sonin.mn

БАКУ, 2025 оны гуравдугаар сарын 14 /Kazinform/. Зөвшилцөж чадаагүй байсан гэрээний хоёр заалтыг Арменийн тал хүлээн зөвшөөрснөөр Азербайжан-Арменийн хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээний үйл явц дуусжээ. Энэ тухай Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов мэдэгдээд “одоо Армени улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг бид хүлээж байна” гэлээ.  




Тодруулбал, Азербайжаны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хөндсөн шаардлагуудыг Арменийн Үндсэн хууль ба бусад хууль эрхзүйн актуудаас хасахын тулд Арменийн тал Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтүүд оруулахыг Азербайжаны тал хүлээж байна гэдгийг сайд дурдав.  




Мөн Арменийн ГХЯ-ны мэдэгдсэнээр, талуудын хэлэлцээ дуусаж, энхийн гэрээний төслөөр зөвшилцөлд хүрч чадсан байна. “Энхийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн боллоо, гэрээнд хэзээ, хаана гарын үсэг зурах талаар Азербайжаны талтай зөвшилцөхөд бэлэн байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Энхийн гэрээний төслийн 17 заалтаас 15-ыг нь хоёр тал зөвшилцөөд байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм. Үлдсэн хоёр нь талууд олон улсын шүүхийн байгууллагад гомдол гаргахаас түдгэлзэх, мөн хилийн бүсэд гуравдагч улсын цэргийн хүчийг байрлуулахгүй гэсэн заалтууд юм. 


Б.Адъяахүү