sonin.mn

ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 14 /DW/. Канадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд АНУ нэмэлт татвар ногдуулсантай холбогдуулан Канадын эрх баригчид Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гомдол гаргажээ. 


“Зарим төрлийн ган, хөнгөн цагааны бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татвартай холбоотойгоор АНУ-тай үүсгэсэн маргааны асуудлаар зөвлөлдөх хүсэлтийг Канад улс гаргалаа” гэж тус байгууллага пүрэв гарагт мэдээлсэн байна. 


Америкийн тал нэмэлт татвар ногдуулснаар ДХБ-ыг байгуулахаас өмнөх 1994 оны Татвар ба худалдааны асуудлаарх ерөнхий хэлэлцээрээр (GATT) хүлээсэн үүргээ зөрчиж байна гэж Канадын тал тайлбарлажээ. 


ДХБ-ын журмын дагуу, Канад, АНУ хоёр 60 хоногийн хугацаанд санал зөрөлдөөнтэй асуудлуудаа хэлэлцэж, цаашид шүүх ажиллагаа явуулахгүйгээр аль аль талдаа хохиролгүй шийдлийг олох ёстой бөгөөд шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд Канад улс маргааныг ДХБ-ын комиссоор шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй юм. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагааны татварыг гуравдугаар сарын 12-ноос 50 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Гадаад орнуудаас АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн гаалийн татвар ногдуулах зарлигийг тэрбээр хоёрдугаар сарын 10-нд гаргасан байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг