МҮОХ болон БНХАУ-ын ҮОХ-дын хамтын ажиллагааны хүрээнд гишүүн Спорт холбоодын төлөөлөгчид БНХАУ-д албан айлчлал хийж, хоёр орны спортын холбоод, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал уулзалт, хэлэлцээ хийж байна.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын ҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч, БНХАУ-ын Спортын ерөнхий газрын дэд дарга Ли Жин, Ерөнхий нарийн бичгийн дарга Вү Жиен нар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ЕНБД Э. Бадар-Ууганаар ахлуулсан Монголын төлөөлөгчдийг Бээжин хотноо хүлээн авч уулзсанаас гадна төлөөлөгчид Шигшээ баг тамирчдын бэлтгэлийн төв, Бээжин хотын биеийн тамирын их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын ҮОХ-дын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх, улмаар Спортын холбоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр амжилт үзүүлдэг спортын төрөлд хүний нөөц сургах, дасгалжуулагч, тамирчдын хамтарсан бэлтгэл, сургалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцож, албан ажил болгох тал дээр тууштай байж, үр дүн үзүүлэх шаардлагатайг онцлов.
Мөн Монголын төлөөлөгчид БНХАУ-ын спортын холбоодын удирдлагуудтай салбар уулзалтууд хийж, хамтарсан бэлтгэл, сургалт, тэмцээн зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж байна.
Түүнчлэн спортын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж Монгол оюутнуудыг урт, богино хугацаанд суралцуулах, мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын спортын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, спортын холбоодын шууд харилцааг бэхжүүлэх, тамирчид, дасгалжуулагчдын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Мөн Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын комиссын дарга, ширээний теннисний олимпын аварга Динг Нингтэй хамтын ажиллагааг өрнүүлж, тамирчдын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын чанартай арга хэмжээг эх орондоо зохион байгуулах бололцоог судлах чиглэлээр хамтран ажиллах боллоо.
Пүрэв - 07 сарын 02,
2026

Сэтгэгдэл0