
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 14 /Kazinform/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо өөрийн гэсэн криптовалютын токен гаргах боломжтой гэж тус холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдсэн байна.
Криптовалютын асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын удирдлага дор Цагаан ордонд болсон өндөр түвшний уулзалтад оролцсон Ж.Инфантино дэлхий даяарх 5 тэрбум гаруй хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчиддээ зориулан цахим валют гаргахыг сонирхож байгаагаа илэрхийлээд, ФИФА-тай хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхний өмнө бидний хаалга нээлттэй байна гэжээ.
Токенийг хэзээ гаргах гэх мэт тодорхой мэдээллийг өгөөгүй боловч блокчейн технологи бол хөгжөөн дэмжигчидтэй хамтран ажиллах, орлого олох хэрэгсэл хэмээн ФИФА үзэж байгааг илтгэн харууллаа.
Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ФИФА-гийн тэргүүний дэвшүүлсэн санааг дэмжээд “эцсийн дүндээ энэхүү токен нь ФИФА-гаас өөрөөс нь ч илүү үнэ цэнтэй болж магадгүй, энэ бол маш их ирээдүйтэй цахим мөнгө” гэжээ.
Өндөр түвшний уулзалт дууссаны дараа ФИФА-тай ямар ч хамааралгүй “FIFA” гэдэг нэртэй албан ёсоор зарлагдаагүй криптовалютын ханш 357 000 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 8,2 сая долларт хүрсэн байна.
Инфантиногийн мэдэгдэл нь 2026 онд АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-ний бэлтгэхийн тулд ФИФА криптовалютыг сонирхож эхэлснийг харууллаа.
Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Д.Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлиг гаргасан билээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0