sonin.mn

Хууль бусаар мод бэлтгэгчдийг “модны хулгайчид” гэх. Тэд ашиг л олж байвал байгаль орчин сүйднэ үү, байна уу хамаагүй мэт аашилдаг. Модны хулгайг өөгшүүлж, хууль бусаар бэлтгэх бололцоог бүрдүүлдэг бүлэглэл байгааг ч албаныхан үгүйс­гэдэггүй. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд хууль бус мод бэлтгэдэг иргэдтэй тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж эхэлсэн. Тэгвэл байгаль орчныг хамгаалах намрын сарын аяны хүрээнд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулжээ. Эл арга хэмжээг  Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд хамтран хийж буй юм. Модны хулгайтай тэмцэх ажил Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудын нутагт мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөл, шаардлагатай бусад цэгүүдэд хяналт шалгалт явуулснаар эхэлсэн байна.

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуурхай ажиллагааны тасаг Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдад ажиллаж хууль бус мод бэлтгэлийн албан тушаалтантай холбоотой тав, аж ахуй нэгж байгууллагатай холбоотой гурав, хувь хүнтэй холбоотой 10, эзэнгүй хоёр нийт 20 зөрчил илрүүлсэн аж. Эдгээр хэргүүдийг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж эхэлжээ. Илэрсэн зөрчлүүдийг цухас дурьдвал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нь А-340 тоот захирамжаар ойд явуулах үйл ажиллагааг  энэ сарын 10-ныг хүртэл түр зогсоосон байхад хууль бусаар ойг нээж Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Түшиг сумдад  өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдрөөс мод бэлтгэх үйл ажиллагааг явуулсан аж. Мөн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нь ойн ангиараа Ойн тухай хуулийн 18.3.1-д заасан ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг хийлгэж, 18.3.2-д заасан бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг орлогч В.Түмэндэмбэрэлд хариуцуулсан нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулжээ. Харин Засаг даргын орлогч В.Түмэндэмбэрэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч С.Мөнхзул нар нь “Сэлэнгэ Хөх Чоно”  компанид  бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ, гоожин хуваарь  хэтрүүлэн, бөөнөөр олгосон байна. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ Хөх Чоно”  компани  нь ойгоос мод бэлтгэх технологийн заавар мөрдөөгүй удаа дараа зөрчил гаргадаг байж.

Үүнээс үүдэн мод бэлтгэх хуваарь хэтрүүлсэн нь тогтоогджээ. Эл компани нь 2012 онд хэрэглээний мод 690 м3, түлээ 250 м3 бэлтгэх хуваарьтай аж. Гэтэл  аж ахуйн хашаанд нь нарсан палк 686 ширхэг, 32-ын банз 8 м3, зах банз хоёр м/куб, хэрэглээний мод 1420 м3 байгаа нь мод бэлтгэх хуваариа хэтрүүлснийг гэрчилсэн байна. Арга хэмжээний үеэр  бичиг баримтыг нь шалгахад, их хэмжээний гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот руу хэрэглээний мод тээвэрлэсэн нь тогтоогдов. Түүгээр ч зогсохгүй Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ЭБНЗ”  компани нь зөвшөөрөлгүй газраас, хууль бусаар ногоон мод бэлтгэж байсан аж.  Эх сурвалжийн мэдээллээр эдгээр компаниуд нь “Ойн тухай хууль”-ийн 35.4 заалтийг бүхэлд зөрчжээ. Мөн Ерөө сум нутагт хамаарах Цонхлонгийн даваанд 100 орчим ногоон нарс мод, Хүдэр сум нутагт хамаарах “16”-ын даваанд их хэмжээний ногоон нарс мод хууль бусаар бэлдсэн байсныг эзэн холбогдогчийг тогтоохоор орон нутгийн Цагдаагийн газрынхан  шалгаж эхэлсэн байна.

Түүнчлэн аж ахуйн хашаанаасаа бичиг баримтгүйгээр мод тээвэрлүүлсэн Түнхэл тосгоны “Хангайн бүргэд” компани, түлээний модны стандарт биелүүлээгүй тээвэрлэсэн таван  хүнд торгуулийн арга хэмжээ, таван хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж холбогдох Цагдаагийн байгууллага, Баягаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгөв. Энэ удаагийн “Хяналт”-ын явцад Баянхонгор аймагт нийт 53 тээврийн хэрэгсэл шалгаснаас 60 м3 мод, Булган аймагт нийт 69 тээврийн хэрэгсэл шалгаснаас 18 м3, Орхон аймагт нийт 68 тээврийн хэрэгсэл шалгаснаас түлээний мод хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн болохыг тогтоов. Мөн Сэлэнгэ аймагт нийт 75 тээврийн хэрэгсэл шалгаснаас 16 ширхэг нойтон мод, 4 м3 мод, Төв аймагт  нийт 141 тээврийн хэрэгсэл шалгаснаас 6 м3, 60 ширхэг зээр зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, Хэнтий аймагт 36 тээврийн хэрэгсэл шалгаснаас 15м3 мод, Хөвсгөл аймагт 34 тээврийн хэрэгсэл шалгаснаас 16 м3 мод хууль бусаар бэлтгэсэнийг хурааж, тээвэрлэсэн найман  автомашиныг илрүүлсэн аж. Энэ мэт зөрчил орон нутаг илэрчээ.

  Харин нийслэл хотын хэмжээнд “Хяналт” нэгдсэн арга хэмжээний үеэр нэлээдгүй хэрэг илрүүлэх сэжмийг олсон байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн  нутаг Улиастай, Гачууртын амны уулзварт эргүүл гаргуулж ажиллуулснаар зүүн чиглэлийн авто замын сүлжээгээр шалган бүртгэх товчоодод бүртгүүлэхгүйгээр нэвтрэх боломжтой авто замуудад хяналт тавьж ажилласан албан хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд 105 тээврийн хэрэгсэл шалгаснаас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэн тээвэрлэсэн таван тээврийн хэрэгсэл,  айлууд хууль бусаар их хэмжээгээр 385 ширхэг мод бэлтгэн хашаа, малын хашаа, саравч, амбаар зэргийг барьсан зөрчлүүдийг баримтжуулан авчээ. Мөн Тахилт, Шижирийн даваа орчмын чиглэлд гарч ажилласан албан хаагчдаас үүрэг гүйцэтгэх хугацаанд нийт 210 тээврийн хэрэгсэл шалгаснаас 600 шуудай, 2.5 м3 мод тээвэрлэж явсныг илрүүлэн  торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг 61-ийн гармын орчмын постын чиглэлд 325 тээврийн хэрэгсэл шалгаснаас хууль бусаар 50 м3 мод, 1470 шуудай мод, 190 ширхэг плак, 10 боодол брус мод, илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй харин ч “нууц” хэлбэрээр цэцэглэж байгаад мэргэжлийнхэн цэг тавих гэж тэмцэл өрнүүлсэн. Уг ажлын хүрээнд хулгайн модтой тэмцэхэд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээс мэдээллийг Засгийн газрын 11-11 төвийн 1111 утас болон Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн 51-266315, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн 51-264957 утсаар тогтмол мэдээлэл авч хяналт, шалгалт явуулж буй аж.

 Б.ЧАНЦАЛ

Эх сурвалж: "Нийгмийн толь"