Ээж нарын баяраар МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид ээжүүддээ захидал бичицгээжээ.
ТАНЫ ЭНГЭРТ БИ ЗОВЛОН ҮЗЭЭГҮЙ ӨССӨӨН, ЭЭЖ ЭЭ
Дунд сургуульд байхад манай ангийнхан "Гантуяагийн ээжээс хамгийн их айдаг" гэж ирээд л ярьдаг байж билээ. "Юунаас нь айдаг юм бэ" гэж асуухаар "Мэдэхгүй ээ, зүгээр их ууртай харагддаг" гэж хариулна. Их сургуульд ч ороод нэг бус найзаасаа энэ үгийг сонсож байлаа. Харин тэр бүрт нь би "Өдөр бүр хамт байгаад үзсэн бол ингэж хэлэхгүй" гэж итгэлтэй хариулдаг байсан юм.
Үнэндээ миний ээж 16-хан настайдаа ОХУ-ын Эрхүү хотын их сургуульд хуульч мэргэжил эзэмшихээр мордож байсан юм. Тэр үеэс хойш өдий тавь гаран насалтлаа хуулийн тогоонд "чанагдаж", хуульч гэх бахархам хэрнээ хамгийн хүнд хүчир мэргэжлийг үүрч явна. Шүүгч, өмгөөлөгчөөр олон жил ажиллахдаа хүний хамгийн муу муухай, зовлон, хэрүүл маргааныг л сонсож, алдааг нь залруулж, амьдралд нь чиг зааж явсан юм. Бусдын амьдрал, асуудлыг цэгцлэх гэж үзэлцэхийн хажуугаар үр хүүхэд, хань ижил, ар гэрээ өнгөтэй өөдтэй авч явах гэж зүтгэхийг хослуулан явахдаа ээж минь чамгүй их зүдэрсэн дээ.
Дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөх болоход би ээждээ хуульч болох чин хүсэлтэй гэдгээ хэлж байсан юм. Угаас миний хар багын мөрөөдөл байв. Харин ээж "Хэзээ ч чамайг хуульч болгохгүй" гэж эрс хэлээд эмэгтэй хүнд ахдах хүчир хатуу ажил болохыг ойлгуулсан. Тэр бүү хэл эмэгтэй хуульч наснаасаа овортой харагддаг гээд л ярихад нь "Намайг хайрласан далд хайр"-ыг нь мэдэрч уяраад, дэндүү хүсч байсан ч мөрөөдлөө орхиод сэтгүүлч гэх "Хатуухан самар"-ыг атгасан.Тэр л их хүнд хэцүү хуульчийн ажил, амьдралын олон нугачаа л ээжийн минь инээд алдсан төрх, тормогор алаг нүдэнд нь "ууртай" гэх тодотголыг цагийн аясаар зүүж өгснийг гэж би одоо л ухаарч байнам. Хүмүүсийн хэлдэг тэр "ууртай" хүн чинь үнэндээ уян зөөлөн сэтгэл, уярал хайрыг гэрэл мэт цацрааж явдаг дэндүү тэнгэрлэг эмэгтэй юм шүү, миний хувьд.
Таны энгэрт би зовлон гэдгийг үзээгүй өссөөн ээж ээ. Таны гэрт би нэг ч удаа өлсөж, цангаж, айж, сандарч үзсэнгүй. Таны тэр их халамж, хайранд өлгийдүүлж, муу, мунхаг, муухай бүхнээс алс амьдарч ирснээ би хэний ч өмнө бардам хэлж чадна. Харин охин нь дэндүү их ганцаараа эрхэлчихэж. Эрхлээд ч бас ханачихгүй, элгийг чинь эмтлэн байж их л зовоож байсан даа таныг.
Ээж минь ажил, амьдрал үр хүүхдүүд ханийнхаа төлөө чадлаараа зүтгэж ирсэн жирийн л Монгол эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ миний хувьд эмэгтэй хүнээс ямар их ухаан, хайр, тэсвэр тэвчээр гардгийг өөрийн амьдрал, аливаад хандах хандлагаараа төгс мэдрүүлсэн гайхамшигтай эмэгтэй бол ээж минь Та шүү. Охин нь өөр хэн шиг ч биш харин зөвхөн тан шиг эмэгтэй болж, танаас суралцаж энэ амьдралтай "үзэлцэнэ" гэж бахархан бодож явдаг юм шүү. Надад өгсөн бүхнээр чинь, намайг хайрласан хайраар чинь эргээд таныгаа элгэндээ наан эрхлүүлж жаргаах чин хүсэл зүрхэнд минь хором бүр цохилж байдаг юм аа, ээжээ.
Охин Н.Гантуяагаас /МОНЦАМЭ/
ОЛОНТОЙГОО ЯВСАН УРАН ЭЭЖ МИНЬ
Хүн болгон ээжээс төрсөн, ээжийн хайртай үр. Би ээжээсээ төрсөн долоон хүүхдийн тав дахь тархигүй банди нь юм шүү дээ. Ээж минь бурхан болоод 40 шахам жил болжээ. Тэр цагаас хойш ийм олон он жилүүд хулжин одсон ч нутгийн зон олон одоо ч ээжийг минь дурсан ярьдагт нь би вээр ээжээрээ бахархаж, ээжийгээ биширдэг.
Нэг. ОЛОНТОЙГОО ЯВСАН ЭЭЖ
Миний ээжийг Гаанжуурын.Диваа гэдэг. Нутгийнхан ээжийг минь Жаажаа гэж авгайлдаг. Юм л бол "Жаажаагийн гарай цай ууна" гэж манайд ирцгээнэ. Ээжийн гарын цай, хоол үнэхээр өвөрмөц амттай. Үүний зэргэцээ ээж минь хүнийг дээр, доор гэж үздэггүй, хөгшин залуу гэж ялгадаггүй, хэлэх гэсэн үгээ хэнд ч тоглоом шоглоомоор хэлнэ. Ялангуяа дүүмэд болон багачууд "Хүүр" гэдэг хараалын үг хэлбэл тулга тайруулан хөөнө, гарч зугтвал араас нь хөөж гүйцэж очоод аманд нь давс хийнэ. Хамгийн сүүлийн нэг жишээ хэлэхэд л саяхан болсон Говь-Алтайчуудын золголт, уулзалт бөхийн өргөөнд болоход манай нутгийн нэг эгч надад сүйд майд болж золгон үнсээд ээжийг минь дурсан ярьж байв. Түүний ээж, манай ээж хоёр үйсэн савтай ус үүрээд явж байж л дээ. Тэгээд нэгэн хадан дээр түр амарсан юм байж. Тэгтэл ээж минь наргиан наадам хийж нөгөөдөхөө шоглон, тоглоом тохуу хийсэн аж. Гэтэл түүний ээж ичиж, улайж, инээж наргиж байгаад савтай усаа алдаад өндөр мөргө рүү өнхрүүлчихэж. Ингэснээр усанд явсан хүнийг ус үгүй, сав ч үгүй гэрт нь хариулсан юм байжээ.
Хоёр. УРАН ГАРТАЙ ЭЭЖ
Миний ээж маш их уран хүн байсан. Жараад оны сүүлчээр сумын соёл урлагийн 3 хоног аймгийн төвд болох болов. Гэтэл уран сайханчдын залаатай тоорцог малгайг уран гурван ээж оёсны нэг нь миний ээж. Тэр малгай одоо ч сумын соёлын төвд буй. Мөн миний төрөлх нутаг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 50 жилийн ой болох үед наадмын төв асар болон зүүн, баруун асар, бөхийн майханг угалзтайгаар урлан оёход миний ээж манлайлон оролцож оёсон хүний нэг. Тэр асао 20 жилийн дараа ерээд онд байж л байсан. Мэдээж үр хүүхдүүдийнхээ дээл, хувцасыг оёно. Гэрийн цагаан бүрээсээ хүртэл оёдог байсан. Энэ мэтээр ээжийгээ юутай уран хүн байсан талаар олныг хэлж бичиж болно.
Бичил лурсамжийнхаа төгсгөлд нэг санаа хавчуулмаар санагдлаа. Миний ээж айлын тав дахь хүүхэд буюу 2 дахь охин. Манай өвөг эцгийн өвөө нь баян Т.Шанжмятав гэж гурван авгайтай хүн байсан гэдэг. Манай аав ээжийг 1939 онд эхнэрээ болгож авч л дээ. Тэр үед айлд бэр болж очихдоо ээж минь авгай хүний бүрэн хэрэглэл, хувцастай очиж байсан гэж миний нагац эгч Г.Насан дурсан ярьдаг байв. Шинэ цагийн бодлогоор хуучин юм гууль болж, шинэ юм зул болоход өнөөх авгай хүний хэрэглэлээ задалж мөнгөн хазаарын товруу, эмээлийн товх хийж, зарж борлуулахыг нь борлуулж зүйл дуусгажээ. Гэхдээ зулай дээрээ зургаан ахтай миний отгон охин дүү Д.Намуударь минь ээжийн дээлийн шүрэн товчийг одоо ч нандигнан хадгалж явдагт би баяртай байдаг юм. Тэр товч нь ээжийн хэрэглэж явсан авгай хүний гоёлоос авч үлдсэн шүр билээ.
Би шүлгээ уншдаггүй ч, бичдэг шүлэгч хүн. Ээждээ олон шүлэг бичсэн. Энэ бүхнээс нэгийг нь уншигч танаа толилуулъя.
ОЛОНТОЙГОО ЯВСАН ЭЭЖ
Айлын дүрсгүй хүүхэд хараал хэлбэл
Аманд нь давс хийнэ гэж хөөж л гүйцдэг
Айлуудын саалийн ямаа хотноосоо захалбал
Алга болчихно гэж араас нь явж буцаадаг
Цайлган сэтгэлтэй сайхан ээжийгээ
Цаг мөч бүхэнд санаж л явна даа
Цаашлан одох он жилүүдийн араас
Цацлын шүлгээ өргөж л сууна даа
Сумын наадмын угалзан хээтэй майханг
Сууж босох зуураа оёж л харагддаг
Сумаас зарласан болзолт уралдаанд
Сугарч гаран шалгарч л байдаг
Алсын алсад явчихсан ээжийгээ
Агшин, эгшин болгонд бодож л байдаг даа
Алаг үрсээ тээж түрүүлэн хүн болгосон
Ач гавъяаг тань эгнэгт мартах уу даа
Ээжийн гарын цайны амтанд орсон
Эмээ, өвөө нар манайхаар хөлтэйсэн
Жаажаагийн хийсэн хорхой ааруул гэж
Жалга, довын багачуул магтаал үгтэйсэн
Хорвоод байхгүй болсон ээжийг минь
Хотол олноороо одоо ч дурсан ярьдаг даа
Холдон одсон он жилүүдийг наашлуулж
Хонгор хүүтэй нь үе үе уулзуулдаг даа.
2000.12.24
Д.Сэрээтэр /МОНЦАМЭ/
ЭЭЖТЭЙГЭЭ ӨТЛӨХ САЙХАН ДАА
Ижийтэйгээ хамт өтлөх сайхан гэдэг үгийн утга, мөн чанарыг энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр дэндүү сайн мэдэрсэн. Шинийн нэгний өглөө ургахын улаан нарнаас өрсөн эртлэн босч гэртээ золголтоо хийгээд л 82 насны сүүдэр зооглож байгаа ижийдээ золгохоор яаравчлан явлаа.
Ижийнхээ өргөөнд зочлоход төрсөн гурван эгч маань хүргэн ах нарын хамт үр хүүхдээ дагуулан аль хэдийнээ ирсэн байв. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүү минь ч үр хүүхэдтэйгээ хүрэлцэн иржээ. Хамгийн том эгч минь жаран нэгний жил нь тохиож байгаа, бас хоёр хүргэн ах минь ч 61 нас хүрч жил орж буй өвгөчүүл болжээ. Учир нь тэд бүгд үр хүүхэд, ач, зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл өрхийн эмээ, өвөө хэмээн дуудуулж, хүндлүүлсэн ахмадууд билээ. Шинийн нэгний уламжлалт Цагаан сарын баярын өдөр би ч тэдний адил ахмад настан болсноо дэндүү сайн ойлгож хүлээн авсан юм. Хоёр сайхан хүү минь жил дараалаад бүр намайг "Хошой өвөө" болгосон юм. Манайх гэдэг айл хоёр хүүтэй дөрвүүлээ байсан бол өдгөө хоёр дахин үржиж хоёр бэртэй, хоёр ач охинтой болж, охинтой болохыг мөрөөөддөг байсан эхнэр бид хоёр бүр дөрвийн дөрвөн охинтой өнөр өтгөн айл болсон доо. Энэ бүхнээс л эгч, ах дүүс бид зургаагийн хамгийн бага нь 40 нас хүрч үнэхээр бид чинь ижийтэйгээ хамт өтөлж яваа азтай хүмүүс гэдгээрээ бахархахаас аргагүй сайхан мэдрэмж "Баясгалант" хэмээх усан Луу жилийн шинийн нэгний өглөө төрж билээ. Тиймээ, Ээжтэйгээ өтлөх сайхан шүү...
Миний ээж зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол өдгөө тэднийхээ үр хүүхэд болох 15 ач, зээ, долоон ачинцар, зээнцэрийн буянтай буурай ээж нь болжээ. Загд овогтой Маам хэмээх миний сайхан ээж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул. Одоогоос 60 жилийн өмнө нийслэл хотод ирж улсдаа 31 жил хөдөлмөрлөөд гавьяаныхаа амралтаа эдэлсэн. Миний аав Д.Дэлгэрцогт 1968 онд Улаанбаатар хотын депутат байсан цэл залуухан насандаа ертөнцийн бусыг үзүүлж өнчин зургаан хүүхдээ ганцаараа өсгөж хүний зэрэгт хүргэх үүргийг ээж минь хүлээсэн юм. Ээж маань 1964-1983 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт монгол савхин дээл урлаж тухайн үед аж үйлдвэрийн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, Ё.Норовсүрэн, Б.Гүнжинлхам нартай ажил хөдөлмөрөөрөө уралдсан "Анхны 13-ын" нэг болж төлөвлөгөө нормоо 180-200 хувиар давуулан биелүүлж явсан манлайлагч байсныг нь хүү нь дэндүү сайн мэднэ. Тухайн үеийн сонинд ээжийн минь амжилтын тухай мэдээ, мэдээлэл байнга л гарна. Миний ээж МАХН-ын гишүүн, ажил хэрэгч, хэлэх гэснээ хэний ч өмнө хэлчихдэг шударга нэгэн гэдгийг үеийнхэн нь анддаггүй юм.
Шинийн нэгний өглөө ээжийн минь хэлсэн чин сэтгэлийн үг энгийн атлаа утга төгөлдөр байсныг энд дурдахгүй байхын аргагүй. "Ээж нь үр хүүхдээ тойруулаад өнөр өтгөн сайхан байна. Төр засгийнхаа буян хишгийг ч чамгүй хүртсэн. Сайн үйлс бүхэн дэлгэрч, улс орон, монгол түмнийг минь буян заяа түшиж, амар амгалан, эрүүл энх, амжилт бүтээлийн аз, одоор дүүрэн байх болтугай" хэмээн хүсэн ерөөсөн юм. Хамгаас хайртай ижийдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр "Мартын 8"-ны баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Д.Өлзийсайхан /МОНЦАМЭ/
Ийжийтэйгээ анх үзсэн Улаанбаатар
Газ-51 машины тэвшин дээр ижийнхээ энгэрт хярсан туулай шиг "амьтан" Улаанбаатарын зүг довтолгож явсан балчирхан үе минь мартахын аргагүй.
Намуухан шөнө түг түмэн зулаа асаажээ... тэвшин дээрх ах эгч нарын дуулалдах тэр гоё дуу Улаанбаатарын алдарт вальс байжээ. Шар хөвийн дөрвөлжин дээр гараад ирэхэд хотод шөнө болдоггүй юм байна даа гэсэн бодол бяцхан тархинд минь хамгийн түрүүнд тусч билээ. Хүүхэд насны зөнч бодол зөв тааж дээ. Нээрэн Улаанбаатар минь үеийн үед гэрэл цацарсан мөнхийн гэрэлт хот юмдаа. Илчит тэрэгний дуу уянгалан цуурайтах нь ахтайгаа Булганы нуруунд явж байсан үеийг санагдуулаад л... нутгийн буга ижлээ дуудах шиг ямар сонсголонтой билээ. Бидний суусан машин өдөржин давхисаар шөнөдөж хотод ирэх нь надад бүр ч гоё санагддагсан.
Их хотынхоо гэрлийг алсаас харах гэсэндээ л тэр байж дээ. Тээврийн товчоо хэмээх намхан цагаан байшингийн үүдэнд буухад нагац ах маань тосч аван хөлсний унаагаар Гандангийн дэнжид гэртээ аваачдагсан. Нойр хулжин бушуухан өглөө болохыг хүсэмжлэн хөрвөөн хэвтэхэд ахын гэрийн тооноор харагдах зурагтын
цамхагийн улаан гэрлүүд тэнгэрээс дүүжилчихсэн юм шиг нэн сонихон...
Ижийгээ сэрээгээд шөнөөр ч хамаагүй хот үзмээр санагдаад л...
Төдөлгүй хүслэнт өглөө болж ижий минь намайг дагуулан Ганданд очиж ном хурж буй лам нарт бүгдэд нь нэгтийн төгрөг өгүүлнэ. Лам нар эрхи, очир, судраар надад адис өгөхөд нь ижийгий минь царай яг л баярласан хүүхэд шиг олны дундаас содон харагддагсан. МУИС, Өндөр хоршоо, Урт цагаан, Маахуур толгой, Американ дэнж, Амгалан, Цагаан, Улаан хуаран, Арслантай гүүр гээд л ижий минь намайг анх хоттой танилцуулсан нэр. Ижий минь хот мэддэг байжээ. Төрийнхөө ордонг хүүдээ харуулж Сүх жанжны хөшөөг нар зөв тойруулах. Тэгж явахдаа яг л гандан хийдэд очсон шигээ төрийнхөөө ордонд залбирна. Бөмбөгөрдүү оройтой улаан автобус хүн татаагүй байхад хаалга нь өөрөө онгойж хаагдах нь надад тун ч сонин.
-Ээжээ манай нутгийн Ёндон мужаан гэрийн хаалгыг ингэж өөрөө онгойж хаагддагаар хийж чадах болов уу?
-Мэдэхгүй дээ, миний хүү очиж байгаад өөрөөс нь асуугаарай.Төмөр туурайтай төрсөн юм шиг морьд цардмал зам дээр явах нь нэг л хөгжимлөг содон.
-Ээжээ энэ морьдын туурайнаас төмрийн дуу гараад байх юм.
-Тиймээ миний хүү туурайнд нь төмөр тах хадчихдаг юм.
-Манай хөдөөний морьдод хадаж болох болов уу?
-Хөдөө юм чинь тахны хэрэггүй дээ. Иш ш миний бор хүү мөн ч томоогүй юм асууна шүү.
Ээж бид хоёр ийнхүү дүнгэр дүнгэр ярилцан хотын гудамжаар алхана. Бороо зүсрэн шивэрч эхлэхэд дэгжин дэгжин ах эгч нар гоё гоё өнгө өнгийн хулсан болоод даавуун шүхэр дэрвийлгэн бариад явж байгаа нь норсон шинжгүй. Ээж минь барьж явсан тор саваа уудлан дотроос нь борооны дусал шиг өнгөтэй гялгар цуваа эвхээсээр нь нямбай задлан өмсөөд намайг хормойгоороо далдлан Гандангийн дэнжид ирдэгсэн.
Удахгүй нутгийн зүг явах болоход ах эгч нараар үдүүлэн өнөөх л тээврийн товчоо хэмээх цагаан байшингийнхаа үүднээс Газ-51 машины тэвшин дээр сууж хорин хоёрын товчоогоор өнгөрөн Шар хөвийн дөрөлжний овоонд чулуу нэмэрлэн одох бүлгээ. Ижийгий минь мэддэг их хот Улаанбаатарын шил толь болсон цонхны гялбаа нарны гэрэлд туяаран солонгороод Ачуутын маань адгийн цэнхэр зэрэглээ шиг өндөлзөн даган хоцроход сэтгэл хорогдоод төдөлгүй ах эгч нарын дуулалдах дуунд тайтгараад унтчихдагсан.
Их хөгжлийн цараа тэлж нар ургасан Улаанбаатар минь өнөөдөр ээж бид хоёрын сонирхож явсан тэр үеэс улам ч гоёмсогоор зүг зүгийн уулс руу хаяагаа тэлж, гүрэн гүрний хотуудын жишигт хүрчээ. Төрийн ордны маань дээр мандсан алтан соёмбот далбаа үл хазайхын учиргүй үеийн үед намирах ижий-Улаанбаатар минь ээ. Бишрэлт таныхаа өмнөөс эх орныхоо нийслэлд залбирму.
Б.Цэрэнжамц /МОНЦАМЭ/
МИНИЙ САЙХАН ЭЭЖ
Би амьд яваа насандаа ээжийн тухай хоёр сайхан дуу дуулдагсан. Нэг нь манай нутгийн зохиолч, сэтгүүлч А.Дандий-Ядамын шүлэг, Миний нутгийн хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн хөгжим “Миний ээж сайхан ээжий”
Мяндас зөөлөн уяхан ээжий
Буруу хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий гэж дуулсан бол Монгол ардын суут Дашдоржийн Нацагдорж:
“Монголын үзэсгэлэнт Сарангуа”
Намайг төрүүлсэн ээжий
Яруу сайхан эгшигээрээ
Бөн бөн бүүвэйлсэн ижий гэж дуулсан билээ. Ээжийнхээ тухай дуулаагүй, шүлэг бичээгүй яруу найрагч нэгээхэн ч үгүй билээ. Миний ээж намхан нуруутай навтгар хамартай жирийн л нэг эх хүн байсан. Гэхдээ тэр Өүлэн эх шиг том хүн байсан. Миний муу аав, ээж хоёр бүх хүүхдүүдээ Улсын нийслэл Улаанбаатар хотод оруулж, их дээд сургуульд элсүүлж, мэргэжилтэй, боловсролтой хүмүүн болгосон. Миний аав далан хэдэн нас сүүдрийг зооглосон бол ээж минь бараг наян нас сүүдрийг зооглосон. Миний сайхан ээж хэдэн хүүхдээ амьдралын дөрөөнд дөрөөлүүлсэн, ажлын амтанд оруулсан. Ийм л ачтай ээж юм сан.
Ч.Содномдорж /МОНЦАМЭ/
ДУУНД МӨНХӨРСӨН МИНИЙ ИЖИЙ
ХҮҮ НЬ ОЛОНТОЙГОО ЯВАА ЭЭЖ ЭЭ...
Увс аймгийн Зүүнговь сумын харьяат. Арван баядын Борлууд овгийн Жутааны ТУЯА. Энэ бол миний ээжийн нэр. Зүрхэн дотор минь лянхуа мэт дэлгэрч, зүүд совинг минь наран мэт гэрэлтүүлсэн шидэт үг. Ээж минь намайг амьдрал туршид минь эрхлүүлж байгаа хүн. Ямар сайндаа өөрийнхөө ангид авч анхны "А" үсгийг минь заахав дээ. Бичиг үсэг гэдэг миний амьдралд ус агаар мэт үүрэг гүйцэтгэж, үгийн урлагт шунан дурлах болсны шалтгаан нь чухамдаа ээж минь юм. "Биеийг нь төрүүлэвч ухааныг нь төрүүлдэггүй" гэх үг бий. Ээж минь миний биеийг ч төрүүлсэн, ухааныг ч төрүүлсэн юм.
Багадаа эмээгээс минь нуугдаж байгаад уран зохиолын ном хэдэн цагаар уншаад хэвтчихдэг хүүхэд байснаа ээж минь дандаа л дурсаж ярьна. Эд баялаг, эрх мэдэлд шунах биш, эрдэм ухаан, цэцэн мэргэнийг шүтэх хүмүүжлийг ээж минь сүүтэйгээ хамт хөхүүлж өсгөжээ надад. Энэ бол хувь тавилан, эгшиглэнт хувь тавилан гэж би сүслэн боддог.
Их сургуулийн оюутан болохоор их хотыг зорин гарахын цагт "Олон хүнтэй машин байна. Дунд нь сууж яваарай!" гэж эжий минь захиж билээ. Олны дунд омголон ганц тоо байхын, бас олонтойгоо явахын үлгэр дууриал болсон эцэгтэй минь хорвоогийн жаргал зовлонг нэгэн хүн мэт туулж ирсэн энэ бүсгүйн өмнө л би бүхнээс илүү бардам эрэмгий байж чаддаг. Асан дүрэлзэхийн, зовхи өөдөө амьдрахын уг шалтгаан нь эжий минь юм. Эжийдээ эрхлэхгүй юм бол өөр хэнд эрхэлхийм.
Эмээ минь мөнх бусыг үзүүлсний дараа ээжтэйгээ ярьж чадахгүй халгаад хэд хонож билээ. Утасны цаанаас ээжийнхээ дууг сонссон тэр мөчдөө л би ээждээ даруйхан очих ёстой гэдгээ ойлгосон юм. Орон гэртээ сар шинийг угтсан тэр л өдрүүдэд би огт өөр хүн болсон юм. Том болсон.
Уг нь одоо гараад л нутгийн зүг, гэрийнхээ зүг, эжий аав руугаа, эрх шар дүүрүүгээ явчихмаар л байна. Гэхдээ маргааш уулзах гэж өнөөдөр салдаг, үүрд хамт байх гэж маргааш уулздаг гэж үг бий. Арга билгийн хоёр эхлэл минь үүрд надтай хамт байх болно. Энэ бол намайг эгэл олны минь дунд хүн шиг хүн байлгадаг хамгийн хүчирхэг хүчин зүйл.
Хүү нь олонтойгоо явна. Хүү нь хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно.
Я.Баяраа /МОНЦАМЭ/
СҮҮТЭЙ БУРХАН, СҮҮДЭРТЭЭ Ч БҮДРЭЭГҮЙ ЭЭЖ МИНЬ
Номын их багш Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ах маань ээжтэй хүн бүхний хамрыг шархируулам, нулимсаа барьж үл барам нэгэн сайхан үг хэлсэн байдаг даа. "Ээжийтэй байхад би баян" гэж. Энүүн шиг гайхам үгийг одоо хэр нь түүнээс давж хэлсэн нь алга даа. Аяа, би ч бас ижийгээ хэзээ ч ядуу, чадуу гэж хэлж чадахгүй. Энэ дэлхийд ээжтэйгээ байгаа би хамгийн баян, энхэр долоон үрээ тойруулаад сууж байгаа ижий минь ч баянаас баян. Жилээс жилд жижгэрч бус жилээс жилд үрсээрээ баяжиж суугаа ижий минь энэ дэлхийн тэрбумтнуудаас ч баян. Ээжий минь өнөөдөр долоон бурхан шиг долоон үрээсээ салаалан ургаж, садран асгарсан сүүн сэтгэлтэй хоёр ач, долоон зээгээ эрхлүүлээд суухаараа бүүр баян харагддагийг нь яана гээч. Бас зээ хүүгийнхээ зээнцэр охиныг биднээс харамлахаараа хачин "харамч баян".
Ардын хүүхдэд "А" үсэг заасан багш юм болохоороо /Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуульд 40 гаруй жил тасралтгүй бага ангийн багшаар ажиллаад тэтгэвэртээ гарсан/ үзэг цааснаас салахгүй тэмдэглэл хөтөлж, шүлэг, сургаалт өгүүллэг биччихсэн сууна. Гэрийнхээ багшийн ажлыг гарынхаа дэргэдэх гурван зээ охиндоо зааж сургасаар явааг нь шинэ жил, цагаан сар, наадмын золголт, нийллэгээс бэлээхэн харчихнаа, бид. Зээ охин Ган-Оюу, Наранзул, Саранзулдаа дуу бүжиг зааж өгөөд ах дүү нарт нь "концерт" үзүүлж, өөртөө дүн авна. Ээж минь дандаа "Онц" авна. Заримдаа "хов" зааж өгч "Онцмуу" авчих гээд байхаас бус. Гэхдээ ээжийн минь хов гэж юу байхав. Төрсөн охидоосоо "Хүргэдээ" өмөөрөөд сүйд. Зургаан охиныхоо зургаан хүргэнд хир хүртээхгүй санаатай. Ганц хүүгээсээ болохоор "Газар дээр ганц бэрээ" өмөөрөөд янзтай. Эмч бэрдээ эвтэйхэн долигоноод эм тариа, гутал хувцасхан, дээлийн торгоор шагнуулахаараа хөөрөх нь дэндүү, хөөрхий. "Газар дээр ганц хүүг минь архинаас салгаж өгсөн газар дээр ганц Дарь эх шиг бэр минь" гэж ирээд л шүлэг биччих жишээтэй. Ээжийн минь бичсэн шүлэг, сургамжит өгүүллэг тав зургаан дэвтэр болчихсон байна лээ. Энэ жил ээжийнхээ тэр дэвтрүүдээс шүүгээд нэг хөөрхөн сургамжит өгүүллэгийн ном бэлдэж хэвлүүлээд бэлэглэчих санаатай байна. Ээж минь өөрийнхөө тэтгэврийн мөнгийг хуримтлуулаад номынхоо санхүүг босгочихсон надад өглөө. Ээж минь тандаа олон ч шүлэг бичиж, оюуны суварга босгож өгсөн хэрнээ таныхаа номыг хэвлүүлээд өгчихвөл үр бидний чинь хариулж үл барах нэгэн ач тусын өчүүхэн дусал болох болов уу даа.
Таныхаа төрөөс гуйж бус гуядаж авсан "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар одон дээр чинь "Багшийн гавьяа" одон зүүлгээд өгсөн чинь нэг их баярласан, хөөрхий. Тэгэвч таныхаа ачийг яаж гүйцээж хариулах вэ?
Таныхаа номыг би "Сүүтэй Бурханы сүүтэй үг" гэж нэрлээд байгаа шүү. Ээж минь таныгаа би 50 жил "гомдоосон" юм уу даа? 50 жил "эр дүү" төрүүлж өгсөнгүй гэж агсан тавиа юу даа? Тэгсэн бол уучлаарай. Та надад тав биш зургаан охин дүү төрүүлж өгч, одоо зургаан ханхар хүргэн дүүтэй болгоод өгчээ. Над шиг хүргэдээрээ баян хүн гэж алга даа. Тиймээс ч хүү чинь "Хүргэд минь, бэргэд минь" гэсэн нийтлэлийн брэнд ном тэрлэж сууна. Ном бүхний минь уран санаа, ухаалаг зохиомжийг ээж минь та надад өгдөг. Одоо бас "Сүүтэй бурхад" гэсэн сайхан ээжүүдийн хөрөг ном ширээн дээр минь мишээж байна. Номон суварга осгож өгсөн ээж таныхаа насны тоогоор номон суварга босгож чадах бол уу, би? Чадахын төлөө мэрийе.
Ээж минь Тантай би, гурван цагаан сараар архи үнэртүүлсэнгүй золголоо, Баярлуулах гээд тэр. Дахиад би гурав байтугай гучин жилийн цагаан сараар архи "сэнгэнүүлэхгүй" ээ, Таныхаа ач, гуч, зээнцэрийн дэргэд ч ганц "өвгөн хүү" чинь архи үнэртүүлэхгүй ээ. Бэр, хүргэдээс чинь архи нэхэхгүй ээ. Дандаа сүүтэй шүлгээ уншиж явья.
Ээж минь Таныхаа ээжийг бас дурсая. Аавыг минь төрүүлсэн ачит эмээгээ бас дурсая. Би чинь эмээгээрээ баян өссөн хүү шүү, тийм ээ ээж ээ. Эмэг ээж Дарьлхам маань таныг сүүгээрээ хөхүүлж өсгөчихөөд бас намайг сүүгээрээ хөхүүлж өсгөсөн ачтай буурай шүү. Ганц охин таныг эрхлүүлж өсгөчихөөд намайг бас эрхлүүлж өсгөсөн гавьяатай эмээ шүү. Өөрийнхөө таван хүүхдээс намайг л ганцхан өмөөрч өсгөсөн эмээ шүү. Аавын минь ээж Лхамжав гэж сүүгээр тасалдаггүй саальчин эмээ байлаа. Тэрхийн цагаан нуур шигээ хэдэн бор сарлагийнхаа тос хөвсөн цагаан сүүгээр биднийг дөрвөн улиралдаа таслаагүй эмээ минь. Хүн хүнээс илүү надад ганцхан зориулж мэхээрийн бор тос хольж гүзээ, олгой дүүрэн хийгээд өгдөг буянтай эмээ байлаа. Ээжийн минь ээж, аавын минь ээж энэ хоёр эмээдээ сүнсийг нь баярлатал шүлэг бичих юм хуна даа.
Ээждээ, эмээдээ, орчлонгийн бүх эхчүүддээ зориулж бичсэн "Дарь эхийн тарни" дууныхаа нэгэн бадгийг дахилттай нь шүншиг болгон өргөе. ...Сүсэгтэйхэн бурхадын ээж нь болсон
Сүүн тахилтай Цагаан, Ногоон Дарь эх мину
Сүжрэлтэйхэн хайрын дээжээр мялаасан
Сүндэр овооноос өндөр хоймортой ээжүүд, ээжүүд мину
Ум даарий, дүд даарий, дүүрий суухаа
Үргэлж мөнхийн амьдрал минь аз жаргалаар бялхаарай
Ум даарий, дүд даарий, дүүрий суухаа
Үрсүүд минь урт насалж удаан жаргаарай...
Ж.Батсайхан /МОНЦАМЭ/
САНАЖ ОЧООД СААТАН ТУХАЛНА БИ....
Ээж ээ... загнуулахаас залхдаг, залхуугаа дуудуулах огтхон ч дургүй, “өө сэвгүй” охин тань Танд зав гаргаад захиа бичиж байна гэвэл итгэх үү. Оюутан болж таныхаа дэргэдээс холдсоноос хойш хааяахан очиж, очихоороо нөхөр хүүхдийн хамт нэг л их дайлуулж цайлуулан зочин шиг аяглаж, бэлгэдлийн төдий зүс царайгаа харуулсан болж явсаар олон жил өнгөрчээ.
Таныхаа дэргэд хоёр хоног боловч өнжиж, яг л жаахан байсан шигээ оровч гаравч даган, нарийн ширийнийг хүүрнэн, хууч хөөрөн саатъя гэж хааяа бодох ч нэг л болж өгөхгүй юм. Охиноо улам сайн яваасай гэсэндээ юухан хээхнийг анзааран шүүмжилж байгаа чинь тээртэй санагдаж, “өөрөө төгс юм шиг хүн өөлөөд байх юм, явлаа...” гэж ирээд л мөн ч олон удаа толгой хаялан гарсансан. Утсаар ярихдаа хүртэл яарч төвөгшөөгөөд л “За...., тэгээд ..., нуршилгүй гол юмаа ярь” гэж ч байх шиг. Эхээс төрөөгүй эрэгнээс унасан аятай таныгаа үгүйсгээд л, би ч буруу сэхэж байна даа. Өнөөдрийн минь ахуй болж бүтээд, бусдаас илүүрхэхгүй ч дутах юмгүй яваа болохоор л ингэж омголонтож байгаа байх. Өнгөт амьдрал гэрэл шигээ алаглах энэ их хөлийн газар цаг гэдэг алтнаас үнэтэй ч ижийдээ арав таван хором зарцуулчих завгүй, амин чухал ажил гэж юу байхав дээ.
Айлын охидууд шиг ээждээ эрхэлж нялхарч өсөөгүй л дээ, би. Ээж рүүгээ ухаан зулаггүй яарч, эрх нялхамсуу үгс сав л хийвэл урсгадаг хүмүүсийг бүр гайхдаг гээч. Хамгийн сүүлд хэзээ тандаа үнсүүлснээ ч үнэндээ санахгүй байна, Цагаан сарыг эс тооцвол. Гараасаа хөтөлж өсгөсөн ганц охин чинь эрчүүдээсээ дор, ийм хахир хатуу, хуурай газрын сайр шиг хөшүүн хадмал хүн болж хүмүүжнэ гэж та бодоо ч үгүй байх. Чухам юу намайг ийм болгосныг би мэдэхгүй ээ.
Магад ганц охин гээд аавдаа илүү амь татуу явсанынх биз. Аав маань бурхан болсоор удаж, саяхан цайны ханьтай болсноос тань хойш Тандаа очих нь бүр ч цөөрч, ханхай гэртээ хань татах сэтгэлийг нь ч бодолгүй хүнийрхэн өндөлздөгөө өөрөө ч мэдрэхээ больж. Насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болсон ч охиноороо дутаж, үгүйлэн харуулдагийг чинь уг нь би мэднээ. Хааяхан илүүчлэх хэд гурван төгрөг, ховорхон илгээдэг бэлэг сэлтхэн охиных нь сэтгэлийн галыг орлохгүй гэдгийг ч бас гадарладаг. Амьдад нь шальтай баярлуулаагүй атлаа алаг орчлонгоос яваад өгсөн хойно нь нэг их сайн охин байсан юм шиг энэлж шаналан, элгээ эвхэн харамсан уйлахаа ч бүр сайн мэдэж байна.
Гэхдээ та минь надаас хэзээ ч илүүг шаарддаггүй, өөрийгөө болгоод, өрөөлд муу хэлүүлэхгүй явж байгаад минь сэтгэл ханаж, баярлаж явдаг дэндүү уужимхан сэтгэлтэй. Ерөөс эх хүн бүр ийм байдаг байх. Амьдралын атираа нугачаа, насныхаа тоогоор олж авсан ухаарал нь тэднийг ийм өр нимгэн болгодог биз. Магад би ч бас нэгэн цагт охиноо хүлээгээд л, ирэхээр нь туньсан сэтгэлээ дутагдлыг нь өөлж гарган, дургүйг нь хүргэх биз. Тэр цагт таныгаа сэтгэлийнхээ гүнд хүртэл ойлгох болохоор одоо ингээд гөлмөн төмөр шиг гөлгөр хүйтэн царайлаад явж байгаадаа гэмшивч, тэгтлээ өмрөхгүй л байна. Хэлж болдоггүй үгс, хэрэгжүүлж чаддаггүй ухаарал гэж байх юм.
Учиргүй өөрчлөгдөөд урд хождоосоо илүү сайн охин болно гэж би амлахгүй, угаасаа чадах ч үгүй байх. Сэтгэлийнхээ мухарт таныгаа бодож, хаа нэг цайныхаа дээжийг зүглүүлэн өргөж, их л болж Гандан зүглэж ижийдээ урт наслахын ерөөл уншуулахаас өөрөөр гийгүүлж базаахгүй биз дээ, охин чинь. Энэ бүхнийг засч залруулахгүй ч ойлгож ухаармар аядаж байгааг бодоход таны охин ч бас хорвоогийн жамаар хонгор насаа алсалж яваа бололтой.
Загнаад ч болов дэргэд минь байсан ч болоосой гэж харамсахаасаа өмнө заавал тандаа зорин очиж, хөөрөлхөн сонирхуулах жижиг сажиг зүйлсийг ч орхилгүй тогтож сонсон, хөлсөө гартал гарын тань цайг ууж саатнаа. Баруун айлын хүүхэн залуу хоёр том нохой тэжээдэг, зүүн талын хөршийнд хүмүүс цуглаж сүмийн дуулал дуулдаг, хаврын салхинд туугдаж ирээд тагтанд нь хөглөрөх цаасан дотор хийморийн дарцаг байсан, энүүхэн урдах замыг сумын захиргаа саяхан засмалдсан гээд танд минь ярих сонин мунддаггүй. Ач холбогдолгүй юм ярилаа гэж ахиж би тээршаахгүй ээ, түм буман дутагдлаа ч бас түүртэж ихэрхэлгүй хэлүүлнэ. Адайр охиноо ухаажихыг үзэх гэж аясхан цэнхэр, гуниг хүрэхгүй алсдаа та минь хүлээж л байгаарай.
Ээж З.Буянхишигтээ охин Э.Адъяасүрэнгээс.... /МОНЦАМЭ/
Үрээ өмөөрдөггүй ч өөрөөсөө "харамладаг" ээжийн ухааныг гүйцэхгүй нь үнэн
Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод цэцэглэдгийн адил зургаан сайхан хүүхдээ өдий зэрэгтэй өсгөж, 10 ач, зээгээ тойруулан суугаа Ээж минь та энэ орчлонгийн эрхэм ачтан билээ.
Миний ээжийг Оюун гэдэг. Булган аймгийн Могод сумын уугуул айлын ууган охин. Ээж чинь залуудаа их сайхан урт хар гэзэгтэй, хөөрхөн хүүхэн байсан шүү хэмээн өдгөө 90 насны сүүдэр дөхөж яваа эмээ минь хааяа бидэнд хуучилдаг юм. Нэг удаа ээжтэйгээ найз дээрээ очтол чи ээжээсээ царай муутай юм байна, ээж чинь сайхан эмэгтэй байна шүү гэж билээ. Ээж минь царай зүс сайхан шигээ сэтгэл сайтай, уужуу ухаантай, хүнд буруу өгдөггүй, хүний буруу зөрүү хэлсэн үгийг хүртэл зөөлрүүлж, зөв талаас нь хардаг хүн. Ээжийнхээ тэр л нандин сайхан чанарыг эрхэмлэж, өөрийнхөө хоёр охиндоо ч гэсэн хэлж захиж байдаг даа.
Бид бага байхдаа айлын хүүхэдтэй муудалцаад уйлж унжаад ороод ирнэ. Аминдаа аав ээжээрээ аргадуулж, айлын хүүхдийг загнуулна гэж бодно. Тэгэхэд харин ч эсрэгээрээ дээрээс нь нэмж аашлуулаад "Чи өөрөө зүгээр байсан юм уу, хүнд битгий буруу тохоод бай, хүнтэй аятайхан тоглож чадахгүй бол битгий гадаа гарч бай, гэртээ хичээлээ хийгээд дүү нараа хар" гэж хэлдэг байсан нь одоо ч сэтгэлд тодхон. Заримдаа хажууд нь хүүхдээ загнахаар их уурлана аа. Та нар ерөөсөө уурлахаа л түрүүнд тавих юм. Одооны хүүхдүүдийн бодож сэтгэж, хэлж ярьж байгаа өөр шүү. Жаахан хүлээцтэй, тэвчээртэй, юмыг уужуу ухаанаар бодож байгаач гэдэг юм. Дараа нь нээрээ л бодож байхад ээж минь ямар их ухаантай, холч хараатай, бидний үнэнч зөвлөх юм бэ? гэж боддог.
Ганцхан байшингийн цаана байгаа ижийгээ ойрхон байгаа юм чинь, тэгж байгаад л нэг оръё гэж хойш тавина. Тэр болгон утсаар биеийг нь асууж ярьчихгүй хэрнээ өөрөө харин ээжийгээ яагаад ярихгүй байгаа юм, юу хийгээд яваад байна гэж шалгаана. Хүүхэд сургуулиас нь авчихгүй, ажилтай хүн шиг л гараад явчих юм гэж аашилна. Дараа нь муу ижийгээ юу гэж "загнав даа" гэж бодоод шанална, тэрийгээ цайруулах гэж байгаа юм шиг чихэр жимс авч орно. /Манай ээж чихэрт их дуртай/ Тэр болгонд баярлаад л хоол цай болно.Чихэр жимсхэнээр ээжийгээ баярлуулна ч гэж юу байхав. Үр нь болсон бид хазгай муруй гишгэлгүй, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд, ажил амьдралаа зөв авч явбал л ижий минь хамгаас их баярладаг байх даа.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой, намайг ухаажихыг үзэх гэж ижий минь урт наслаарай.
Хайрт ээждээ удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе. Үр хүүхэд бидэнтэйгээ он удаан жил амьдраарай.
А.Саранцэцэг /МОНЦАМЭ/
НАСААРАА ЭРХЭЛМЭЭР ЭЭЖ МИНЬ
Хайрт ээж Түдэвийн Өлзийбадрах тандаа
“Ээж” гэдэг бидний хамгийн дотно, хамгийн хайртай, хамгийн ачтан байдаг болохоор бүхэнд илхэн бөгөөд ээнэгшин ээлтэйхэн сонсогддог.
Дүү нар шигээ ижийдээ эрхлэж, нялхарч “нялуурч үзээгүй” айлын том охин ч гэлээ сэтгэлдээ би тандаа үргэлж эрхлэж, дээдэлж явдаг шүү, ээжээ.
Цагаан халатыг дэрвэлзүүлэн өмссөн эмч ээж минь түмэн олны төлөө ажил хөдөлмөрөө зориулан улсад гучаад жил ажиллаж, одоо ач зээгээ хараад амрах завгүй л явна.
… Ижийгээ тойрон эргэлдэх бидний амьдрал жаргалтай, ижийдээ ирж буцан инээж хөөрч, ижийнхээ хийсэн гарын хоолыг идэж, сардаа нэг цугларах ахан дүүс минь таныгаа хэрхэн баярлуулахаа ярилцаж л суудаг даа.
Ээжтэйгээ хамтдаа байх энэхэн мөч бол үр бидэндээ бүхнээс илүү аз жаргалтай, дурсамтай мөчийн нэг ээ. Ийм л болоод хүмүүс бид “Ижийтэйгээ өтлөх сайхан” гэж дуулдаг байх аа.
Б.Долгорсүрэн /МОНЦАМЭ/
Сэтгэгдэл0
adyasuren-n eejdee bichsen zahidlig unshaad uilav, yag l minii bodlig bichsen met..
ADYASUREN OHIN MIN EEJ DEEREE HURDAN OCHOOROI... ALS HOL BAIDAG BI TER BOLGON NISEED OCHIJ CHDAHGVI BAIDAG. HERVEE CHI MONGOLD AMIDARDAG BOL EEJ DEEEREE HURDAN OCHOOROI..
Saikahn bayarlaatai.
САНАЖ ОЧООД СААТАН ТУХАЛНА БИ.... WOW!
абөа
Sanaj ochood saatan tuhalna bi -----gaihaltai bichjee yag iim humuus mash olon bii ,tednii neg ni ch bi eejiigee amidad ni bayarluulaarai.
Адъяасүрээн, сэтгэлээсээ сайхан захин бичиж, биднийг уяраан уйлуулж байгаад баярлалаа. Уйлахдаа би жаргалтай хүн шиг уйлсан. Ээж минь амьд сэрүүн байгаа болохоор надаас илүү жаргалтай хүн гэж хаа байхав гэж бодоод уйллаа....
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
Idea чи шүүүүүүүү
eejdee bichsen zahidal chini uneheeriin amidrald boditoi unen olon bdag ch eejigee huleelgeed suulgah chini uneheeriin hairan sanagdaj bna. tsag aldalgui eejiideeree ochij baigaarai daa. haramsah tsag oirhon bna
Adiya, chi uneheer saihan bichjee, baharhaj baina.
dongod
chi bithii hutsaa
uneheer hunii setgeliin utsiig hondson saihan bichjee amjilt
Mash goe zahia bna yaj zahia bijdeggig zagaad ogoj kkk
Bvgdere goe shvleg bna .
ih saihan zahidal yum bich gesen eejdee hairtai
ex hoorhon shuleg bna eviidee evii bi gixsen uilmaar bna aaaaaaaaaaaaaaa
bi ene orchlongoosooo iluu eejdee haitai
bichsen zahidal ih goy bolson b.a bi ene delhiigees iluu ger buldee hairtai
end neg shyleg dutuu baina eejdee gedeg
ih goy bolje Gaihaltai
eejden bichsen zahia
Ямар гоё юм бэ, сэтгэлийн сайн сайхныг оносон үгээр илэрхийлээд. Та нарын сэтгэл ариун сайхан байна, хурай хурай. Монгол бүсгүй-д бүгдэд нь уншуулж, хамт уншиж ярилцаж баймаар юм.
Hh
Suragch nar eejdee bichsen zahia baihgui baina
Martiin 8 -in mend Hurley eejdee sain saihan husen eruue
Uneheer goy bnaa zahianuud ni zowhon bolsom uil ywdla bichsn bn tee ni ch taalagdlaa oshoo goy goy zahidal bwl oruulj ogooch
100
Mash ih taalagdlaa
nc
muuhai bizdaa
mash goe bailaa
Niss
Uneheer goy bichsen bna
Uneheer saihan ym aa
uneheer uiluulj chadlaq
гоё юмаа!!!