sonin.mn

КИЕВ, 2026 оны тавдугаар сарын 5 /DW/. ОХУ-ын тал тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд гал зогсоохоо дангаараа зарласны хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 6-нд шилжих шөнө "гал зогсоох дэглэм" зарлаж байгаагаа мэдэгджээ. "Хүний амь нас аливаа түүхэн ойг "тэмдэглэхтэй" харьцуулшгүй илүү үнэ цэнтэй гэж бид үзэж байна" хэмээн тэрбээр даваа гарагт Telegram сувагт бичжээ.


Тэрбээр мөн "Оросын эрх баригчид одоог хүртэл гал зогсоох нөхцөлийн талаар Украинд албан ёсоор мэдэгдээгүй, зөвхөн олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн" гэлээ. Украины Ерөнхийлөгчийн хэлснээр, Киев адил хариу арга хэмжээ авч байгаа бөгөөд Москвад "гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэх" хугацаа байна гэв.


"Хэрэв Оросын Батлан хамгаалах яам Украин талын сайн санааны үйлдэлгүйгээр Москвад парад хийж чадахгүй гэж үзэж байгаа бол Оросын удирдагчдын хувьд дайныг зогсоох бодит алхам хийх цаг нь болсон" гэж В.Зеленский дурджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украинд тавдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд гал зогсоож байгаагаа мөн өдөр мэдэгдсэн байна. Тус яамнаас мэдээлэхдээ, эдгээр арга хэмжээг "Зөвлөлтийн ард түмэн Аугаа Эх орны дайнд ялсны баярыг тэмдэглэхтэй" холбогдуулан хэрэгжүүлж байгаа гэжээ.


Үүний зэрэгцээ Украины тал мөн Оросын нутаг дэвсгэр лүү дайралт хийхээс татгалзана гэж найдаж байгааг дурдсан байна. Гал зогсоох дэглэмийг нь зөрчсөн тохиолдолд Киевийн төв хэсэгт цохилт өгнө гэж Оросын БХЯ мэдэгджээ.


Оросын тал түр гал зогсоох санал гаргасан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын удирдагч Дональд Трамп нар дөрөвдүгээр сарын сүүлчээр утсаар ярьсны дараа мэдээлсэн юм. Оросын удирдагч "Ялалтын баярыг тэмдэглэх хугацаанд эвлэрэл зарлахад бэлэн байгаагаа Америкийн талд мэдэгдсэн" бөгөөд "Трамп энэхүү санаачилгыг дэмжсэн" гэж тэрбээр хэлсэн байна. Д.Трамп мөн өдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа, "түр гал зогсоох" дэглэм тогтоох саналыг В.Путинд өөрөө түүнд тавьсан гэж мэдэгджээ.


"Тэр үүнийг хийж чадна. Магадгүй энэ талаар ямар нэгэн зүйл зарлах байх. Би түүнээс ядаж багахан хугацаанд гал зогсоохыг хүссэн. Тэнд маш олон хүний амь үрэгдэж байна, энэ бол үнэхээр утгагүй хэрэг!" хэмээн тэрбээр онцолсон байна.


В.Зеленский Оросын талын гаргасан түр гал зогсоох саналын нөхцөлийг тодруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын багтай холбоо тогтоохыг Украины төлөөлөгчдөд үүрэг болгожээ. "Бид Москвад болох парадад зориулсан хэдхэн цагийн аюулгүй байдал" биш, харин "ард иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах, бат бөх энх тайвныг тогтоохын тулд" гал зогсоох урт хугацааны тохиролцоог сонирхож байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ, Украины нисгэгчгүй нисэх аппаратын довтолгоо ширүүсэж байгаатай холбоотойгоор Москвад тавдугаар сарын 9-нд болох уламжлалт парадад цэргийн техникийг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Түүнчлэн, ойрын өдрүүдэд харилцаа холбооны сүлжээ, интернэтийн үйлчилгээг хязгаарлаж болзошгүйг Москвагийн оршин суугчдад анхааруулсан байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг