sonin.mn

 

1937 оны 12 дугаар сарын 27-нд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдүүдийн сүүлч болох Гандантэгчинлэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарийн сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглон зогсоож, Гандангийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган, сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгсөн аж.
 
 
 
80 тохой өндөр Мэгжид Жанрайсиг шүтээнийг анх 1911-1913 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг болгож нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээн туурвисан гэдэг. Олноо Өргөгдсөний хоёрдугаар онд Их Мэгжид Жанрайсиг бурхан ба сүмийн хэрэглэлд зөвхөн Сайн ноён хан аймгаас их хэмжээний хөрөнгө, мөнгө цуглуулж гаргаж өгсөн юм байна.
 
 
 
Тухайлбал, "... Их бурханы шүншигт өргөх арц 600 тэрэг болохоос тус аймаг 120 тэргийг бэлтгэсний үнэд 600 лан мөнгийг харьяат аймгийн жасаанаас өгч, сүмийн гадуур хатган , барих хашааны мод 1250-аас тус аймагт ноогдох мод 250-ийн үнэ 125 лан, шүншигт өргөх Ганжуур нэгийн үнэ 302 лан 1 цэн, 5 фун, судар ном 80 , ботийн үнэ 266 лан 6 цэн, 5 фун, судар ном барлах, цаас, бэхийн хүмүүсийн ажлын хөлс зэрэгт биеэр цагаан мөнгө 3555 лан мөнгийг удаа дараа өгсөн гэх зэрэг нэлээд баримт байдаг.
 
 
 
Их Мэгжид Жанрайсиг бурхан нь Монгол түмний харамгүй сэтгэл, хамаг олноос цуглуулсан алт, үнэт эрдэнэсийн дээжээр бүтсэн их шүтээн, эрдэнэсийн их сан байсан төдийгүй төр шашины ёс, урлаг, соёл, уран барилга, уран дархны нэн гайхамшигтай, дэлхийд хосгүй нэн үнэт бүтээл байсан нь эндээс харагдана.
 
 
Гэтэл 1937 онд энэхүү их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн авч оджээ. Туурга тусгаар Монгол Улсын бахархах нандин шүтээн, улс үндэстний билэгдэл Их Мэгжид Жанрайсэг бурханыг оросуудад алдсан нь Монголын эдийн ба оюуны соёлд учирсан асар том гамшиг байсан юм.
 
 
 
/Энэтхэг/
 
 
Чингээд Монгол төдийгүй Дорно дахины уран барилгын үнэт дурсгалд зүй ёсоор тооцогдох өндөр сүмийн барилга доторх цогт эрдэнэ, шүтээнгүй болж, өндөр сүм хоосрон үлдэж, арчилгаа, тордлого ч үгүй болсноор эзэнгүйдэхэд хүрчээ. Иймээс уран барилгын үнэт дурсгал болох өндөр сүмийн барилгыг авран хамгаалах ажлыг түүх соёлоо гэсэн үзэлтэй зарим сэхээтний санаачилга, идэвхтэй оролцоотойгоор хийх эхэлсэн аж.
 
 
Тодруулбал, 1939 оны хавар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л.Дэндэв, орлогч дарга Б.Наваан нар учир байдлыг нягтлан үзээд өндөр Жанрайсэгийн сүмийг цэвэрлэн засварлаж, өөд нь татах ажлыг удирдан зохион байгуулж, соёлын өвийн үлдэгдлийг хамгаалахад ихээхэн буянтай ажил хийсэн гэдэг. Энэ тухай 1939 оны хоёрдугаар сарын 13-нд гаргасан Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн даргын 12 тоот тушаалд:
 
 
"...Гандан дахь Өндөр сүмийг хэрхэн хүлээн авах ба түүнийг сэлбэн засах хийгээд арчилан хамгаалах нь чухал" хэмээн онцлон тэмдэглээд уг сүмийн барилга нь энэ хэр Улаан цэргийн байрны дотор оролцон буй тул түүнийг мөн цэргийн дарга эрх баригчидтай харилцан уул сүмийг хүлээн авахыг Б.Наваанд даалгажээ.
 
 
Тэрбээр уул тушаалын хэрэгжилтийг биечлэн хариуцаж цэргийнхний эзэмшлээс Жанрайсэгийн сүмийг буцаан аваад, түүнийг тойруулан битүү хашаа барьж, ар талд нь хаалга гарган, сүмийн эвдэрхий хаалга зэргийг засч сэлбэн хамгаалалттай болгох багагүй ажлыг үр дүнтэй зохион байгуулсан аж.
 
 
Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л.Дэндэв, орлогч дарга Б.Наваан нарын хамтран гаргасан энэхүү шийдвэр ёсоор Гандан дахь түүх, соёлын үнэт өвийг хадгалж, хамгаалах ажил хийгдсэн бөгөөд үүний хамт тус сүмийн доторх үлэмжхэн цаасны зүйлсийг цэвэрлэж "...элдэв аюулаас хамгаалж хэрэглэгдэх зүйлийг ялган түүвэрлэж авах" зэрэг чухал ажлыг "музей ба архив, номын сангийн бүх ажилчдыг субботникийн журмаар ажиллуулан" архивын сан хөмрөгийг анх эмхлэн цэгцэлж бүрдүүлэх нүсэр ажлыг давхар гүйцэтгэжээ.
 
 
/Түвд/
 
Энэ ажлын үр дүнд Монгол Улсын Үндэсний Төв архивыг байгуулах урьдчилсан нөхцөл, бололцоо бий болгосон төдийгүй уг архив 1940-1960-аад он хүртэл тэнд байрлаж, өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхэд том гараа болсон байна. Улмаар өгүүлэн буй өндөр сүмийг хадгалан хамгаалж, өнөө болтол өвлөн уламжилж чадсны үр шимээр 1990-ээд оноос Монголчууд Их Мэгжид Жанрайсиг бурханаа 1991-1996 оны хооронд дахин бүтээж, уг сүмд хоёр дахиа залсан нь монголчууд бидний нэгэн их бахархал болсон билээ.
 
 
Сонирхуулахад, бодьсадва гэдэг нь бодь сэтгэлтэн буюу гэгээрэх хүслийг хөгжүүлсэн бодьгал, өөрөөр хэлбэл Будда шиг бурхан болоход хоёр гурван хуруу л дутуу гэсэн үг аж. Бодьсадва нар бүгд эрт орой хэзээ нэгэн цагт нирваан дүрээ олж бүрэн гэгээрэх боловч зөвхөн нэг бодьсадва хэзээ ч бурхан болохгүй.
 
 
Энэ бол Авалокитешвара буюу энэрэл сэтгэлийн билэгдэл Мэгжид Жанрайсэг бурхан ажээ. Домогт өгүүлэхдээ, эрт урьдын цагт нэгэн залуу бодь сэтгэлээ хөгжүүлж бодьсадва болжээ. Тэрээр зовон шаналж буй хамаг амьтанг авран тусалж байсан боловч зовлонгийн далай даанч дундаршгүй.
 
 
Зовлон ноёлох энэ ертөнцөд түүний үзүүлэх тус далайд дусал мэт болохыг мэдээд машид гаслан цочирдсоноос түүний толгой мянган хэсэг задран бутарчээ. Азаар ойр хавьд Амитаба (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт) бурхан нисэн өнгөрч байсан тул толгойг нь түүж цуглуулан, арван толгой хийж өгөөд, хүмүүст туслахдаа миний ухааныг ашигла гээд хамгийн дээр нь өөрийнхөө толгойг тавьсан гэнэ.
 
 
Мөн аль болох олон хүнд туслаарай хэмээн мянган гар өгчээ. Мянган гарын алга болгон нүдтэй байх нь амьтан хүний зовлонг алдалгүй харж туслахын тулд гэнэ. Гэхдээ Амитабагийн ачаар амилсан Мэгжид Жанрайсэг орчлонд зовж буй амьтан байгаа цагт нирваанд.орохгүй гэж амлажээ.
 
 
/Япон/
 
Тиймээс лам, мэргэд машид удаан маргасан байна. Орчлон ертөнц зах хязгааргүй, эцэс төгсгөлгүй энд тоолж баршгүй олон амьтад оршино. Тиймээс ийнхүү амласан Мэгжид Жанрайсэг мөнхийн бодьсадва, үүрд нирваан дүрээ олохгүй гэсэн үг үү гэхчлэн... Гэвч бурхан багш "эндүүрээд байна, та нар минь эндүүрээд байна, Мэгжид Жанрайсэг аль хэдийнэ нирваанд байна, амьтан хүнийг аварч туслах нь түүний нирваан" хэмээн айлдаж маргааныг тасалжээ.
 
 
Мэгжид Жанрайсагийн догшив дүр нь Чонжин (Махакала) бурхан бөгөөд догшин дүр нь гэгээрэхэд садаа болох уур, омог зэрэг муу хүслийг дардаг болой. Эргэн сануулахад ерээд оны эхээр Монгол түмний буян заяаг ашид гийгүүлэх Мэгжид Жанрайсэг бурханыг сэргээн босгож залах тухай Монгол Улсын ууган Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хандив өргөлийн ажил улс орон даяар өрнөсөн билээ.
 
 
1993 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тусгайлан барьсан гэрийн хойморт ардын зураач Н.Жамбаагийн бүтээсэн Мэгжид Жанрайсэг бурханы 70 см өндөр гипсэн дүрийг залж, сүсэгтэн олноо толилуулан 50 сая төгрөг санд төвлөрүүлснийг тухайн үеийн Соёлын сангийн тэргүүн Г.Мэнд-Ооёо өгүүлсэн байдаг.
 
 
Тэр өдрийн орой уран барималч маань, бурханаа аваад харъя даа гэхэд сангийн тэргүүн, эндээ байж байг гээд өгсөнгүй. Харин маргааш нь ирэхэд урд шөнө хулгайд алдчихлаа гэсэн гэдэг. Цуглуулсан мөнгөө хуу хамчихсан хэрнээ цуутай бурханаа орхиод явчихсаныг нь бодоход харамсмаар.
 
 
Уг нь өвгөн барималч Н.Жамбаа Мэгжид Жанрайсэг бурханы дүрийг анх 1975 онд 70x40 см-ийн хэмжээтэй аравчин дээр бүтээсэн юм гэдэг. Тэгэхийн тулд бүр 1969 онд ардын зураач Н.Цүлтэм гуайн захиалгын дагуу хамтдаа бурхан байсан дуганд орж, суурь тойрмынх нь хэмжээ дамжааг шашин шүтэх хатуу хориотой цагт машид нууцлан авчээ.
 
 
1978 онд нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргын тушаалаар Мэгжид Жанрайсэг бурханы дуганыг музей болгохоор шийдвэрлэснээс хойш хоёр жилийн дараа МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Майдар ирж үзээд, аравчийг нь аваад тэр чигээр нь баримлаар хийхийг даалгасан аж.
 
 
Ингээд 1980 оны хоёрдугаар сарын эхээр жолоочоо явуулж, тавдугаар сард Намын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хурлаар оруулахад бэлэн болго хэмээн хэлүүлжээ. 70 см өндөртэй бүтээсэн баримал бурханы талаар Ю.Цэдэнбал даргын зүгээс тоймтой хариу ирээгүй ч 1987 онд зургийг нь сонинд тавьж, Мэгжид Жанрайсэг бурханыг дахин сэргээх тухай бичсэн байж.
 
 
 
Гэвч аль 1937 онд Коминтерний орос сургагч нарын заавраар эвдэж сүйтгэсэн зэс хөөмөл бурханы эд хэсгүүдийг Эрмитаж, Оросын буриад нутгаас эрж хайгаад ч олоогүй юм билээ. Тиймээс 30-аад оны дундуур сахил санваараа хадгалж явсан Н.Жамбаагийн нүдээр харснаа сэтгэлдээ сэргээж, оюун ухаандаа ургуулж он удаан жил бодсоны эцэст бурханы тэгийн дагуу донжийг нь тааруулж урласан бүтээлээс өөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм байгаагүй хэрэг.
 
 
 
Ц.Энхжин
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"