Өнгөрсөн зун хур бороо ихтэй байснаас ургац хураалт долоо хоногоор хойшилсон. Тэгвэл энэ сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэс цочир хүйтэрнэ хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Ихэнхи нутагт агаарын дундаж температур олон жилийн дунджаар, зарим нутагт дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгааг анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр баруун зүгийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5, хөрсөн дээр цочир хүйтрэх аж.
Төвийн нутгаар хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Энэ үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12- 14 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм байна.
Зүүн зүгийн нутгаар нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 хэм дулаан байх нь.
САРЫН СҮҮЛЭЭР ГОВИЙН НУТАГТ ЭРС ХҮЙТЭРНЭ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 24-29 хэм дулаан байх нь. Харин энэ сарын хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дундаас хойш эрс сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 хэм дулаан байх аж.
МӨНДӨРТЭЙ ААДАР ОРЖ ҮР ТАРИА СҮЙТГЭЖ БОЛЗОШГҮЙ
Энэ жил газар тариалангийн гол бүс нутгаар цаг агаарын хувьд боломжийн ургац авах нөхцөл бүрдсэн ба өнгөрсөн сарын сүүлийн байдлаар буудай сүүн болон аарцан бололтын үе шатандаа, ургалтын байдал сайн, Дорнодын Халхголд дунд байсан байна. Төмс ихэнх газарт иш навчны гулжийлтийн үе шатандаа, ургалтын байдал сайн, харин Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баруунхараа, Дархан-Уулд ургалтын байдал дунд байгаа аж.
Үр тариа, төмс-хүнсний ногоо хураах үе буюу энэ сард агаарын температур олон жилийн дунджийн орчим, Халх голын сав нутгаар дунджаас сэрүүн, орох хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим ба Увс, Хөвсгөл, Булганы нутгаар дунджаас ахиу орохоор байна. Хур тунадасны хувьд зарим үед мөндөртэй, усархаг аадар орж үр тариа мөр дээрээ ургах, болц удаашруул, сүйтгэж болзошгүй тул хураах, тээвэрлэх, хадгалах ажилд онцгой анхаарууллаа.
УРГАЦ ХУРААЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС ОРОЙТОХ НЬ
Энэ жил ургац хураалтын техник төхөөрөмж хангагдсан ч цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч үр тариаг ангилж хураахгүй бол болц нь ялгаатай байна. Ургац хураалтын урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд 481.1 мянган тонн үр тариа хураах гэнэ. Үүнээс улаан буудай 468.8, төмс 208.9, хүнсний ногоо 99.4, тэжээлийн ургамал 30 гаруй мянган тонн, тосны ургамал 23 мянган тонныг хурааж авахаар тооцоолжээ.
Үр тариа хураалтад 1100 гаруй комбайн ажиллаж байгаа. Урьд жилүүдтэй харьцуулахад үр тариа хураалт өнөө жил 10 гаруй хоногоор оройтож эхэлсэн байна. Харин төмс хүнсний ногооны ургац хураалт хэвийн явагдаж байгаа. Энэ сарын 10-наас өмнөх байдлаар хүнсний ногооны хураалт 30, төмс 20 хувьтай байсан.
Мөн үр тарианы 300 гаруй га талбайд ангилан хадалт, 600 гаруй га талбайд шууд хураалт хийжээ. Буудай хураалт оройтсон шалтгаан нь тавдугаар сард манай улсын нийт нутгаар харьцангуй сэрүүн байснаас буудайн соёололт удааширсан байна. Түүнчлэн долоо, наймдугаар сард тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн бороо орсонтой холбоотой. Энэ нь таримал ургамалд дулаан дутагдаж, үр тарианы болцод сөргөөр нөлөөлсөн байна.
Б.БОЛД
Эх сурвалж: "Монголын үнэн"
Сэтгэгдэл0