sonin.mn

Дипломат байгууллагад олон жил бэлтгэгдсэн ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин ажиллах ёстой хэмээн Гадаад харилцааны үе үеийн сайд нар байнга хэлдэг. Харамсалтай нь ийм шаардлага Монгол улсад алга болоод удаж байгаа бололтой. Саяхан УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадын хэд хэдэн оронд суух Элчин зөвлөхийг томилсон тухай мэдээлэл хийж, олны чихийг дэлдийлгэв. 


Тэдгээрийн дунд өмнө нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хүн амын эмзэг бүлгийг “улны айл” хэмээн нэрлэж олны шүүмжлэлд өртөж байсан олноо "Хатан ижий" гэх хочтой Д.Сарангэрэлийн нэр байсан нь олны эгдүүцлийг ихээхэн хүргэв. 


Д.Сарангэрлийн тухайд гэвэл өмнө нь тэрбээр Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, Монголын Үндэсний телевизэд сэтгүүлч, “ТВ5” телевизийн ерөнхий захирал, УИХ-ын шишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Түүний талаар Гадаад харилцааны сайд хэлэхдээ “УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийн хувьд Төрийн албаны хуульд өөрөө хүсэлт гаргавал 65 нас хүртлээ ажиллаж болно гэж заасны дагуу Болгар улсад Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа. Орос хэлний шалгалт авсан” гэсэн хачирхалтай тайлбарийг хийв.



УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл нь өмнө нь дипломат албанд огтхон ч ажиллаж үзээгүй бөгөөд түүний улс төрийн карьерийг харвал дандаа л нам дагаж, бусдын цүнхийг барьж явсан түүх байдаг. Тэр хэрээрээ тэрбээр дарга нарын өмнө байнга бөхөлзөж, заавал ямар нэгэн хурган даргын албан тушаалд очиж байв.  


Эрх баригч МАН-ын хувьд иймэрхүү утгагүй томилгоо хийдгээрээ аль хэдийн гаршсан бөгөөд өмнө нь тус намын гадаадад томилсон хүмүүс элдэв янзын хэрэг төвөгт холбогдож, дипломат албаны нэр хүндийг сэвтүүлж байсныг олон хүн мэднэ. Тэр ч бүү хэл Гадаад хэргийн сайд нь энэ удаагийн хурал дээр “Гурван намаас гэрээнийхээ дагуу томилгоог хийгээч гээд гадаад хэл, мэргэжлийн шалгалтад тэнцэхгүй хүмүүсийг санал болгосоор байна. Би 95 хувьд нь татгалзсан хариу өгсөн” гэсэн инээдтэй тайлбарыг хийсэн нь олон хүмүүсийг маш ихээр бухимдуулсан.  Тэр утгаараа өнөөдөр манай улсын дипломат албаны удирдах албан тушаалд гол төлөв эрх баригч намын дарга нарын шахааны хүмүүс ажилладаг нь нууц биш болоод удаж буй. Тийм болохоор энэ замбраагүй байдлыг эцэс болгож, улс орны нүүр царай болсон дипломат албанд мэргэжлийн хүмүүсийг томилдог болмоор байна. Тэгэхгүй бол энэ төрийн тусгай алба чинь танил тал ах дүү хамаатан саднаа томилдог арын хаалганы алба болоод дууслаа. 


Уул нь УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлд Монголын төр хангалтай өндөр албан тушаалыг өгч байсныг бид бүхэн сайн мэднэ. Харин тэрбээр тэдгээр албан тушаалд ажиллах хугацаандаа өөрийгөө ямар ч чадваргүй хүн гэдгээ аль хэдийн батлан харуулсан.  


Ямар сайндаа л тэрбээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд хэдхэн сар ажиллахдаа эмзэг бүлгийн айлуудыг “улны айл” хэмээн нэрлэж албан тушаалаасаа бууж байхав. Тэр үүднээсээ хөөрхий улны Монголчууд өнөөдөр "Хатан ижий" гэх Д.Сарангэрэлд ямар ч өргүй бөгөөд тэр хүн өнөөдөр ингэж явахаар өөрийн үүсгэн байгуулсан “ТВ5” телевизийнхээ ерөнхий захиралын ажлыг хийгээд явахад л хангалттай.  Тэгэхгүй өнөөдөр энэ хүн дахиад л төр засгаас өөрийн огт мэдэхгүй албан тушаалыг хүлээн авч байгаа нь олон түмэнд огтхон ч таалагдахгүй байна. Тийм болохоор УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлд хандаж хэлэхэд таны өхөөрдөж нэрлэдэг хөөрхий улны Монголчууд чинь танд ямар ч өргүй шүү гэдгийг сануулж хэлье.   




С.Солонго