Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10, 11, 12, 13, 14, 15 насныхны улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубын нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймаг тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн баг удаалав.
Нэрэмжит барилдааны эзэн дархан аварга Д.Цэрэнтогтох нь 1972 оны Улсын баяр наадмаар зургаа давж улсын начин, 1977 онд улсын заан, 1978 онд улсын арслан, 1979 онд улсын аварга (үзүүрлэсэн), 1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга (үзүүрлэсэн) цол хүртсэн ба 1983, 1984 оны наадмуудад түрүүлж, тавантаа үзүүрлэсэн энгүй хүчтэн байлаа.
Д.Цэрэнтогтох аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлж, “Тегран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели-1982” наадмаас мөнгөн медаль хүртсэн нэрт бөх юм.
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит барилдааны нас насны түрүү бөхчүүд:
✅ 10 насны ангилалд Баянгол дүүргийн бөх М.Онон
✅ 11 насны ангилалд “Ирээдүйн аварга” клубын А.Билгүүнтамир
✅ 12 насны ангилалд Булган аймгийн М.Энхманлай
✅ 13 насны ангилалд Өвөрхангай аймгийн Н.Түвшинсайхан
✅ 14 насны ангилалд Увс аймгийн Г.Баттогтох
✅ 15 насны ангилалд Сэлэнгэ аймгийн бөх Н.Эрхэмбаяр нар түрүүлж, хурдан удмын даагa гардан авлаа.
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0