sonin.mn

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: " Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрөө зарлах эрхтэй болсон. Гэтэл улс төрийн намын дарга өөрийн багийг бүрдүүлж, чөлөөтэй зарлаж чаддаггүй байдал үүсээд байна. Учир нь намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудыг нууц санал хураалтаар сонгох зохицуулалт үйлчилж байгаа.Жишээлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг намын дарга өөрөө зарладаг байх, мөн УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн даргыг намын дарга нь тодорхойлдог байх нь илүү оновчтой гэж үзэж байна. Ингэж чадвал хууль, дүрмийн зөрчил нам дотор орж ирж, хуваагдал үүсгэх эрсдэл багасна.


Өмнө нь манай нам хоёр хуваагдаж, тамга тэмдэггүй, нэгдмэл бус байдалд хүрч байсан туршлага бий. Тэр үед талууд бие биеэ ил тод үгүйсгэж, шүүмжилдэг байсан. Ийм нөхцөлд намыг нэгтгэхийн тулд Их хурлын нэр дэвшүүлэлтийг талуудад хуваарилан, аль аль талын зарчмыг харгалзах шийдэл гаргаж байсан нь үнэндээ арга буюу, ялалтын төлөө хийсэн алхам байсан.


Гэвч бодит байдал дээр институцийн хувьд урагшлах боломжийг хууль, дүрмийн зохицуулалт хязгаарлаж байна. Тиймээс намын даргыг нууц санал хураалтаар сонгодог хэвээр байж болно, харин бусад томилгоог намын дарга өөрөө хийдэг байх нь зүйтэй. Мэдээж намын дарга ялалт байгуулахын тулд бүх талын оролцоог хангаж, тэнцвэрийг барих чадвартай байх ёстой. Ийм бодлого, шийдвэр гаргах чадвартай хүнийг л намын гишүүд сонгож гаргадаг.


Миний хувьд О.Цогтгэрэл даргыг намын даргаар дэмжиж ирсэн. Учир нь тэрээр нам доторх их хуваагдлыг нэгтгэхийн төлөө ажиллаж, лидерийн хувьд тодорхой үүрэг гүйцэтгэж чадсан гэж үздэг.


Мөн намыг хэрхэн оролцоотой, хамтын удирдлагын зарчимтай байлгах тал дээр анхаарч ажиллаж байгаа нь харагддаг.Сая улс төрийн зөвлөлийг сонгон байгуулсан байдлыг ажиглахад төлөөллийн зарчим харьцангуй хангагдсан гэж харж байна. Харин дахин нэр дэвшүүлэх асуудал яригдах үед бүлгийн түвшинд хоёр нэр дэвшигч гарч ирэх нөхцөл үүссэн учраас манай бүлгийн гишүүд уг асуудлыг түр хойшлуулсан болов уу гэж ойлгож байна.Ер нь намын дарга бүх талыг нэгтгэж, нэг нэр дэвшигч дээр санал нэгдүүлэх, өнөөгийн нөхцөлд сөрөг хүчний үүргийг бодитой гүйцэтгэх чадвартай байх шаардлагатай. Тиймээс ухарч няцдаггүй, шийдвэр гаргах чадвартай, ялангуяа улс төрийн намын тухай болон Ерөнхийлөгчийн тухай хуультай холбоотой асуудлууд дээр тодорхой шийдэл гаргаж чаддаг хүн байх нь чухал гэж үзэж байна. " гэлээ.


Б.Төгсбаясгалан