sonin.mn
Манай сонин Олимпийн торгон дэвжээнээс медаль хүртсэн тамирчидтай хийсэн халуун дулаан, дурсамж дүүрэн ярилц­лагыг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн “Олимпийн медальтнууд” буландаа “Москва-1980” зуны Олимпийн XXII их наадмын жүдо бөхийн төрлийн 71 кг жинд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэл­хийн аварга, МУГТ Р.Даваадалайтай дөрвөн жилийн өмнө хийсэн дурсамж ярилцлагыг хүргэж байна
 
-Таныг нэг биш удаа “Олимпийн медаль тамир­чин бүрийн мөрөөдөл бо­ловч хүссэн бүхэн аваад бай­даггүй ховор аз” гэж ярьж байхыг сонссон юм байна. Харин тэр ховорхон аз нь танд тохиожээ?
 
-Тийм ээ, би их азтай хүн. Жүдо бөхийн төрлөөр Олимпийн анхны медалийг эх орондоо авч ирсэн. Үндсэндээ Олимпийн агуу дэвжээнээс медаль хүртэнэ гэдэг барагтай аавын хүүд заяадаггүй хувь заяа.
 
-Тэр ч тийм шүү. Үнэхээр азтай юм?
 
-Харин тэр хувь тохиол нь надад оногдсон. Олимпоос медаль хүртэж араасаа хэдэн сайхан дүү дагуулсан даа.
 
-Тэр сайхан дүү нарын тань дунд Олимпийн аварга хүртэл байгаа шүү дээ?
 
-Би боддог л доо. Манайханд наймын тоо их ээлтэй гэж. Яагаад гэхээр 1968 онд манай тамирчид анх удаа Олимпийн дэвжээнээс медаль хүртсэн. Дараа нь 1980 оны Москвагийн Олимпоос жүдо бөхийн анхны медалийг авч байсан. Тэгээд 2008 онд Олимпийн аваргатай боллоо. Энэ бүгдээс харахад наймын тоо бидэнд ээлтэй юм шиг санагдаад байгаа юм.
 
-Олимпийн аваргатай бол­­лоо гэснээс Хөдөл­мөрийн баатар, МУГТ Н.Түв­шинбаярыг 2008 оны Бээжингийн Олимпод орол­цохоор явахад нь таныг нэг зүйл захиж хэлж байсан гэж дуулсан юм байна?
 
-Тийм ээ.
 
-Яг юу гэж хэлсэн юм бэ? 
 
-“За, миний хүү өрсөл­дөгчөө басч болохгүй, ялна гэсэн зорилготой, зориг­той байх хэрэгтэй. Чамд Олимпийн аварга болох найдвар байгаа. Заавал Олимпийн аварга болдог юм шүү” гэж л хэлсэн.
 
-Таны захиж хэлснээр Олим­пийн аварга болчихоод ирсэн. Үнэхээр Олимпийн аварга болохыг нь та мэдэж байсан юм уу?
 
-Энэ үгийг хэлэхдээ адил­хан тамирчин, бөх хүний хувьд л хэлсэн. Түүнээс биш урь­таж мэдээд хэлсэн юм биш л дээ. Миний хэлсэн үгийг Н.Түвшинбаяр маань өөрийнхөө хэмжээнд хүлээж авсан байх гэж боддог.
 
-Таныг 1980 оны Моск­вагийн зуны Олимпийн XXII их наадмаас хүрэл медаль хүртээд ирэхэд төр засаг дурамж­хан хүлээж авсан гэж ярьдаг юм билээ?
 
-За яах вэ дээ. Тухайн үед намайг дурамжхан л хүлээж авч байсан.
 
-Бас таныг Олимпийн ме­даль авч ирснийхээ гавьяанд төр засгаас 700 төгрөг л авсан гэдэг. Одооныхоор бол хэдэн төгрөг гэсэн үг вэ?
 
-Тийм, одоогоор бол долоон сая төгрөг л юм уу даа.
 
-Тийм үү, тэр үед Олим­поос медаль хүртсэн тамирч­дад төрөөс доод тал нь 3000 төгрөг өгч байсан гэдэг биш бил үү. Яагаад танд тийм бага мөнгө өгсөн юм бэ?
 
-Надад тэр үед төр засгаас 700 төгрөгөөс өөр юу ч өгөөгүй. Хүний урманд ганц баярын бичиг ч олгоогүй. Олимпод өмссөн хувцас, хоол унд зардал, татвар энэ тэрийг суутгаад гар дээрээ цэвэр долоон зуун төгрөг л авч байсан. Муугаар хэлэхэд Олимпоос медаль авч ирснийхээ хариуд сарынхаа цалинг л авсан. Гэвч би төр засагт нэг их гомдоод байдаггүй. Бусдыгаа бодвол би сэтгэлийн хат, тэвчээртэй хүн шиг байгаа юм.
 
-Бусдыгаа бодвол гэдэг чинь Олимпийн медальтан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нарын тамирчдыг хэлж байна уу?
 
-Тийм ээ, манай Ц.Дамдиншарав, Т.Артаг нарт гавьяатыг их хожуу өгсөн. Ц.Дамдиншаравт гурван жилийн дараа 1971 онд, Т.Артагт 22 жилийн дараа өгсөн. Энэ бол байж болохгүй зүйл.
 
-Та ч гэсэн гавьяатыг их хожуу авсан шүү дээ?
 
-Тийм, би 10 жилийн дараа авсан.
 
-Гавьяат авч, өгч болох­гүй ямар нэгэн шалтаг, шалт­гаан байсан юм биш биз дээ?
 
-Юу л байв гэж. Одоо би 60 гарч явна. Энэ насандаа нэг ч удаа гэмт хэрэг, ёс бус зүйл хийж байгаагүйг эргэн тойрныхон маань мэднэ. Тэр ч бүү хэл эрүүлжүүлэхэд нэг ч удаа орж байгаагүй хүн.
 
-Тэр олон жилийн дараа МУГТ цолыг тэгээд та яг яаж авсан юм бэ?
 
-Жинхэнэ ард түмний шаардлагаар л авсан. Би өөрийгөө ардчиллын алтан хараацай гэж боддог. Ардчиллын анхны гавьяатыг төр засаг надад өгсөн. Тэр утгаараа би өөрийгөө ардчиллын алтан хараацай гэж нэрлэдэг.
 
-Харин одоо төр засаг өөр болсон шүү дээ. Олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчид эх орондоо ирээгүй байхад нь гавьяа шагнал өгөх тухай зарлиг нь хүртэл гарчихдаг болж?
 
-Тийм ээ, энэ бол тамирчин хүний хөдөлмөрийг жинхэнэ ёсоор нь үнэлж байгаа явдал юм. Тэгэх л ёстой. Харин бид чинь хэлмэгдүүлэлтийн үеийн тамирчид шүү дээ. Чи бод л доо. Тэр үеийн тамир­чид эхнээсээ өнхрөөд өглөө. Одоо хамгийн ахмад нь Мөөеө аварга байна, 70 гараад явчихлаа. Баянаа аварга 70 насыг шүргэж явна. Харин Ц.Дамдиншарав, Д.Сэрээтэр, З.Ойдов мань мэтийн тамирчид 60 гарч явна. Эх орныхоо төлөө зэвсэггүй тулалдаж явсан, Монгол гэдэг нэрийг дэлхийд цуурайтуулж ирсэн бид гарын арван хуруунд хүрэхгүй л үлдээд байна.
 
-Тэгээд Олимпийн том дэвжээнд эх орныхоо төлөө зэвсэггүй тулалдаж явсан та нарыг өнөөдөр төр засаг хэр анхаарч, харж үзэж байх юм?
 
-Үнэнийг хэлэхэд харж үзээд, гийгүүлээд байх юм байхгүй. Заримдаа ч юм юм л бодогддог. “Нарангийн энгэрт л алгын чинээ газар өгч биднийг харж үзэх юм шиг байна” гэж.
 
-Тийм юм гэж хаана байх вэ дээ?
 
-Бодит байдал ийм л байна шүү дээ. Өнөөдөр 60 гарчихсан эр хүн тэтгэвэр авах ёстой. Би л гэхэд улсаас сард 140 мянган төгрөг авдаг. Түлээ, модоо ав гэдэг юм уу, яадаг ч юм ийм л мөнгө өгдөг. Гэхдээ яах вэ, амьдрал болж байна. Хэдэн хүүхдийнхээ ачаар нэг их доошоо орохгүй, дээшээ гарахгүй дундаж амьдарч байна.
 
-Таныг гэр хороололд амьдардаг гэж сонссон. Одоо үр хүүхдүүд тань том болцгоочихсон биз дээ?
 
-Тийм ээ, гэр хороололд амьдардаг. Би дөрвөн хүү, хоёр охинтой. Өнөр өтгөн айл л даа. Ер нь цаашид Олимпийн медальтай тамирчдаа яах вэ гэдгээ төр засаг бодох л хэрэгтэй. Ерөнхий сайд спортын хүн. Манай хэд бүгд танина. Одоо биднийг уулзана гэхээр яах юм бол доо.
 
Ерөнхий сайд 60 наснаас дээш гарчихсан бидэнтэй яаралтай уулзах хэрэгтэй л гэж бодож байна. Яс ярих юм бол арван хуруунд хүрэхгүй бидэнд олон өрөө байр өгөхөө байг гэхэд сард ганц сая төгрөг өгөөд байхад бид болоод л явчихна. Тэгж харж үзэх эрх нь Ерөнхий сайдад бий шүү дээ. Ганц надад биш хойшид төрөн гарах Олимпийн аваргуудад хэрэгтэй.
 
-Нэг л сайн ойлгосонгүй. Хойшид төрөн гарах Олим­пийн аваргуудад хэрэгтэй гэд­гээ жаахан тодруулахгүй юу?
 
-Чи бод доо. Олимпоос медаль авсан тамирчин сай­хан амьдарч байвал одоо­гийн залуу тамирчдад Олим­пийн аварга болоод бидэн шиг сайхан амьдрах хүсэл, зориг төрнө биз дээ.
 
-Тэгэхээр манай улс цаашид Олимпод амжилттай орол­цож, медаль хүртье гэвэл юуны түрүүнд төр зас­гаас шалтгаална гэж ойл­гож болох юм байна. Тийм үү?
 
-Яг тийм.
 
-Ярилцсанд баярлалаа. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"