sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 5 /Reuters/. Өчигдөр АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойгоор дамжих усан замын тээврийг нээх зорилгоор Ираны зургаан завь, далавчит пуужин болон дронуудыг устгасан тухай мэдээллээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп стратегийн чухал ач холбогдол бүхий уг хоолойг Ираны хяналтаас гаргах зорилгоор "Эрх чөлөө" (Project Freedom) ажиллагааг даваа гарагт эхлүүлсэн юм.


"Исламын хувьсгалт гвардийн корпус манай хамгаалалтад байгаа хөлөг онгоцнууд руу хэд хэдэн далавчит пуужин харваж, дронуудаар довтолж, бага оврын завинуудыг илгээсэн. Бид хамгаалалтын зэвсэглэлийг оновчтой ашиглан эдгээр аюул заналыг няцааж чадлаа" гэж адмирал Брэд Купер мэдэгджээ.


Тэрбээр мөн ажиллагаа эхэлж буй үед Америкийн цэргийн техник хэрэгслээс хол байхыг  Ираны зэвсэгт хүчинд "хатуу анхааруулсан" байна.


Түүнчлэн ажиллагаанд оролцож буй АНУ-ын командлагчдад анги нэгтгэл болон арилжааны хөлөг онгоцнуудыг хамгаалахад шаардлагатай бүх эрх мэдлийг олгосон гэдгийг дурдсан байна. Даваа гарагт Ормузын хоолойд Өмнөд Солонгосын хөлөг онгоц дэлбэрэлтэд өртсөн байна.


Мөн өдөр АНУ өөрийн улсын далбаатай арилжааны хоёр хөлөг онгоцыг тус хоолойгоор аюулгүй нэвтрүүлснээр усан замын аюулгүй болохыг баталгаажуулжээ.


Энэхүү ажиллагаа нь Ормузын хоолойд Ираны талын тогтоосон бүслэлтийг зогсоож, олон улсын эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлтэд учирч буй саад тотгорыг арилгах зорилгоор Д.Трампын хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн арга хэмжээ юм.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг