sonin.mn

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /РИА Новости/. “Реал Мадрид” багт тоглож буй Бразилын довтлогч Винисиус Жуниор ФИФА-гийн “Оны шилдэг хөлбөмбөгчин” шагналыг хүртлээ.




The Best FIFA Football Awards шагнал гардуулах ёслол мягмар гарагт Катарын нийслэл Доха хотод болжээ.




Энэ онд Винисиус “Реал”-ын бүрэлдэхүүнд Испанийн АШТ ба Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж, Испанийн Супер цом, УЕФА-гийн Супер цомын эзэн болсон юм. Тэрбээр 2023/2024 оны улиралд 39 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт хийсэн байна.  Шилдэг хөлбөмбөгчний шагналын төлөө Дани Карвахаль (Испани, "Реал"), Эрлинг Холанд (Норвег, "Манчестер Сити"), Федерико Вальверде (Уругвай, "Реал"), Флориан Вирц (Герман, "Байер"), Жуд Беллингем (Англи, "Реал"), Килиан Мбаппе (Франц, "ПСЖ"/"Реал"), Ламин Ямаль (Испани, "Барселона"), Тони Кроос (Герман, "Реал" спортын замналаа дуусгасан) нар өрсөлджээ.




Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр “Барселона”-д тоглож буй Испанийн тамирчин Айтана Бонмати шалгарсан байна. Ингэснээр тэрбээр хоёр жил дараалан уг шагналыг хүртлээ. Түүнээс гадна France Football сэтгүүлээс олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнээр хоёр удаа шалгарчээ.


Б.Адъяахүү