сонин mn
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн гүйцэтгэх захирал Э.ЭРДЭНЭЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.
 
-”Сургууль эмнэлэг биш” аяныг ямар учраас зохион байгуулах болсон бэ. Аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна вэ?
 
-Манай байгууллага 2019 онд Охидын манлайллын хөтөлбөрийн төгсөгчидтэй хамтран “Биднийг сонс!” охидын эрхийн III чуулганыг зохион байгуулсан. Энэхүү чуулган маань охидын үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх чөлөөт орон зай байхыг эрмэлзсэн бөгөөд охидын эрхийг зөрчиж буй хүний эрхийн зөрчлийн нэг нь сургуулийн орчинд хийж буй “охидын үзлэг” гэж үзсэн. Чуулганы мөрөөр зохион байгуулагчид, Азийн охидын хүний эрхийн шагналтан Г.Мягмарсүрэн болон хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран “Охидын дуу хоолой” судалгааг өнгөрсөн онд зохион байгууллаа. Уг судалгаа нь хүүхэд удирдлагатай, хүүхдүүд өөрсдөө зохион байгуулсан гэдгээрээ онцлог байсан. Чуулган болон судалгааны мөрөөр “Сургууль эмнэлэг биш” төслийг “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран Канадын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.
 
-Судалгаагаар ямар зүйл ажиглагдаж байна вэ?
 
-”Охидын дуу хоолой” судалгааг Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Ховд, Говьсүмбэр зэрэг зургаан аймаг болон тусгай хэрэгцээт сургуулийн дунд, ахлах ангийн 370 гаруй сурагч охидын төлөөллийг хамруулан зохион байгуулсан. Судалгаанд оролцсон охидын долоон хувь нь охидын үзлэгийн талаар сайн мэдээлэлтэй бол үлдсэн 93 хувь нь сонсож байсан ч сайн мэдэхгүй гэж хариул-сан. Охидын үзлэгийн үеэр болон дараа нь хувь хүний нууцыг хадгалдаггүй, сэтгэл санаа тавгүй, айдастай болдог нь харагдсан. Мөн охидын үзлэг аливаа эрсдэлээс хамгаалах тохиромжтой арга гэж 23, тохиромжгүй арга гэж 45, урьдчилан сэргийлэх арга огт биш гэж 32 хувь нь үзсэн байна. Мөн охид өөрт нь эрүүл мэндийн ямар нэгэн асуудал тулгарвал эмнэлэгт хандана гэж 65 хувь хариулсан. Түүнчлэн сургуулийн орчинд хийж буй үзлэгийг дэмжихгүй байна гэж 66 хувь нь хариулжээ.
 
 
 
Аливаа шийдвэрийг гаргахдаа тухайн бүлгийн төлөөллийг хамруулж утга учиртай оролцоог нь хангаж, дуу хоолой үзэл бодлыг нь хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, тухайн шийдвэртээ тусгаж байх хэрэгтэй. 
 
 
 
-Охидын үзлэгийг ямар нөхцөл байдлаар явуулж байна вэ. Мэргэжлийн эмч ажилтан оролцож чадаж байгаа болов уу. Энэ төрлийн мэдээллийг эцэг, эхчүүдэд эсвэл охидод урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авдаг уу?
 
-Судалгаанаас харахад 46 хувь нь урьдчилж мэдээлэл өгдөггүй, 72 хувь нь зөвшөөрөл авдаггүй гэж хариулсан. Зөвшөөрөл өгсөн 28 хувийн охидоос амаар болон бичгээр, эцэг эхээс зөвшөөрөл авдаг. 72 хувьтай эцэг, эхчүүд охид нь сургууль дээр ямар орчин нөхцөл байдал, ямар хүн үзлэг хийж байгаа талаар мэддэггүй үлддэг байна. Мөн үзлэгт орохоос татгалзвал 39 хувь нь багш болон бусад сурагчдын дунд муу нэртэй болж үлдэнэ, 48 хувь татгалзах, татгалзахгүй хамаагүй хүчээр оруулдаг гэж хариулсан байна. Судалгааны явцад нэг сургууль охидын үзлэгийг сурагчийн эцэг эхтэй хамтарч зохион байгуулсан тохиолдол гарсан. Хүчээр охидын үзлэгт оруулж байгаа нь бэлгийн хүчирхийлэл юм.
 
 
 
Тухайлбал, бэлгийн хүчирхийллийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн сэдэлтэй үйлдэл хийхийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.
 
 
 
-Олон улсад охидын үзлэгийг таслан зогсоож буй талаар баримт мэдээллээс дэлгэрүүлбэл. Охидын үзлэгийн талаар олон улсад гарч буй хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцана уу?
 
-2018 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон эмэгтэйчүүдийн байгууллагууд охидын үзлэг нь Охид, эмэгтэйчүүдийг өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан, бэлгийн халдашгүй байдалд бүдүүлгээр халдсан, хүчирхийлэлт үйлдэл тул улс орнуудыг энэхүү зүйлийг зогсоохыг уриалсан. Үүний дараагаар улс орнууд ийм үзлэгийг зогсоох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Египет, Бангладеш зэрэг улс охидын үзлэг нь бэлгийн хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил гэж үзэж, хуулиараа хориглосон байна.
 
-Охидын үзлэгийг зогсоох шийдвэрийг хэн гаргах вэ. Төрийн байгууллагууд энэ саналыг хэрхэн хүлээж авч байна вэ. Жишээлбэл, эрүүл мэнд, боловсролын яаманд хандахад ямар хариуг та бүхэнд өгдөг вэ?
 
-Эрүүл мэндийн яам болон Боловсрол,шинжлэх ухааны яам охидын үзлэгийн талаарх бодлого, судалгаа шинжилгээ одоогоор байхгүй гэж мэдэгдсэн. Охидын үзлэгийг хийхгүй байгаа гэсэн хариу өгч байна. Бид нэгдүгээр сарын 26-нд “Сургууль ба охидын үзлэг” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээс харахад анхан шатны нэгж дээр ажиллаж буй ажилтан, мэргэжилтнүүд хүчирхийлэл, жирэмслэлтийг илрүүлэх зорилгоор үзлэгийг зохион байгуулж буй мэт харагдсан. Сургуулийн захиргаа, эрүүл мэндийн газар болон цагдаа зэрэг холбогдох ажилтнуудад хүний эрхэд суурилсан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны удирдамж, аргачлалаар хангаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Уг цахим хэлэлцүүлэг ЭМЯ, БШУЯ-ны төлөөлөл, Жендерийн үндэсний хороо, ХЭҮК болон ГБХЗХГ, сургуулийн нийгмийн ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан. Оролцогч талууд эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулах, холбогдох ажилтнуудад хүргэх, анхан шатанд ажиллаж буй хүмүүст хүний эрхэд суурилсан аргачлалаар хэрхэн урьдчилан сэргийлэх ажил хийх талаарх аргачлал зааж өгөх зэрэг санал зөвлөмжүүд гарсан. Охидын үзлэг хийхийг хориглоход их ойрхон байна гэж харж байгаа. Түүнчлэн хэлэлцүүлэгт охидын төлөөлөл оролцож судалгааны дүнгээ танилцуулж, өөрсдөдөө тулгарч буй асуудал, охидын үзлэг хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгч, үзэл бодлоо илэрхийлсэн.
 
-Охидын үзлэгээс болж олон хүүхдийн амьдралд бодитоор сөрөг нөлөө үзүүлсэн жишээг та бүхэн мэдэх байх. Тухайлбал, охидын үзлэгээс бий болсон ямар сөрөг кейсүүд энэ нийгэмд байна вэ?
 
-Охидын үзлэгтэй холбоотойгоор тэдний эрхийг зөрчиж буй кейсүүд бидэнд ирж байгаа. Хувь хүний нууцлалтай холбоотой болохоор кейсүүдийн талаар ярих боломжгүй, уучлаарай.
 
Ерөнхийд нь харвал хувь хүний нууцлалыг хангаагүйгээс болж тухайн охины нэр хүнд унах, хоч нэр зүүлгэх, түүнээс болж сургуульдаа явахаа болих, шилжих, сургууль завсардах, түүнчлэн амиа хорлох оролдлого хийсэн тохиолдол байна. Ямар хэцүү байсан болохоор амиа хорлохыг оролдох билээ дээ. Түүнчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд ч охидын үзлэгт орж байсантай холбоотой муухай “гутамшигтай” дурсамж байдаг, сэтгэцийн гэмтэл үүсгэсэн тохиолдлууд байна.
 
-Мэдээж хэрэг, охидын үзлэгийг зогсоовол сөрөг зүйлүүд ч бий болох эрсдэлтэй юм. Охидын хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэл нэмэгдэж магадгүй гэж нийгэм үздэг болов уу. Охидын үзлэгийг бүрэн зогсоосон орнуудын хувьд дээр дурдсан сөрөг зүйлс ямар нөхцөл байдалд хүрсэн бол. Эсвэл эсрэгээрээ энэ бүх зүйл тодорхой хэмжээнд буурсан болов уу?
 
-Охидын үзлэгийг зогсоовол сөрөг үр дагавартай гэж маш олон хүн боддог. Гэхдээ хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, хүчирхийлэл, БЗДХ-аас урьдчилан сэргийлж байгаа зүйл нь охидын үзлэг биш юм. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх гол зам нь бэлгийн цогц боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай, ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх гэж дэлхий нийтээрээ үзэж байгаа. Боловсролын орчинд шинжлэх ухаанч, цогц бэлгийн боловсрол олгох, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ энэ талаар нээлттэй ярилцдаг байх, өсвөр насныхан аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар, дадалтай байж дээрх асуудлыг шийдвэрлэж чадна. Охидын үзлэг бол хүний эрхийн зөрчил юм.
 
-Та бүхэн өсвөр насныханд бэлгийн цогц боловсрол олгох замаар охидын эрт төрөлтийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа шүү дээ. Ер нь манай улсад өсвөр насны охид, хөвгүүдэд энэ төрлийн мэдлэг мэдээлэл дутмаг байдаг байх. Энэ төрлийн мэдлэг олгодог эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаж байсан удаатай шүү дээ. Та бүхэн өсвөр насныханд бэлгийн боловсрол олгох тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
 
-“Сургууль эмнэлэг биш” төслийн хүрээнд бид эхлээд сургуулийн орчинд хийж буй охидын үзлэгийн талаарх бодит нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулахыг зорьж байна. Олон жилийн хугацаанд хийгдэж ирсэн болохоор дэмжих байр суурьтай хүмүүс их байгаа нь анзаарагдсан л даа. Төслийнхөө хүрээнд урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бол бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох явдал гэж үзэж байгаа болохоор өсвөр насныханд сонирхолтой, шинжлэх ухаанч байдлаар цахим хичээл боловсруулж, төслийн “Сургууль бол эмнэлэг биш” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэсэн. Чатбот маань үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт шилжилтийн нас, дотно харилцаа, бэлгийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авах бол хоёр дахь хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эрхэд суурилсан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой байгууллагын мэдээлэлтэй. Мөн бид өсвөр нас-ныханд хүрэхийн тулд тэдний сонирхдог, үздэг инфлюнсер болон сайтуудаар дамжуулан мэдээллээ түгээж байгаа. Чатботноос ойролцоогоор 2000 гаруй хүн мэдээлэл авсан байна. Өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид ч эндээс мэдээлэл авч байгаа нь харагдлаа.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин