацартаа нааж”, аймшигт цохилтод өртсөн билээ. 90 оноос хойш гадаад худалдаа, харилцааны чиглэл өөрчлөгдсөн ч эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авах зорилтдоо хүрч чадалгүй явсаар ирлээ. 


Монголын эдийн засгийн хараат, эмзэг байдлыг ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлсээр тайлбарлаж ирсэн ч, ерээд онд олдсон “үүлэн цоорхой-г” ашиглаж чадалгүй явсаар өдий хүрсэн юм. 


Бид, өөрсдийн арчаагүй, алсын хараа, бодлогогүйн гайг өнөөдөр өрөнд баригдсан, эдийн засгийн хөшүүн, өөрчилж чаддаггүй ганц салбарт моно-бүтэц, иргэдийн нуруунд үүрүүлсэн учир замбараагүй дарамт ачаалал, боловсрол, орлого, баялаг, үнэт зүйлс, хүртээмжийн өсөн нэмэгдэж буй ангал, хууль эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй, авлигад бүрэн идэгдсэн төрийн алба, улс орны эрх ашгийг илэрхийлэн хэрэгжүүлэх чадваргүй төрийн институт зэргээс амсаж байна. Хуулийн засаглал, ардчилал үгүйсгэгдэж автократ дэглэм тогтож байна. 


Чөлөөт эдийн засаг, чөлөөт худалдааны зарчмыг баримтлан, олон улсын төрөлжсөн байгууллагуудыг дагаж байхад “бас учиртай гэж” итгэж байсан нь талаар өнгөрч, “дашийн шог” болжээ. 


Бусдад санал болгох юмтай нөхцөлд, нээлттэй эдийн засаг нь ажилладаг байтал бидэнд газар шороогоо ухуулахаас өөр наймаалах зүйл олдсонгүй. Монголчууд бид ямар ч нөлөө үзүүлэх боломжгүй, чадахгүй субъектүүдэд хувь заяагаа даатгаад, хөөрөөд яваад байжээ. Тиймээс ч 5 тэрбумын валютын нөөц, эдийн засгийн 5 давсан хувийн өсөлт зэрэг, ер нь ямар ч өсөлт байлаа гэсэн бидний улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын алдааг засахгүй юм байна. Үлгэр домог, мөрөөдөл дуурайл болж байсан Америкийн ноёрхол, давамгайлал бас цаг хугацааны хязгаартай гэдгийг тооцож чадсангүй. Олон тулгуурт дэлхийн дэг журам бодитой биежиж байгааг хараагүй мэт явсаар л байна. Дэлхийд ноёрхлоо алдаж буй, шинээр хүч түрэн гарч ирж буй улс орнуудын зөрчил нь геополитикийн зөрчилдөөн, технологи, патент, худалдаа, валют гэх мэт төрөл бүрийн гибрид дайны хэлбэрээр илэрч, тив дэлхий бүхэлдээ болон улс гүрэн доторх хямрал нь поли ба перма шинжтэй боллоо. Хамгийн аюултай нь, АНУ өөрийн ноёрхлоо өөрөө нурааж буй байдал юм. АНУ-ын “liberation day” гэгчээрээ зарласан бодлого дэлхий дахины дэг жаягт асар их өөрчлөлт нэгэнт гарсныг ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр харууллаа. Дэг, дүрэм журамд суурилсан даяарчлал, чөлөөт худалдааны эрин үе дууслаа. Одоо хүчтэй нь дур зоргоороо авирладаг, протекционист, аюултай шинэ үе шатанд орж байна. Уул нь, АНУ олон арван жилийн турш эрх чөлөөний бэлгэдэл, чөлөөт зах зээлийн эдийн засгийн үндэс суурь, баталгаа байсаар ирсэн. Тэрээр чөлөөт худалдааг дэмжиж, дүрэм, журам, тодорхой хэм хэмжээнд суурилсан олон талт худалдааны тогтолцоог бий болгох ажлыг манлайлан удирдаж байв. Энэхүү тогтолцоо нь даян дэлхийд төдийгүй АНУ-д ч урьд өмнө байгаагүй ашиг хонжоо, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчирсан юм. 


Үнэндээ, Дэлхийн худалдааны байгууллагын (WTO) систем төгс биш, гэхдээ огт дүрэмгүй байснаас арай дээр гэж бид үзэж ирсэн, тиймээс бусад олон улс оронтой хамт түүний дүрмийг шинэчлэх, тогтолцоог нь төгөлдөржүүлэх сайжруулах шинэчлэлийг шаардаж ирсэн бөгөөд одоо ч оройтоогүй байна. 


Харамсалтай нь, АНУ өөрийн гар бие оролцон бүтээсэн системээ шинэчлэн реформ хийхийн оронд уг системийг бүхэлд нь нурааж байна. Reciprocal tariffs буюу улс орон тус бүрд нь таарсан хариу гаалийн татвар тариф тогтоох гэдэг нь WTO-гийн үндсэн зарчим (бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн), түүний үндсэн архитектурыг бүрэн эсэргүүцэж байгаа хэрэг юм. АНУ нь Монгол улстай $396.6 сая экспорт (2023 онтой харьцуулбал 136% өсөлт), $27сая импорт (2023 онтой харьцуулбал 12.6% буурсан) хийсэн бөгөөд худалдааны тэнцэл нь $369 сая Америкийн талд ашигтай байгаа юм. Трампын бусад улс оронд тариф ноогдуулахдаа ашигласан томьёогоор тооцвол Монгол улс Америкийн бараа товарт 47% хувийн татвар ноогдуулах ёстой болно.


Манай өчүүхэн экспортод ноогдуулж буй 10 хувийн татварын шууд нөлөө одоохондоо хязгаарлагдмал байж болох ч бусад улс орон АНУ-тай адил аашилж, WTO-г орхиж, зөвхөн өөрсдийн нөхцөлөө тулгасан худалдаа хийвэл юу болох вэ? 


Эл байдал нь бүх улс үндэстнийг, ялангуяа Монгол шиг жижиг үндэстнүүдэд дарамт, гай зовлон авчрах болно. Бид шахагдаж, үл тоомсорлогдох, ганцаараа орхигдох эрсдэлд орно. Монгол улс хариу (америкийн логикоор 47%) тариф тогтоохгүй нь мэдээж. Гэхдээ манайх шиг зүгээр хараад суух улс орон хэд байх бол? Хэдийгээр, тарифаар хариу барихгүй ухаалаг хандлагатай бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн Энэтхэгийн жишээ байгаа боловч бид тэдэн шиг эдийн засгийн хүчирхэг орон биш. БНХАУ Америкийн бүх импортод 34 хувийн татварын хариу тогтоож байгаагаа зарлав. Тарифын бус зарим хориг ч тавьж байх шиг байна. Бид, хятад шиг хариу барих чадвартай улс биш. Зарим нэг нь, хэдийнээ “хадгаа бариад” Америкийн ерөнхийлөгчид бараалхаж байна. Хэн түрүүлж гуйсан нь хожно шүү гэсэн дохиог Америкаас цацаж байна. Тарифын дайн анх удаа болж байгаа юм биш л дээ. 1930-аад онд ийм зүйл болж байсан түүхтэй. Тэр үеийн тариф худалдааны дайн нь зэвсэгт мөргөлдөөн, улмаар дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн юм. Өнөөгийн нөхцөл байдал ойрын сар, жилүүдэд хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч хэлж чадахгүй хэдий ч дэлхий дахинд бүхэлд нь томоохон аюул учирч болзошгүйг бид тодорхой мэдэрч байна. Олон улсын олон талт хамтын ажиллагааг хангах үүрэгтэй байгууллагууд суларч, олон улсын хэм хэмжээ, дэг журмын үйлчлэл хязгаарлагдан хумигдаж, улс орнууд “амь амиа бодоорой” гэсэн байдлаар аашлан, хүссэнээ авахын тулд хүчтэй нь сул доройгоо дээрэлхэн, хүч хэрэглэн, шахалт дарамт үзүүлж байна. “Хүчтэй нь зөв” гэдэгт тулгуурласан дэлхийн шинэ дэг журам биеллээ олж байна. Энэ бол өнөөгийн бодит дүр төрх. 


Товчхондоо, дэлхий дахины худалдааны дайн эхэллээ гэж дүгнэж болно. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт хохирч, хамгийн гол нь дэлхий нийтийн хөдөлмөрийн хуваарлалт хэмээх давуу талыг ашиглаж чадахгүй боллоо. Үүнээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах болно гэсэн шинжээчдийн дүгнэлт шил даран гарч байна.


Эл тарифын нөлөө болон бусад улс орон ямар арга хэмжээ, ямар хариу барих нь тодорхой бус байдал үүсгэлээ. Эл байдал хэр удаан үргэлжлэх, юунд хүргэхийг хэлэх аргагүй. Америк дотроо ч тодорхойгүй, талцсан байдал ажиглагдаж, Америкийн бараг бүх штатыг хамарсан олон мянган хүн эсэргүйцэж жагсаал цуглаан хийж эхэллээ. Нээлттэй, гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай, эдийн засаг, гадаад худалдаагаа өргөжүүлэн диверсификаци хийх гэж чармайж буй Монгол улс энэ бүгдийн “хөлд нь үрэгдэж”, хохирол амсах өндөр магадлалтай. Энэхүү хохирол нь эдийн засгаас тусдаа, ангид ч байх магадлалтай. Ямар ч болсон “бид жижиг” гэдгээр халхавчлан арчаагүй байдал гаргаж, сэтгэл санаагаар унаж, энэхүү сорилтын өмнө сөхөрч таарахгүй. Нөхцөл байдал нэгэнт ийм байдлаар эргэж байхад Монголчууд бид сонор соргог, туйлын ухаалаг байдал, тэвчээрийг эрхэмлэх ёстой. Бид өөрсдийн эдийн засаг, нийгэм ба улс төрийн дархлаагаа сайжруулах үүний тулд хүмүүн капиталынхаа чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой. 


Тухайлбал, 2023 онд Монголд хийсэн PISA үнэлгээний дүнгээр 10 хүүхэд тутмын 6 нь уншсанаа ойлгох, цаасан дээр буулгах чадваргүй гэжээ. Хоёр хүүхдийн нэг нь байгалийн ухааны суурь мэдлэггүй гэжээ. Хүмүүн капитал хөгжүүлэх нь ямар ч мега төслөөс онц чухал.


Монголчууд хөгжин дэвших эрхтэй, түүний онисон түлхүүр нь эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай Монгол хүн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг илүү их татах бодлогоо үргэлжлүүэн явуулах ёстой бөгөөд тэднийг дагаад орж ирдэг know-how мэдлэг, технологийг бүрэн ашиглаж, шингээж авах ёстой. Өөрсдийн хэдэн гайгүй компаниа тордож, бордож, бүс нутгийн хэмжээнд тоглогч болгох хэрэгтэй. Зөвхөн түүхий эдээ ухаж гаргаад байх бус, харин нэмүү өртөг бүтээж буй нийлүүлэлтийн гинж дотор илүү их өртөг шингээсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг Монголдоо хийхийг эрмэлзэх ёстой. Юм л бол хямд төсөр, бага татвар гэх мэт гуйлгачин сэтгэлгээнээсээ зоригтой салах цаг ирлээ. Үүнийг хүчээр боловч хийх хэрэгтэй. Өдий болтол явж ирсэн, дэг журам, дүрэмд суурилсан олон улсын тогтолцоо нь бид хүссэн хүсээгүй ч, бидний ямар ч оролцоогүйгээр нурж байна. Гэхдээ бид бусдаас салаад ичээнд орсон мэт, хөмөрсөн тогоон дор мэт байхгүй ээ, харин ч ижил үзэл бодолтой улс орнуудтай хамтын ажиллагаа, хэлхээ холбоогоо бүх талаар бэхжүүлэх ёстой. Бид, нөөц бололцоогоо бүрэн дайчлан, эв нэгдэл, зарчимтай, шийдэмгий, шуурхай байдлаараа ялгарах хэрэгтэй байна. Хүчирхэг байхын утга учир нь хараат бус, эдийн засгийн тусгаар тогтнолоо хангасан байх явдал юм. 


Цаашдаа, юм юм улам л нарийсан, төвөгтөй болно. Урьдчилан таамаглах аргагүй сорилтуудад өөрсдийгөө бэлтгэх ёстой. Аливаа өөрчлөлтийг, аливаа хямралыг үгүйсгэх биш, харин түүнд дасан зохицох, ямар боломж үүсгэхийг нь олж харах, хэрэгжүүлэх чадвар хэрэгтэй.


Тиймээс Монголчууд бид бүгдээрээ сэтгэл зүйн бэлтгэлтэй, оюун санааны хувьд элдэв мунхаглалд авталгүй, туйлын прагматик байх шаардлагатай нүүр тулав. Биеэ тоож, хэнэггүй, сагсуурсан, хэнээрхэл хийрхэлд автахгүй байх нь чухал. Бидний нүүрлэж буй эрсдэл бодитой оршиж байна, буруу хөдөлбөл, буруу шийдвэр гаргавал дэндүү өндөр үнэ төлөх ёстой болно гэдгийг сануулж байна. Ёстой л “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдлөх эсэхийг … дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”. 





Монгол Улсын Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал