sonin.mn
 “Хайрын дархлаа” ТББ-ын гэр бүл судлаач Т.БЯМБАТОГТОХТОЙ ярилцлаа.
 
-“COVID-19” вирусээр өвчлөх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралтын тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Эдгээр өдрүүдэд нийгмийн сэтгэлзүй бухимдалтай байгаа нь ажиглагдсан. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байх шиг?
 
-Дэлхий нийтээр жил гаруйн хугацаанд өмнө нь хэзээ ч орж байгаагүй нөхцөл байдалтай тулгарснаас болж, хүмүүс сэтгэлзүйн хямралд өртөж байна. Гэр бүлийн харилцаанд зарим талаар сөрөг нөлөө үзүүлж байгаа. Бүх зүйлийг “Ковид-19” вирусийн халдвараас болж хүчирхийлэл өсөж, стресс үүсэж байна гэх нь учир дутагдалтай. Ямар нэгэн нөхцөл байдал биднийг хэн бэ гэдгийг илүү таниулж, илчлэн харууллаа гэж харж байна. Энэ өнцгөөс харах юм бол “Ковид-19” вирус болон хөл хорио гэр бүлийн харилцааг эвдэж, сэтгэл санааг нь үймүүлээд байгаа юм биш. Угаасаа л тийм байсныг нь илчилж байгаа хэрэг. Өнгөрсөн жилээс эхэлж, хувь хүний сэтгэлзүй, айдас хүйдсийг хэрхэн даван туулах, хүүхэдтэйгээ болон хосын харилцаа зөрчлийн асуудлуудыг шийдэхэд зориулсан зөвлөмж, зөвлөгөө сургалт, онлайн лекцийг илүү их хийж байна.
Эмнэлгийн ажилтан эмч, сувилагчдад сэтгэл зүйч зөвлөгөө хамгийн их шаардлагатай. Бие махбодын хувьд эцэж туйлдталаа ажиллахдаа ар гэрийнхэндээ халдвар тараачих вий гэсэн санаа зовсон сэтгэхүйтэй байна. Халдвар нэмэгдлээ гэхэд нийгмээрээ түгшсэн байдалтай хүлээж авдаг. Сэтгэл зүйн болон гэр бүлийн боловсролд анхаарал хандуулах цаг болсныг сануулж байна. Гэр бүлээрээ хамт цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх арга аргачлал хэрэгтэй. Өөрийн гэсэн зорилготой хүн бол нийгмийн сүлжээг ухаж, стрессдэж, хүмүүсийг хараан зүхэж, уурлаж, өвдөж, өдөр шөнө нь солигдож, жингээ нэмэхгүй. Яагаад гэхээр, тэр хүн өөрийнхөө зорилгыг мэдэж байгаа учраас биелүүлэхийн тулд цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Гэртээ байгаа хугацаагаа тултал нь ашиглаж чадаж байгаа гэр бүл олон бий. Тиймээс уншигч та өөртөө шинэ зорилго тавиарай гэж захья.
 
-Өглөө ажилдаа яарч гараад орой бор хоногтоо уулздаг гэр бүлүүдийн хувьд үр хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломжтой болсон. Гэр бүлээрээ цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?
 
-Гэр бүл болон хосууд хоорондоо зорилго тавь. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах хэрэгтэй. Өглөө гараад орой орж ирдэг хэвшмэл амьдралын хэв маягт дасан зохицчихсон. Ажилдаа анхаарал хандуулаад амьдралынхаа он цагийг үрээд байсан юм биш үү хэмээх цуврал философийн асуултууд гарч ирнэ. Тэгэхээр гэр бүлийн гишүүд хамтдаа энэ асуудлыг ярилцах хэрэгтэй. Хоорондоо ярилцаж чаддаггүй хүмүүс байдаг. Нэг нь ярина. Ярьж байхдаа үзэл бодлоо илэрхийлэхдээ нөгөөхөө буруутгана. Биеэ өмөөрч, хариу цохилт өгснөөс болж муудалцдаг. Энэ бүхнийг шийдээд явах л хэрэгтэй. Чи, би гээд жийлцээд байвал асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Харин бүр ч холдож магадгүй.
 
-Гэхдээ энэхүү хугацааг гэр бүлтэйгээ зөв зохистой өнгөрүүлж чадахгүй хүмүүс байдаг. Телевиз үзэж, утсаараа оролдсоноос эцэг эх, үр хүүхдийн амьд харилцаа үгүй болж байна. Зарим гэр бүлийн харилцаанд сэв сууж, стрессдэх нь ихэссэн судалгаа гарсан байна лээ. Таны бодлоор энэ асуудал юутай холбоотой вэ?
 
-Барууны зарим оронд би яг үр удмаа үлдээх ёстой юу. Хүүхэдтэй болж өсгөж, хүмүүжүүлж, тэжээж, их, дээд сургуульд суралцуулж, сайхан амьдруулж чадах уу гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Энэ нь тухайн хүний өөрөө өөрийгөө болон амьдралыг харах өнцөгтэй холбоотой. 20 хүрэхээрээ “Хүнтэй гэрлэх нас болсон байна” гэж бодох эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийн шахалтаар таалагдсан болон тааралдсан хүнтэйгээ гэрлээд байгаа нь салалтын шалтгаан болоод байгаа юм. Дунд насны гэр бүлүүдийн хувьд салах шалтгаан нь залуудаа сууснаас болдог. Өөрийгөө таньж мэдэж, ойлгоогүйгээс гэр бүл болчихоод амьдралын сорилтыг хамт үзээд эхлэхээр тэр дунд зөрчил гардаг. Тэрнээс болж хямрал үүснэ. Санхүү, секс, ертөнцийг үзэх үзэл бодол нь зөрөөд зөрчилдөөд ирэхээрээ салдаг. Миний бодлоор хүн хань ижил, мэргэжлээ л зөв сонгох хэрэгтэй.
 
-Гэр бүлд эхнэр, нөхөр хоёрын хэн хэнийх нь оролцоо маш чухал. Манайхны хувьд гэртээ байх хугацаанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их байх шиг санагддаг. Өглөөнөөс үдэш хүртэл эмэгтэйчүүд хүүхдээ асарч халамжлах, гэр орноо цэвэрлэх, хоол ундаа бэлтгэх зэрэг бүхий л ажлыг ганцаараа хийдэг. Эрчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?
 
-Тийм ээ. Эрчүүдийн оролцоо маш бага байдаг. Анхнаасаа үүрэг оролцооныхоо талаар сайн ярилцаж, тохирох хэрэгтэй. Маргаашийн сайн сайхны төлөө өнөөдөр өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байгаа юм. Хүн жин нэмэх маш олон арга байдаг шиг гэр бүлд эрчүүдийн оролцоог ч нэмэгдүүлж болно. Янз бүрийн аргаар нэмэх боломж байгаа. Хамгийн зөв арга зам нь амьдралынхаа ачааг хувааж үүрэлцэх явдал юм. Хийсэн ажлыг нь магтаж, урамшуул. Хэлээд хийхгүй бол урдуур нь орж битгий хий. Үүнийг би хийж чадахгүй. Чи хийнэ шүү гэсэн байр сууриндаа бат зогс. Энэ асуудал эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдэд ч хамааралтай. Аливаа зүйлийг засаж залруулахад хэрүүл, дарамт шахалт хэрэггүй. Магтаж урамшуул, дэмж, зорилгыг нь тодорхойлж өг, ярилц, өмнүүр нь орж битгий хий. Энэ бүхэн хүнийг өөрчлөх аргууд юм. Мэргэжлийн хүнд хандаж сурах хэрэгтэй байна.
 
-Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хүчирхийлэл гарах үндсэн шалтгаануудын талаар дурдана уу?
 
-Энэ бол асар том ойлголт юм. Хүчирхийлэл ургадаг, гардаг нөхцөл байдал, хэв маягууд бол монгол даяараа байна. Үүнийг зөвхөн эмэгтэйчүүдээс биш эрчүүдээс ч харж болно. Гэр бүлийн хүчирхийлэл маш их гарч байгаа нь үнэхээр хэцүү санагддаг. Энгийнээр тайлбарлахад, хүчирхийлэл гарах үндсэн шалтгаан нь мэдэхгүй, чадахгүй, мэдэж чадахыг хүсэхгүй байгаа гурван хандлагын уулзвараас бий болдог юм. Хүүхдийнхээ хичээлийг яаж хийлгэх, яаж тоглоомоо хураадаг болгох вэ гэдэг аргыг өөрөө мэдэхгүй учраас уурлаад шууд орилж, цохиж авдаг. Ингээд л дараагийн хүчирхийлэгчид. Энэ динамекийг олоод харчаасай. Мэдээж хүн өмнө нь амьдарч байгаагүй. Анх удаа амьдарч байгаа учраас мэдэхгүй чадахгүйн дунд төрдөг сэтгэл хөдлөл бол бухимдал. Гэхдээ тэрийг мэдэж, чаддаг болохоороо бухимдах нь багасна. Ямар ч хүнд асуудлыг шийдвэрлэж чаддаг болдог. Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нэмэгдэж байгаа. Өөрөө өөрийгөө хохироож амиа хорлож чадсан хүн өөр нэгэнд хохирол учруулахад бэлэн гэсэн үг. Ер нь амь таслах хэмжээний зоригтой байна гэдэг аймшигтай уур, зориг. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүний арга олох ухаан, асуудлыг шийдэх чадвар дутагдаад байгаа нь харагддаг.
 
-Салалт, хүчирхийллийн асуудалд хадмуудын оролцоо сөрөг нөлөө их үзүүлдэг. “Миний хүүхэд” гэсэн үзлээс болж айлын амьдрал руу хошуу дүрэх, дайрч давшилж, зодсон тохиолдлууд ч байдаг. Хүүхдээ хайрлах биш, өмөөрөх сэтгэл нь их давамгайлж өөгшүүлсэн тал ажиглагддаг?
 
-Өөрийгөө таниагүй эцэг эхчүүд хайр гэж юу вэ гэдгийг бүрэн гүйцэт танихгүй. Тэгэхээр хайр биш юмаар хүүхдээ хайрлаад урт хугацаанд гарч байгаа сөрөг нөлөөний үр дүн илэрч байгаа хэрэг. Хайр хүнд загас өгдөггүй. Загас барих шалтгааныг л зааж өгдөг. Бүдрээд уналаа гээд чулуу өшиглөдөггүй. Харин хүүхдийнхээ өвдгийг гөвөөд дахиж насан туршдаа бүдэрч унахгүйн тулд анхааралтай байгаарай гэж тайлбарлаж өгөхийг л хайр гэнэ. Гэтэл манай эцэг, эхчүүд бүдэрсэн чулууг нь өшиглөж байгаа нь хүүхдээ насанд хүрээд зөрчил гаргах бүрд очиж, дайсагнахын урьтал болдог.
 
Шударга зөв байсан ч өөрийнхөө талыг л өмөөрдөг. Ийм байдал ажиглагддаг. Хэрвээ таны амьдралд ийм асуудал тулгарч байвал ээж, аавынхаа өврөөс гараагүй байна гэдгийг л илтгэж байна. Хүмүүжиж чадаагүй хүүхэд нь хэн нэгэнтэй гэрлэнэ. Жам ёсоор зөрчил үүснэ. Аав эсвэл ээж нь гарч ирээд хоёр талын хэрүүл маргаан үүсэж, салалт өнчрөлөөр асуудал дуусдаг. Тиймээс гэр бүл төдийгүй хүүхдийг аль болох багаас нь бусдаас хамааралгүй, тус дэм авахгүй амьдрах зарчмыг дагаж мөрдөж, чухалчлалын дэс дарааллаар явсан нь дээр гэж үздэг.
 
-Гэр бүлийн үнэ цэн бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага үгүйлэгдэж байх шиг. “Миний л хүүхэд юм чинь” гэсэн өмчилсөн сэтгэхүйгээр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцаж, сэтгэлзүйг нь гэмтээгээд байгаа тал ажиглагдах юм?
 
-Төлөвшөөгүй хүн бусдад хүндэтгэлтэй хандаж чадахгүй шүү дээ. Хүүхэд, аав хоёроор харьцуулж бодъё. Харьцангуй төлөвшсөн 25 настай аав, гурван настай хүүгээ дүүдээ тоглоомоо өгсөнгүй гэж зодохгүй. Гэтэл гурван настай охины тоглоомыг дүү нь булаагаад авахад хариуг нь өгчихнө. Нялх хүүхдээс дүүгээ хүндэтгэнэ гэдгийг харна гэвэл хэцүү, хугацаа ч шаардана. Тэгэхээр харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ярилцаж асуудлаа шийдэх нь төлөвшилтэй холбогдоно. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил маш чухал. Монголчууд ярьдаг. Биеийг нь төрүүлснээс ухааныг нь төрүүлээгүй. Би мэдэхгүй байна гэдэг. Гэхдээ би энэ үгийг эсрэгээр нь хэлмээр байна. Та хүүхдээ тээж төрүүлж болсон юм чинь ухаантай хүн болгож өсгөж чадна. Монголчууд хүүхэд гаргачихаад энд тэнд хаядаггүй байсан. Хүн шиг хүн болгож өсгөх нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Зөвхөн эцэг эх гэлтгүй аймаг, хот, айл саахалтаараа хүүхдийн хүмүүжилд анхаарал тавьж байх ёстой юм.
 
Бид гайхамшигтай оньсого, оньсон тоглоомтой ард түмэн. Гэтэл сүүлийн тавин жил олигтой таван оньсого зохиогдсон уу. Өнөөдөр бие биендээ оньсого таалцахад томчууд нь хүртэл төвөгшөөж, тээр шаадаг болсон. Хүүхдэдээ утгыг нь ухаж бодож, тайлбарлаж өгдөггүй. Эцэст нь, залуучуудад хандаж гэр бүлийн дүрэм, журамтай бол гэдгийг захья. Би байж болох хэдэн жишээг хэлье. Сална гэдэг үгийг амнаасаа бүү гарга. Хэрэлдвэл үргэлжлүүлэхгүй, хэвийн харилцаа хүсэхэд унжиж урвагнахгүй байцгаа. Эвлэрч амжаагүй байсан ч тусдаа унтахгүй байх хэрэгтэй. Сарын өмнөх асуудлыг сөхөх хэрэггүй. Нэг үгээр өнгөрснийг өнөөдөр ярихгүй байх зэрэг дүрэм, журмыг амьдралдаа хэвшүүлмээр байна. Ташрамд дурдахад, манай байгууллага маш олон төрлийн сургалтыг зохион байгуулдаг. Гэр бүлийн дүрэм журмыг хэрхэн боловсруулах, яаж эрүүл зөв зөрчилдөх, ханиа сонгох, хайрын хэл, хүүхдийн хүмүүжил, өрхийн санхүү зэрэг сургалтыг онлайнаар явуулж байна. Сурч мэдэж, мэргэжлийн хүнээс сургалт авах боломж хүн бүхэнд нээлттэй байгааг хэлье.
 
C.Ичинхорлоо
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин