sonin.mn

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн санд авах гээд барахгүй л байна. Улмаар, улс төр бужигнаж, улсаар нь талцуулсан элдэв үйл явдал тасрахгүй л байна.


Тэгвэл, Тавантолгойн ордыг анх “тараасан” хүнээр Д.Жаргалсайхан гэдэг хүн нэрлэгдээд байна. Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд УИХ баталсны дараа Засгийн газар АМХЭГ-ыг байгуулахад анхны даргаар нь Д.Жаргалсайханыг томилж байжээ.


Тэрээр уг албан тушаалд 1997-2004 оныг хүртэл ажилласан байдаг. Чухам, тэр хугацаандаа Тавантолгойн ордын лицензийг “хөдөлгөчихсөн” бололтой юм. Тодруулбал, Д.Жаргалсайхан нь АМХЭГ-ын даргаар долоон жил гаруй хугацаанд ажиллахдаа сүүлд стратегийн ордод багтсан орд газруудын олонхыг лиценз хэлбэрээр олгожээ. Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14 мянга гаруй лиценз олгосны 6000 гаруй нь түүнийг АМХЭГ-ын дарга байх үед холбогддог байна. Тэр дундаа Тавантолгойн ордыг анх лиценз байдлаар 1997 оны аравдугаар сарын 22-нд олгожээ. АМХЭГ-аас Тавантолгой-1 хайгуулын 1900Х дугаартай 29639 гектар талбай, Тавантолгой 2 хайгуулын 1901Х дугаартай 42 413 гектар талбайг тус бүр гурван жилийн хугацаатайгаар “Майн инфо” ЗБН-д олгожээ. Тус аж ахуйн нэгжийг Д.Батсайхан үүсгэн байгуулсан.


2000 онд компанийн статустай болгосон. Улмаар 2000 оны долдугаар сарын 24-нд “Майн инфо” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Эм ай эйч” ХХК-д шилжүүлсэн. Сонирхолтой нь, энэхүү “Эм ай эйч” ХХК нь АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайханы үүсгэн байгуулсан компани байв.


Тэрээр одоо тус компанид 62.5 хувийн хувьцааг эзэмшдэг. Дараа нь 2000 оны есдүгээр сарын 4-нд “Майн инфо” ХХК-иас Тавантолгой 1 хайгуулын 1900Х, 1901Х талбайнуудын лицензийг “Энерго ресурс” ХХК-д шилжүүлсэн. Тус компани нь “Майн инфо” ЗБН-ийг үүсгэн байгуулсан Д.Батсайханых байв. Дараа нь, 2002 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Энерго ресурс” ХХК-иас Тавантолгой 1 хайгуулын 1900Х лицензтэй 29639 гектар талбайгаас 24036 гектар талбайг төрд шилжүүлж, 5603 гектар талбайг авч үлдсэн. Тавантолгой 2 хайгуулын 1901Х лицензтэй 42413 гектар талбайгаас 39274-ийг төрд шилжүүлж 2135 гектар талбайг Ухаахудаг нэртэй хайгуулын 1901Х лицензээр, 1001 гектар талбайг Ухаахудаг нэртэй хайгуулын 1901Х-1 лицензээр тус тус хувааж “Энерго ресурс” ХХК эзэмшсэн.


2002 оны арванхоёрдугаар сарын 6-нд АМГТГ-аас Тавантолгой ордын Бор толгой 5188Х хайгуулын лицензтэй 14263 гектар талбайг, Бор тээг 1 хайгуулын 5189 лицензтэй 24036 гектар талбайг, Шар тээг 5130Х лицензтэй 24532 гектар талбайг “Дархан хаан уул” ХХК-д олгосон.


Тус компанийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын авга ах Д.Батхуягийнх байжээ. 2005 оны тавдугаар сарын 2-нд “Дархан хаан уул” ХХК-иын эзэмшиж байсан 5188Х, 5189Х, 5190Х хайгуулын лицензүүдийг, “Энерго ресурс” ХХК-ийн эзэмшиж байсан 1900Х, 1901Х, 1901Х-1 хайгуулын лицензүүдийг “Энержи ресурс” ХХК-д шилжүүлсэн. Тэгсээр, 2007 оны нэгдүгээр сарын 23-нд АМГТГ-аас “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийг 11953А, 11954А, 11955А, 11956А, 11943А, 11952А ашиглалтын лиценз болгож өөрчилжээ.




Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин