Богд хааны ордон музейн хажууд “Грийн Эйр Гарден” компани барилга барихаар болсон. Үүнээс үүдэн газрын маргаан дэгдээд буй юм.
Харин Богд хааны ордон музейн зүгээс түүхийн ховор, нандин дурсгалт зүйлсээ хэвээр нь авч үлдэх, хамгаалах тал дээр анхаарлаа хандуулж эхэлсэн. Тус музейн захирал О.Мэндсайхантай ярилцлаа.
-Музейн дэргэд барилга баригдах гэж буй гэсэн. Уг нь энэ газар дархан цаазтай газарт ордог биз дээ?
-Үүнд судалгааны байгууллага, эсвэл тусгайлсан хүмүүс үнэлэлт дүгнэлт өгөх байх. Манай музейн хувьд түүх соёлын эд зүйлсийг хадгалж хамгаалах үүрэг эн тэргүүнд байдаг учраас энэ чиглэлээрээ тодорхой хэмжээний эсэргүүцэл үзүүлэх үүрэгтэй.
Мөн ТББ, ард иргэд, дэмжигчидтэй холбоотой байдаг. Энэ хүмүүс танай хашаанд юу болж байна гээд асууж утасдаж байгаа. Зарим нь ирж хараад яаж хамгаалах вэ гэдгээ илэрхийлсэн. Ер нь монголчууд эвлэлдэн нэгдэж зөв зүйлийн төлөө явах хэрэгтэй. Бид олон нийтийн байгууллага учраас хүмүүс бидний үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Өнгөрсөн жил эрдэмтэдтэй хамтран ажиллаж, олон ажил зохион байгууллаа. Бусад ижил үйлчилгээ явуулдаг байгууллагууд байна.
Дээр нь хувийн музейнүүд нээгдэж байна. Хүмүүс өөрсдийнхөө боломжоор цуглуулга хийгээд түүнийгээ бусдад танилцуулж, бас өөрсдөө музей байгуулж байх жишээтэй. Удам судраа мэдэж таних сонирхолтой хүмүүс ч бий. Эндээс манай музей тухайн цаг үеийн бүхий л мэдээллийг өөр дээрээ цуглуулах үүрэгтэй юм байна гэдгээ мэдэрлээ. Бид музейн тухай, Богдын ордны тухай мэдээллүүдийг судалж, өргөжүүлж судлах хэрэгтэй. Богд төрийн болон шашны тэргүүнийхээ хувьд дөрвөн ордонтой байсан гэдэг.
Тэндээс үлдсэн ганц ордон нь Богд хааны ордон музей юм. Үүн дээр сэргээн засварлах судалгааны ажил их хэмжээгээр явагдаж байгаа.
-Газраа алдахгүйн тулд энэ сарын Я-наас байнгын ээлжийн харуул хамгаалалттай болсон гэсэн?
-Манайх харуул хамгаалалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Энэ бол нууцлалын асуудал. Магадгүй манайх хэдэн хамгаалагчаар хамгаалуулдаг гээд хэлчихвэл түүнээс илүү хүн дайрахыг үгүйсгэхгүй шүү дээ. Бид энэ тал дээр хангалттай арга хэмжээ авч байгаа. Цаашдаа хамгаалалтаа сайжруулах төлөвлөгөө гэрээ хэлэлцээр тохироо хийгдээд явж байна.
-"Грийн Эйр Гарди" компанитай ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Бид энэ компанитай шууд хүчээр үзэх эрхгүй. Ялгаагүй л тэд эрх хэмжээнийхээ хүрээнд эрх бүхий газраас нь зөвшөөрөл авсан байж таараа. Харин энэ компанийн асуудал хуульд нийцэж байна уу, үгүй юу бид яаж хамгаалах ёстой вэ гэдэг дээр санаа тавьж байгаа. Тийм учраас зохих шатны байгууллагад хандаж, бариулахгүй байх талаас нь ярина.
-Дээрх барилгыг ямар зориулалтаар барих гээд байгаа бол. Нар салхийг нь хаагаад барилга барьчихаар үзмэрийн хадгалалт хамгаалалтад сөрөг үр дагавар гарна биз. Энэ тал дээр тодорхой горим байдаг уу?
-Зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар барих гээд байгаа юм. Ер нь бид аливаа зүйлийг олон талаас нь харж үзэх нь зүйтэй юм л даа. Хааны ордны дэргэд өндөр барилга барих юм уу, өндөр зүйл байхыг тухайн үедээ зөвшөөрдөггүй байсан. Гэхдээ орчин үеийн хөгжлөө дагаад байшин барилга барих нь зөв. Тэгж байж улс гүрэн, хүн ард хөгжих учиртай. Тухайн үедээ хамгаалалтын бүс байх ёстой гэж тогтоосон боловч харьцангүй бага бүс тогтоосон байна.
Хэрэв үүнээс жаахан том бүс тогтоосон бол харагдах байдалдаа хэрэгтэй байсан юм. Хамгаалалтын бүсийн харагдах байдал гэдэг нь тэр орчныг нь байлгаж хамгаалдаг гэсэн үг. Орчин нь байхгүй бол хамгаалалт байна гэж хэлэхэд хэцүү. Намхан зүйлийн хажууд өндөр зүйл байх нь яах аргагүй нэг нь нөгөөдөө нөлөөлөл үзүүлнэ шүү дээ. Сүүдэр хаахаас гадна өндөр барилга нурж янз бүрийн аваар боллоо гэхэд нөгөө үсэрсэн зүйлүүд нь хаашаа унахав гээд яриад байвал эрсдэл их байна.
Нөгөө талаар манай Богдын музейн хажууд Богдын рашаан гэж гүний ус байдаг. Гэтэл энэ рашаан ундаргагүй болчихсон. Тийм учраас үүнийг эргэн тойрон баригдаж байгаа барилгуудаасаа нөлөөлөөгүй гэж хэлэхийн арга байхгүй. Энэ байдлаа өнгөрсөн жил Улсын мэргэжлийн хяналтын газар албан ёсоор явуулсан. Гүний усны ундаргад барилга барих нь зөв үү, буруу юу гэдэг талаас нь дүгнэлт гаргаж өгөөч гэхэд хариу ирүүлээгүй. Уул нь ухаантайхан хандаад жаахан зайтай газар барилга барих шаардлагатай байгаа юм л даа.
-Газрын маргаан хэзээнээс эхэлсэн юм бэ?
-2000 онд музейн хойд хэсэгт хөгжим бүжгийн коллежийн Дорждагва багш хоёр байшин бариулсан юм билээ. Үүний дараа 2001 онд Засгийн газраас хамгаалалтын бүсийн тогтоол гарсан. Тийм учраас тогтоол гарахаас өмнө барьсан барилгыг зохицуулах хэрэгтэй гэж Засгийн газрын тэмдэглэлд дурьдсан байдаг. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргад даалгасан тогтоол нь гарсан.
Тийм учраас энэ тал дээр нийслэлийн Засаг дарга анхаарч ажиллах ёстой. Тухайн шатны Засаг дарга түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй гэж манай хуулийн заалтуудаар яригдаад л байгаа. Бидний зүгээс хамгийн гол нь Богд хааны музей дотор юу байдаг вэ, үүнийг хойч үедээ яаж хүргэх вэ гэдэг дээр музейн зүгээс судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлье гэсэн зорилттой ажиллаж байна.
-Үе үеийн Богдууд өөр өөрийн гэсэн онцлогтой. Энэ тухайд?
-XX зууны эхэн дэх хамгийн чухал нандин гэсэн үзмэрүүд яах аргагүй Богд хаантай холбоотой. Энэ нь Богд хаан гэдэг хүндээ биш, нийт монголчуудыг шашин нэгтгэж байсан. Тиймээс шашны тэргүүн байсных нь хувьд манай музейд хамгийн шилдэг зүйлүүд цугларсан байдаг. Гэхдээ энэ нь наймдугаар Богдын үед ч эсвэл тухайн цаг үедээ онцгойлж гарсан зүйл биш. Анхдугаар Богд болох Өндөр гэгээн Занабазар маш ухаантай, алсын хараатай, бодлоготой Монгол Улсын төлөө олон зүйл хийсэн. Эрдэм номын хувьд гайхамшигтай байхаас гадна Урлахуйн ухааны мастер байлаа.
Тэр хүний гарын хийц Монголын дүрслэх урлагийн ноён оргил. Цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнэ нь нэмэгдэж гарч ирж байна. Мөн маш олон тооны зүйлс бүтээсэн. Өөрийн гарын урлахуйн ухааны бүтээлүүдээс гадна шашин номын олон бүтээлүүд байгаа гэдэг. Түүний дараагийн Богдуудаас өөрөөр хэлбэл Монголын шашны тэргүүнүүд тухайн цаг үедээ онцлог онцлог зүйлс бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Жишээ нь цагаан ордныг гэхэд тавдугаар Богд хийсэн. Хоёрдугаар Богдын үед Дамбадаржаагийн хийд нийслэл хүрээ энд нүүж ирэхээс өмнө байгуулагдсан юм шүү дээ. Энэ мэтээр үе үеийн Богдуудын талаар дурдаад байвал их зүйл яригдана. Соёлын уламжлал ч маш их бий.
-Богд хааны музейд бүхий л түүх соёлын дурсгалт зүйлс хадгалагдаж байдаг. Энэ нь Монголчуудын нандин шүтээн байсаар ирсэн?
-Манай Богдод өмнөх Богдуудын эдэлж хэрэглэж байсан зүйлээс эхлээд ховор нандин шүтээнүүд байна. Тухайлбал өндөр гэгээн Занабазар өөрийнхөө гарын хийц ногоон дарь эх тэргүүтэй 21 дарь эх бүтээсэн. Энэ бол яг оригнал эхээрээ байгаа. Богд хаан ямандагийн бясалгал хийдэг байсан. Манай музей Богд хааны шашны боловсрол, эрдэм мэдлэгийн тухай альбом хийж, ном гаргахаар судалгааны ажил хийгдэж байна. Бурхан шашинд зургийг ном гэж үздэг.
Тэгэхээр энэ номд Монголын төдийгүй дэлхийн өвд бүртгэгдэж болохоор бүтээлүүд бий. Хаан хатны өмсгөл хувцас, дээл эдлэл хэрэглэлүүд байна. Аливаа улс тухайн төрийн тэргүүн хаан хатдынхаа титэм, хувцас хэрэглэлийг маш их нандигнаж үлддэг. Үүнийг соёлын асар том элемент гэж үздэг. Яагаад гэвэл бүхэл бүтэн улсын үндэсний соёлыг төлөөлж чадахуйц ийм хэмжээнд шийдэл гаргаж, маш их судалгаа шинжилгээ явуулж хийж байгаа ажил шүү дээ.
-Мөдхөн монгол орныг сонирхохоор жуулчид ирнэ. Монголыг сурталчлах нэг зүйл яах аргагүй Богд хааны ордон музей. Багцаагаар жилд хичнээн жуулчид танай музейг үзэж сонирхдог вэ?
-Бид энэ тал дээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Жуулчдын компаниудын ярьж байгаагаар ирж байгаа жуулчдын 70-90 хувийг нь заавал манайхаар оруулах сонирхолтой байдаг. Нэг удаа Кувейтын хан хүү хувийн онгоцоор Монголд ирж л дээ.
Тэгээд буцаж явахдаа богд хааны ордон музейн тухай танилцуулгыг онгоцон дотроо үзчихээд өө би энэ музейг үзээгүй юм байна гээд буцаж нисч ирээд үзсэн гэдэг. Тэгэхээр энэ нь улс орны нэр нүүрийн асуудал юм. Наймдугаар Богд гэхэд л хувийн зан чанар, бас Дондогдулам хатан үнэхээр төрийн хатан. Энэ хүн төрийн хэрэг барихад оролцдог, зөвлөдөг чухал үүрэгтэй байсан.
Гэхдээ энэ хүний талаар бага яригдаж, судалгаа бага хийгдэж байгаа. Энэ талаар доктор Энхцэцэг багш судалгаа хийгээд ном гаргаж байгаа. Жуулчид ганцхан Богд хааны музейгээр монгол орныг төсөөлж болохгүй. Үндэсний түүхийн музей бүхэл бүтэн Монголын бүх үүх түүхийг цаг үеэр нь харуулдгаараа гайхамшигтай. 20 дугаар зууны эхэн үеийн Монголын тухай сэдэв дэлхий нийтэд сонирхолтой байгаа. Нөгөө талаар Монголын соёлын хувьд нөлөө бүхий гэдэг дээр хүмүүс. Богд хааны музейг сонирхож үзэх дуртай байдаг.
Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0
АРХИНЫ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН БАТХҮҮГИЙН ХУЛГАЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЕ