sonin.mn

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудал зөвхөн Ардчилсан Нам төдийгүй улс төрийн орчинд ид яригдаж байна.

Тэгвэл өчигдөр АН-ын Хяналтын Ерөнхий Хороо хуралдаж, тус намын Улс төрийн зөвлөл байгуулах тогтоолын төслийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ын УТЗ-ын гишүүд төдийгүй уг зөвлөлөөс гаргасан бүхий л шийдвэр хүчингүй болж байна. АН-ын Хяналтын Ерөнхий Хорооны олонхи гишүүдийн хувьд С.Баярцогтыг л хорлох зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэх.


Учир нь С.Баярцогтыг АН-ын Улс Төрийн зөвлөл ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.


Зөвхөн С.Баярцогтыг чадахын тулд, ЕНБДарга болгохгүйн тулд бүхэл бүтэн намынхаа Улс Төрийн зөвлөлийг хүчингүй болгож буйгаас харахад нэгдүгээрт, АН-ын Хяналтын Ерөнхий Хороонд нэг фракци хэт олонхи болсон байна. Хоёрдугаарт, АН-ын Хяналтын Ерөнхий Хорооныхон фракцийнхаа эрх ашгийн төлөө намаа тараахаас ч буцахгүй нь бололтой.

АН-ын ХЕХ-нд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг,Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн, Зам тээврийн яамны дэд сайд асан С.Од-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Дорноговийн Засаг дарга асан, уяач П.Ганхуяг болон АН-ын ҮБХ-ы гишүүн Т.Батчулуун, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нар багтдаг юм. Хяналтын Ерөнхий Хорооны дарга нь саяхан эрүүгийн хэргээр хорих ял эдэлж эхэлсэн З.Энхболд билээ.


Э.Солонго