
ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 14 /BBC/. Испаниас 1.1–1.4 сая жилийн настай, хүний нүүрний чулуужсан яснуудыг эрдэмтэд олж илрүүлсэн бөгөөд өмнө нь мэдэгдээгүй эртний хүний төрлийнх байж магадгүй гэж үзэж байна.
Испанийн Бургос хотоос холгүй орших Сима-дель-Элефанте хэмээх агуйгаас олдсон яснууд нь хацрын яс, хамрын хэсэг зэрэг насанд хүрсэн хүний нүүрний дунд хэсгийн зүүн талын 80 орчим хувийнх нь үлдэгдлүүд ажээ.
Энэ нь өнөөг хүртэл Европоос олж илрүүлж байсан үлдэгдлүүдээс хамгийн эртний хүний үлдэгдлүүдийн нэг юм. Судлаачид ясны эзнийг (хэдийгээр түүний хүйсийг тодорхойлж чадаагүй боловч) "Pink Floyd" хамтлагийн нэрээр “Pink” хэмээн нэрлэжээ. “Pink”-ийн нүүрний яс нь Баруун Европт 850 000 орчим жилийн өмнө амьдарч байсан “Homo antecessor”-уудынхаас болхидуу бүтэцтэй байв. “Homo antecessor”-уудын нүүрний дунд хэсэг нь орчин үеийн хүмүүсийнхтэй төстэй байжээ.
“Pink” -ийн нүүрний дунд хэсэг нь “Homo antecessor”-ынхтэй харьцуулахад харьцангуй том мантгар, зарим талаараа одоогоор Африкаас нүүдэллэн ирсэн хамгийн эртний хүний төрөлд тооцогдож буй "Homo erectus"-ийнхтэй төстэй, гэхдээ зарим талаараа ялгаатай байв.
Уг олдвор нь “Pink”-ийг эртний хүний шинэ төрөл зүйл гэсэн дүгнэлтийг хийхэд хангалтгүй байсан ч ийм дүгнэлтийг хийх боломжтой гэж судлаачид үзэж байна. Одоогоор олдвор нь "Homo erectus" -ын зарим талаар төстэй байгаа тул “Homo affinis erectus” гэсэн ангилалд оруулжээ. "Эдгээр олдвор нь Европ дахь хүний хувьслын судалгаанд шинэ чиглэлийг нээн өгч байна" гэж Каталоны хүний палеоэкологи, нийгмийн хувьслын хүрээлэнгийн археологич Роза Хугует хэллээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0