sonin.mn
Шүүгч нарын хууль бус ажиллагааны талаар хохирсон иргэн Б.Хандсүрэн мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Шударга үнэний дуу хоолой болж, шүгэл үлээж явсан иргэн Б.Хандсүрэн миний хувьд өнөөдөр зохион байгуулалттайгаар, хууль эрхзүйн, шүүгч нарын алдаа завхралын үр дагаврыг өөрийн биеэр амсаж явна. Би нэг хүүтэй. Миний хүүгийн асуудал дээр хэлэхэд би өнөөдөр юуны төлөө дуугарч явсан гэдгээ ярихаас өөр аргагүй. Шударга цагдаа, шударга шүүх, шударга прокурор байдаг гэдэгт би итгэж явсан.
 
Би бүлэглэлийн эсрэг шүгэл үлээж явсан. Үүний дараа 4 сарын 09-нд миний хүүг хууль бусаар баривчилж, мөрдөн байцаагчийн тогтоолгүйгээр, нэг хоног эрүүдэн шүүсэн.
 
Шударга бусын хонгил гэж ярьдаг зүйл байдаг гэдгийг өөрийн биеэр мэдрээд явж байна. " гэсэн бол түүний өмгөөлөгч С.Болорчулуун:  "Б.Хандсүрэнгийн хэрэг дээр ажиллахад хууль хяналтын байгууллагаас тодорхой процессийн алдаа гарсан байсан. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахгүй бол нуугдмал явсаар, цаашдаа хүний эрх, эрх чөлөө болон хэргээ шийдүүлэх гэж байгаа иргэд хохирч үлдэх юм гэдэг байр суурьтай байна. Шүүх хурал дээр дараах ноцтой алдаанууд гарсан байдаг. Тодруулбал Б.Хандсүрэн гуайн хүүгийн гэм буруугийн шүүх хурал дээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй орсон бөгөөд тухайн шүүгч нар хурлын завсраар гарч орох, шөнийн цагаар шүүх хурал явуулах, манай үйлчлүүлэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй байх зэргээр эрхийг нь ноцтой зөрчсөн. Хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр болон тэмдэглэл нь тодорхой хуулийн хугацаанд гарах ёстой байдаг. Тэгэхэд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр болон тэмдэглэл зохих хугацаандаа гараагүй.
 
Мөн хуульд байхгүй зүйлийг прокуророос гаргуулаад, шүүхийн шийдвэрт засвар оруулах хурдыг өмгөөлөгч миний биед мэдэгдэхгүй хийгээд, шүүхийн шийдвэрт засвар оруулсан байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж байна.
 
Хууль баталдаг эрх бүхий субьектууд маань хуулийн зохицуулалтууд дээр анхаарч өгөөч ээ. Тэгэхгүй бол эдгээр хуулийн зохицуулалтаараа шударга бусын хонгил бий болгочихсон байна. Илт гэмт хэргийн шинжтэй байхад зохих шугамаараа явж байгаад Улсын Ерөнхий Прокурор дээр очоод хаагддаг. Энэ нь Үндсэн хуульд заасан үндсэн зарчмуудыг бүгдийг нь алдагдуулж байна. Эрүүгийн хэрэг дээр дүгнэлт хийхэд хугацаа заадгаа болиоч ээ. Та бүхний яриад байдаг шударга шүүх чинь бий болох боломж хуулиараа боогдмол болчихсон байна шүү дээ."гэв.
 
 
 
 
 
М.Чойжал